Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусав. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 40 мянган хүүхэд хамрагдах ёстой байснаас 37 мянга нь бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн мэдээлэл өглөө.
Бүртгүүлсэн хүүхдүүдийн хувьд одоо ЭЕШ-аа амжилттай өгөх л үлдээд байна. Тэд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.
Энэ онд төгссөн сурагчид төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг /хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх аж. ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-19-нд зохион байгуулах бөгөөд дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулах юм. Харин долдугаар сарын 5-наас өмнө заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж хуудсыг тараах гэнэ. Тодруулбал, энэ жилээс эхэлж батламж хуудсыг Монгол хэл, бичгийн шалгалтад бас өгдөг болж буй.
Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очих юм. Тухайн хүүхдийн батламж хуудас дээрх оноо 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг. Улаанбаатар хотод энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн сурагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах нь.
ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй аж.