Цэвдэг сэтгэлт хүчирхийлэгчдээс, цэцэг шиг охидоо “нууцгаая”

1462491753572bda69bfbb8

Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.

Сүүлийн үед айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд ихээр гарах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт байдаг сүмийн хашаанд наймхан настай гуравдугаар ангийн охиныг хөрш айлынхан 26 настай залуу хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан.

Энэ мэт хэргүүдийн гаралт урин дулааны улиралд нэмэгддэг нь нууц биш. Тодруулбал, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Мөн 14 насандаа аавынхаа хүүхдийг төрүүлсэн охин өнгөрсөн онд хуулийн байгууллагад хандсанаар хэрэг илэрсэн. Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.

Хамгийн эмгэнэлтэй нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид бөгөөд дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгчдийн 32 хувь нь тухайн хохирогчийн танил, ойр дотнынхон байх жишээтэй.

1462491751572bda67b50d5

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 25 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Ийм харамсалтай зүйлсийг амссан хүүхэдтэй ажиллахад амаргүй байдаг гэдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцлон сануулдаг. Өөрөөр хэлбэл, тэд амьдралын ямар ч идэвхгүй болдог гэсэн үг юм.

 Учир нь хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэр бүр ил харагдахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ аль болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдгийг бид бүхэн сонсож, дуулж байсан.

 Хүчирхийлэл нь хүн болон нийгэмд асар их аюул дагуулж байдаг гэдэг. Аюултай гэмт хэргийн гаралт нэмэгдэхийн хэрээр нийгмийн уур амьсгалд шууд утгаараа нөлөөлдөг нь гэдгийг судлаачид төдийгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж сануулсаар байна. Иймд нийгэмд үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийг өндөрсгөхийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд үүнийг дуу нэгтэйгээр хэлдэг, сануулдаг. Гэвч дорвитой ажил хийдэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэг өдөр ирэх тусам нэмэгдсээр, өөдөсхөн жаахан охид бусармаг үйлдлийн золиос болсоор байна.

Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

Эцэст нь, охид хүчирхийллийн бай биш, тэд бусдын адил хайрлаж, хайрлуулах эрхтэй. Тэд биедээ зөвшөөрөлгүй хүрэхийг хүсэхгүй гэдгийг анхааруулъя.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …