Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд батламж, байрны түлхүүрийг нь гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Ийнхүү 350 айлын төлөөлөл болсон 15 иргэнд байрны түлхүүр, батламж гардуулах ёслолын эхэнд Шуранхай хамтлагийн дуучин Г. Эрдэнчимэг уртын дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөлөө.
Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ орон сууцанд орж байгаа нийт иргэддээ аз жаргал, эрүүл энхийг хүслээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд төрөөс түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгож, 2013-2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шууд орон сууц худалдан авах боломжгүй, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, гэр хороололд аж төрж буй иргэдийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2015 оны 248 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэсэн юм. Ийнхүү Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, зах зээлээс шууд орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж бүрдээд байгаа цаашид ч энэ төслийг хэрэгжүүлэх боломж нөхцлийг бий болгох тухай албаныхан хэлж байсан юм. Шинэ байрныхаа түлхүүр гардаж авсан дээрх иргэдэд зориулан Морин хуурын аяз эгшиглэж, сайны билэгдэл болгон ерөөл хэлж уг арга хэмжээ өндөрлөсөн юм.