МУБИС-ийн оюутны байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ

МУБИС-ийн оюутны тавдугаар байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэрэг өнгөрсөн ням гарагийн өглөө /2016.05.15/ 09.00 цагийн орчимд гарсан бөгөөд Б гэх эмэгтэй оюутан бусдад хорлогдсон байдалтай амиа алджээ.

Ингээд бид эл хэргийн мөрөөр сурвалжиллаа.

1_1463561075

МУБИС-ийн төв байрны зэргэлдээх “Сонор” плаза төвийн чанх ард талд байрлах оюутны байрны гурван давхрын … тоотод энэ хэрэг гарчээ.  Энд тус сургуулийн 350 орчим оюутан амьдардаг аж.

Талийгаач Б МУБИС-ийн дизайны ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан байжээ. Тэрээр нас барахаасаа өмнө оюутны байр руу нөхөр Т-ийн хамт жижүүрээс зөвшөөрөл авч өрөөндөө орсон аж. Гэвч таван минут бололгүй гурван давхраас хамаг хувцас нь цус болж, хүзүүндээ хутгалуулсан байдалтай бууж ирсэн ч удалгүй газар дээрээ амьсгал хураажээ.

Энэ байдлыг харсан жижүүр, оюутнууд үймэлдэн нэн даруй дээш гартал өрөөнд нөхөр нь цусандаа будагдан хэвтэж байсан аж. Удалгүй МУБИС-ийн багш, удирдлагууд хэргийн газар ирж, цагдаа, түргэн тусламж дуудан, нөхөр болох Т-г эмнэлэгт хүргэжээ. Одоо түүний биеийн байдал нь тун хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

-Талийгаач хэдхэн хоногийн дараа дипломоо гардан авах байжээ-

1-2(5)

Золгүй байдлаар хорвоог орхисон Б хэдхэн хоногийн дараа дипломаа гардан авч, эцэг эхээ баярлуулах байжээ. Тэрээр Хэнтий аймгаас тус сургуульд ирж суралцсан бөгөөд амиа алдахын өмнө дизайны чиглэлээр олимпиадад оролцон, тэргүүн байр эзлээд байсан гэнэ.

Энэ талаар тус сургуулийн  Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор Л.Ганцэцэгээс тодруулахад “Талийгаачийн хувьд сурлагатай, сайн суралцагч байсан. Хэдхэн хоногийн дараа дипломаа гардаж авах байсан юм. Үнэхээр харамсалтай байна. Энэ хэрэг дээр бид цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Хэн нь хэнийгээ хутгалсан, чухам юу болсныг цагдаагийн байгууллага олж тогтоох байх. Манай сургуулийн зүгээс эцэг эх, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, оршуулгын зардалд дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр өглөө тэд нутаг буцсан байх. Бид талийгаачийн нөхөр гэх эрэгтэйг байр руу оруулсан жижүүрт хариуцлага тооцож, ажлаас нь халсан” гэх мэдээллийг өглөө.

-Ой найман сартай хүүхдээ эгчдээ захиж, зурвас илгээсэн гэв-

1-3(1)

Хэргийн талаар өөр нэг эх сурвалж ярихдаа “Нөхөр нь эхнэрээ хардан, хэрэлдэж байснаа хутгалсан гэж би сонссон. Эхнэр нь хутгалуулсныхаа дараа шат руу бууж ирээд жижүүрийн өмнө амьсгал хураасан гэж оюутнууд ярьж байна лээ. Бид байрандаа байхаас маш их айх болсон. Тухайн үед шүүх эмнэлгийнхэн иртэл цусыг арилгаж болохгүй гэсэн болохоор хэд хоног гурван давхрын коридор, шат маш их цусан толботой байсан. Зарим оюутан байрнаасаа гарч байгаа” гэв.

Талийгаач Б ой найман сартай хүүхэдтэй аж. Тэрээр амиа алдахаасаа өмнө эгч рүүгээ “Хүүхдийг маань сайн хүн болгож аваарай” хэмээн зурвас илгээсэн тухай эх сурвалж ярилаа.

Мөн түүний нөхөр хартай төдийгүй эл хэрэг гарахаас өмнө бүсгүйг хардаж, маргах болсныг Б ойрын хамаатандаа ярьж байсан гэх.

Харин энэ тухай Т эмнэлэг явах замдаа цагдаагийн алба хаагчид өгсөн тайлбартаа “Би түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж мэдүүлжээ.

-Хамтран амьдрагч Т-г сэжигтнээр тооцон шалгаж байна-

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах оюутны байранд хүн нас барлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр ажиллан, шуурхай арга хэмжээ авсан. Одоо энэ хэрэгт хохирогчийн хамтран амьдрагч Т гэх 27 настай эрэгтэйг сэжигтнээр тооцон шалгаж байна” гэлээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад, жил бүрийн хавар оюутнуудтай холбоотой хэрэг зөрчил ихэсдэг учир МУБИС-ийн захиргаа төгсөх ангийн оюутнуудыг хонхны баяр хийлгэхээс татгалзаж, хараа хяналтыг чангатгаж байгааюм байна.

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …