“Өр” гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр солилоо гээд Монголчуудын төлөх өр багасах уу…

zairantanНэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэж  та бид дунд сургуулийн   математик /зарим хүмүүст хэлэхэд энэ нь тооны хичээл шүү/-ийн хичээлд үздэг. Гэтэл үүнийг мэддэггүй, бас ойлгодоггүй хүн Монгол төрийн түшээгээр сонгогдоод  зогсохгүй, эдийн засгийн салбарын сайд хийж явсан бололтой байна.

Тэрбээр саяхан нэгэн хууль санаачилжээ. Эл хуулийн агуулга нь тэн энгийн. Монголын засгийн газраас өнгөрсөн 4 жилд Чингис, Самуурай бонд арилжаалан хөрөнгө босгож, томоохон хэмжээний ажлууд явуулсан. Товчхондоо бол төр гадаадын улс орнуудад бонд арилжаалж, хөрөнгө босгон зээл авч, өр тавьсан гэсэн  үг. Харин  2017 оноос эхлэн  түүнийгээ буцааж төлөх ёстой.  Гэтэл “бондын өр” гэдэг үг  нийгмийн сэтгэлзүйг бухимдууулан, сонгуулийн өмнө сонгогчидод буруу ташаа мэдээлэл болж очоод байгаа юм гэнэ. Иймээс УИХ-ын гишүүний зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд  “Өр” гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр солих хууль санаачлаад түүнийгээ өөрийн “багийн” гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж, УИХ-ын төсвийн байнгын хороогоор дэмжүүлэн УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр болсон юм байна.

Энэ хуулийг санааачилсан хүний тухайд ингэж ярьж хэлж байгаа нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь:  “… Хүн гарын 5 хуруутай, мөн дэлхийд 5 тив гэж байдаг биз дээ, тиймээс  УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгоё…” хэмээн ярьж байсан нэгэн.

Өөрийгөө тэнгэрийн элч, бөө зайран хэмээн гүн бат итгэсэн энэ мэт хүмүүс Мэдээллийн технологи, шинжлэх ухаан өндөр хөгжсөн 21-р зуунд ийм зүйл яриад сууж байгааг олж хараад энэ хүн эрүүл ухаантай хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрээд зогсохгүй,  ийм хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэхээр УИХ-ын гишүүнээр сонгосондоо та бидний нүүр улайж, нүд аргаж байна. Бас түүний ярьж байгаа ийм орон гаран зүйлийг дэмжээд явуулж байгаа “хамтрагчдыг” тэдний өмнөөс ичиж сууна.
Өр гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр сольсноор Монголчуудын төлөх “бондын өр” шийдэгддэгсэн бол хэдэн ч удаа нэр томъёог сольсон ч яах вэ?

Тэрбээр төсвийн байнгын хорооны хуралдааны дээр  “өр” гэдэг үгийг “өглөг” хэмээн өөрчлөх болсон тухайгаа тайлбарлах явцдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаар жишээ татаж хэлэхдээ: “Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг өөрийн оноосон нэр болох Алтантуяа хэмээх нэрээ 1981 онд Алтанхуяг  гэж болгоогүй байсан бол Ерөнхий сайд болохгүй байсан” хэмээн тэс хөндлөн зүйл ярив.

Харамсалтай нь  ийм үйлдэл нь ямар утгагүйн дээр ач холбогдолгүй хэрэг. Үүний оронд 2017 онд төлж эхлэх “бондын өр”-ний төлөх графикаа гаргах, өрөө төлөх эх үүсвэрийг одооноос  нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж, үүний тулд   хууль журмын төсөл боловсруулж  явбал дээрсэн.

Тун удахгүй төрийн “зайран” болсон энэ эрхэм  “төр гэдэг үг  түр гэж ойлгогдоод байгаа учраас улс орон хөгжихгүй, засаг төр тогштворгүй байх үндэс болоод байна, иймээс цаашид Монголын төр гэдгийг Монголын бүр гэж нэрлэж заншия” хэмээн хууль санаачлаад явж байж мэдэх л хүн дээ.

Эрүүл биш  сэтгэдэг эл хүмүүсийг дахиж сонгож, төрөөр тоглуулах “эрх” сонгогч та бидэнд байна уу гэдгийг сэхээрэх цаг болжээ.

Ц.Мөнх

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …