Парисаас Каир хүрэх замдаа сүйрсэн Египетийн “Airbus A320-232” онгоцны бүх зорчигч амиа алдсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Онгоцонд 12 орны 66 зорчигч зорчиж явжээ.
Сиси ийнхүү мэдэгдсэнийхээ дараа сүйрлийн гол гэрч болсон хар хайрцагнуудыг хурдан олохыг даалгасан байна. Газар дундын тэнгист хайгуул хийж буй Египет болон Грекийн аврагчид өчигдөр Карпатос арал орчмоос зарим зорчигчийн цогцос, онгоцны хэлтэрхий, аврах хантааз, хоол хүнс зэргийг олсон юм.
Онгоц осолдохоосоо хэдхэн минутын өмнө түгшүүрийн дохио илгээсэн талаар “Egypt Air” компани мэдээлсэн билээ. Уг мэдээллийг шалгасан шинжээчид “онгоцонд гал эсвэл хүчтэй дэлбэрэлт болсон” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Сиси “Онгоцонд террорист этгээд зорчиж явсан. Египетийн онгоц террористуудын дайралтад өртлөө” гэсэн аж. Одоогоор онгоцны сүйрэлтэй холбогдуулан ямар нэгэн бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна.
Эх сурвалж: shuud.mn