ОТТАВА. /KRTV/. Сэнт Мэри дэх Хилийн шалган нэвтрүүлэх төвийн нэгэн ажилтан “Chief Mountain” боомтын нэвтрэх хэсгийн ойролцоо 33 настай монгол залууг баривчилжээ.
Гааль болон Хил хамгаалах газраас өгсөн мэдээллийг үзвэл, тухайн ажилтан дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 17 дугаар хурдны зам дээр өмнө зүгийг чиглэн алхаж явсан нэгэн хүнтэй тааралдсан байна. Түүнийг зогсоон саатуулахад тэрбээр өнгөлөн далдлалтын хувцас өмсч, жуулчны том цүнх үүрсэн байжээ.
Хил, гаалийн ажилтан түүнээс хэд хэдэн асуулт асуусны эцэст тухайн хүн бусдад мэдэгдэхгүйн тулд Канад улсаас ой дундуур алхан АНУ руу хууль бусаар хил даван орж ирсэн болохыг тогтоожээ. “Энэ бол манай ажилтнууд хэр сонор сэрэмжтэй ажилладагийн нэг тод жишээ юм” гэж “Хавре” Хилийн хамгаалалтын тасгийн олон нийттэй харилцах албаны дарга Майкл Рэпполд хэллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “манай ажилтнууд үргэлж үүргээ сайн биелүүлж ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад ямагт бэлэн байдаг” гэжээ.Саатуулагдсан монгол залууд захиргааны арга хэмжээ авч АНУ-ын Цагаачлал, гаалийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны мэдэлд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ