Барак Обама Хирошимагийн Энх тайвны хүрээлэнд зочлон Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японы хоёр хотын нэгэнд нь очсон түүхэн дэх анхны Америк ерөнхийлөгч болов. Тэнд тэрбээр “цөмийн зэвсгээс ангижруулсан дэлхийг бүтээх” өөрийн эрмэлзлэлээ хэлжээ.
Хирошимад ирсний дараа тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт дурсгалын музейг нь үзэв. Хотын хүмүүсийн зовлонг үзүүлсэн уг музейгээс тэр ямар сэтгэгдэлтэй гарсан нь тодорхойгүй. Харин цэцэг өргөх үеэр бөмбөгдөлтөд нэрвэгдсэн “хибакушя” гэж нэрлэгддэг хүмүүс байсан байна.
“Үхэл өөрөө тэнгэрээс бууж ирсэн 71 жилийн өмнөх тэр өглөө дэлхий бүрэн өөрчлөгдсөн юм. Хирошима, Нагасакийг бөмбөгдсөн нь Дэлхийн хоёрдугаар дайны хатуу төгсгөл гэж Обама хэлснээс биш америкчуудын бөмбөгдөлтийн төлөө уучлалт гуйсангүй.
Цөмийн зэвсэггүй ертөнцийг байгуулна гэсэн Обамагийн эрмэлзлэлийг Японы ерөнхий сайд дэмжиж байв. Хирошимагийн Энх тайвны цэцэрлэгт очихдаа тэнд хүрэлцэн очсон хибакушя гэх хэдэн хөгшинтэй тааралдан ярилцах үеэр ахимаг насны япон хүний нүднээс нулимас урсаж байлаа.
Тэд бүгд л Америкийн ерөнхийлөгчтэй инээн харьцаж байсан нь Обамагийн айлчлал чухал, япончуудад өшөө хорсол байхгүйг үзүүлсэн юм. Обамагаас заавал ч үгүй уучлалт шаардах албагүйг хибакушя нар харууллаа. Цугларсан олон ийм эмгэнэл дахин бүү гараасай гэж хүсч байв. Энд уучлалт шаардагдах нь чухал биш ажээ.
politik.mn