Оросууд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсгийг бүтээж байна

Өнөөдөр, 2016 оны 5 дугаар сарын 30-нд Москва хотноо нээлтээ хийсэн олон улсын “АтомЭкспо-2016” форумд оролцож буй Бүх оросын холбооны цөмийн төв, бүх оросын физикийн туршилтын шинжлэх ухааны судалгааны институтын(Нижегород мужийн Саров хотод байрлах РФЯЦ-ВНИИЭФ. Р.Э) захирал Валентин Костюков нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг лазерийн “УФЛ-2М” байгууламжийг 2017 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ. 

Валентин Костюков хэлж буйгаар бол байгууламжийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа ба тэнд ашиглах шинэ технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүтээх ажил зэрэг явагдаж байгаа гэнэ. Энэ зорилгоор одоогийн оросуудын ашиглаж буй лазерийн системийн технологийн 95 хувийг шинэ байгууламжийг бүтээхэд ашиглаж байгаа бололтой байна. Шинэ төрлийн лазерийн байгууламжийг өндөр нягтралтай энергийн физик, мөн энергийн сектор дахь лазерийн халуун цөмийн урвалын суурь судалгааг явуулахад ашиглана.
“УФЛ-2М” лазерийн байгууламж нь лазерийн туяануудыг тодорхой цэгт төвлөрүүлж халуун цөмийн урвал үүсгэх зориулалтай ба ингэснээр тэнд плазм үүсэх процесс явагдана. Оросуудын бүтээж буй лазерийн байгууламж нь 192 лазерийн сувгаас бүрдэж байгаа бөгөөд энэхүү аппарат нь 2,8 мегажоуль энерги хэрэглэх гэнэ. Одоогоор франц улсад ашиглаж буй дэлхийн хамгийн том лазерийн байгууламж нь 0,8 мегажоуль энерги ашигладаг. Байгууламжийг агуулах барилга нь 360 метр урт, 10 давхар байшинтай тэнцүү буюу 30 метр өндөр байригдах юм.

Оросууд энэхүү лазерийн байгууламжийг хоёр давхар зорилгоор ашиглахаар төлөвлөж байна. Эхнийх нь уг байгууламж дотор нягт халуун плазм болон өндөр нягтралтай энергийн физикийн туршилтуудыг хийх замаар шинэ төрлийн халуун цөмийн зэвсэг гаргаж авах харин нөгөөх чиглэл нь энергийн судалгаа байх юм. Эрдэмтэд лазерийн халуун цөмийн урвал нь ирээдүйд эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр болж магадгүй гэж үзэж байгаа билээ.
Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын “АтомЭкспо” форумын гол зорилго нь ОХУ-ыг цөмийн энергийн чиглэлээр Латин америк, ази-номхон далайн бүс нутаг, африк, төв болон зүүн европын улс орнуудтай харилцан ажиллагааг хөгжүүлэх, тухайн улс орнуудын үндэсний эрчим хүчийг хөгжүүлэхэд зориулсан оросын хөтөлбөрийг санал болгох явдал байдаг юм. Энэхүү форум 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 1-ний хооронд “Гостиный двор” үзэсгэлэнгийн цогцолборт гурав хоног явагдана.
Р.Энхболд
Ugluu-logo-7

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …