Хог бүү хаяарай, хотоо хамт гоёцгооё

p1ak33t02gl7a124jvp11m4lpb71

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн уриалга

Юуны өмнө хүний амьдралын хамгийн гэгээтэй мөчүүдийн нэг болдог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Энхрий бяцхан үрсээ инээн баярлуулах Хүүхдийн эрхийн өдрөө энэ жил илүүтэй өргөн дэлгэр тэмдэглэцгээнэ. Хүүхдийн инээд хөөр эцэг, эхийн хайр халамжаар их хот дүүрэх сайхан.

Харин баяр ёслолоо хийхдээ хүн бүр, хүүхэд бүхэн хогоо ил задгай хаяхгүй, их хотын соёлтой оролцохыг уриалж байна.  Улаанбаатар жилдээ сая гаруй тонн хог “үйлдвэрлэдэг” их хот. Их хотын ажил их ээ. Та бидний шар хантаазтангууд гэж нэрлэдэг үйлчилгээний 775 хүн өглөөний ургах нарнаас эртлэн үдшийн бүрий тасартал Улаанбаатар хотоо цэвэрлэдэг. Өдөрт 321 машин хог тээвэрлэдэг, өчигдөр л гэхэд 2200 тонн хог хаягдал зөөвөрлөсөн дүн ширээн дээр минь байна. Гэгээн гэрэлтэй баярын дараа зам, талбай, өргөн чөлөө хог цаасандаа дарагдан хоцорч, хот тохижилтын ажилчид хөлсөө урсган тэр бүхнийг цэвэрлэхийг харах юу нь сайхан байх билээ. Их хотын иргэн болж өснө гэдэг хүссэн газраа хог хаяхгүй байж сурахаас, ногоон гэрэл хүлээж зогсохоос, бие биедээ зай тавьж өгөхөөс эхэлдэг шүү дээ. Эцэг эхчүүд маань ч гэсэн үр хүүхэддээ илүү сайхан хотод аж төрөг гэсэн чин хүслээрээ, хүний хөдөлмөрийг хүндэтгэн үлгэр дууриал үзүүлнэ хэмээн найдаж байна.

Та бид Нийслэл хэмээх нэгэн том өргөө гэрт, нэг л Улаанбаатартаа ажиллаж сурч,  илүү сайхан хотод аж төрөх хүсэл зорилгоороо нэгдмэл. Монголын минь үрс инээж байг. Сайхан баярлаарай.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …