Шведийн тавилгын аварга “IKEA” брэнд АНУ-д зургаан хүүхэд амиа алдсантай холбогдуулан тус улсаас 30 сая орчим шургуулгатай шүүгээгээ татахаар болсон билээ.

Мөн шургуулганаас гадна MALM брэндийн хувцасны шүүгээнүүдээ ч татахаар болжээ. Түүнчлэн тус компани эдгээрийг худалдаанаас гаргахаар шийдвэрлэж, сайтнаасаа мэдээллийг нь авч хаясан аж.

Бараг жил орчмын өмнөөс дэлгүүрийн удирдлагууд, АНУ-ын хэрэглэгчдийн аюулгүй байдлын нийгэмлэгийнхэн IKEA-гийн MALM загварын шургуулгатай шүүгээг худалдан авах бол хананд заавал тогтоож байж хэрэглэх ёстой хэмээн уриалж байжээ. Тухайн үед энэхүү шүүгээ нь хүүхдүүд дээр дарж унаж, хоёр ч хүүхдийн амь насыг хохироосон байжээ. Тиймээс америкчуудад шүүгээ худалдан авахад хананд бэхлэх зүйлсийг нь дагалдуулан өгч байв.

Гэвч IKEA-гийнхан жилийн дотор огт өөр арга хэмжээ авахаар шийдсэн байна. Алуурчин шүүгээ олноор зарагддаг Британи, Орост дээрх шийдвэрийг хэрэгжүүлэлгүй, зөвхөн АНУ-д л хэрэгжүүлж байгаад дургүйцлээ илэрхийлж буй хүмүүс олон байгаа аж.

Америкчууд л зааврыг дагадаггүй юу

     Энэхүү шүүгээг зөвхөн АНУ, Канадаас л татан авч байгаа аж. Харин IKEA-гийн тавилга худалдаалдаг үлдсэн 40 гаруй улсад ийм арга хэмжээ авахгүй байгаа гэнэ. Бусад оронд худалдаалдаг тавилга АНУ-ынхтай яг адилхан. Тиймээс адилхан аюулгүйн зайлшгүй шаардлага тавьж, шүүгээг хананд тогтоох тусгай хэрэгслийг ч дагалдуулах ёстой гэж хэрэглэгчид үзэж байна. IKEA тавилгын дэлгүүрийн Орос дахь салбарын зүгээс “Манай компани америк хэрэглэгчдийг яагаад заавраа дагадаггүйгээс болж таагүй үр дагавар амсдагийг илүү нарийн судлахаар АНУ-аас шүүгээнүүдээ татаж байна. АНУ-аас бусад Орос зэрэг бусад оронд ийм зүйл бүртгэгдээгүй” гэж мэдэгджээ.

АНУ-д өнгөрсөн онд тавилгаа хананд бэхлэхийн ач холбогдлыг сануулах томоохон аян өрнөсөн. Ингээд зөвхөн IKEA-гийн төдийгүй бусад үйлдвэрийн тавилгуудад ч тогтоогч тараасан билээ. Ер нь зөвхөн IKEA гэлтгүй бүхий л өндөр тавилгуудыг бэхлэхгүй бол унах аюултай гэдгийг IKEA-гийн төлөөлөгчид сануулсан байна.

Улс төрийн хоригдлуудыг мөлжсөн нь

     IKEA брэнд 1970-аад онд коммунист Зүүн Германд улс төрийн хоригдлуудаар хөдөлмөр хийлгэдэг байсан тухай баримтыг Германы хэвлэлүүд гаргаж ирснээс болж гэр бүлийн энэхүү компанийн нэр хүнд бага зэрэг унасан. “Ernst&Young” аудитын фирм энэ асуудлыг сөхсөн билээ. Аудитын фирмийн хэвлэсэн тайланд бичсэнээр IKEA-гийн нийлүүлэгчид хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байсан бөгөөд компанийн удирдлагууд тухайн үед тэрс үзэлтнүүд хэмээн тооцогдож байсан хоригдлуудаар тавилгаа хийлгүүлж байснаа мэддэг байсан гэнэ. Энэ явдлын дараа тус компани улс төрийн хоригдлууд аснаас уучлалт гуйжээ.

Нуугдаж тоглохтой тэмцсэн нь

     Жилийн өмнө хэдэн мянган хүн “Фэйсбүүк”-ээр тохиролцож, IKEA-гийн Эйндховен, Амстердам, Утрехт байдаг дэлгүүрүүдэд нуугдаж тоглохоор болжээ. Уг тоглоомд 60 мянга орчим хүн оролцохоор төлөвлөөд байсан бөгөөд тэдний олонх нь буюу 32 мянга нь Эйндховений дэлгүүрт очихоор тохирчээ. Энэ бол анх удаа зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа биш. Хүмүүс хөргөгч, зөөлөн тоглоом, түүнчлэн брэндийн цүнхэн дотор ч нуугдаж байсан юм. Зарим тоглогч тэр ч бүү хэл орны доорх хөндийд орж нуугдаж байжээ. Гэтэл IKEA-гийн дэлгүүрийн удирдлагуудад энэ санаа огт таалагдсангүй. Тиймээс аюулгүйн үүднээс үйл ажиллагааг хоригложээ.

Эх сурвалж: Zaluu.com