Баян-Өлгий аймагт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас өчигдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар хэвлэлийн бага хуралд оролцон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2016 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 16:50 цагаас /орон нутгийн цагаар/ хүчтэй аадар бороо, мөндөр 30 минут үргэлжлэн орсоны улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт нэрвэгдэж, 18:52 минутаас Онцгой байдлын газар, Өлгий сумын 42 хүн, зургаан автомашин, нэг ковштой үерийн голомтод ажиллаж эхэлжээ.
Тухайн үед нурсан байшинд нэг хүн дарагдсан, 18 байшин нурсан, 110 орон байр, эд хөрөнгө усанд автсан, голын усанд нэг хүн боогдсон, хоёр байрны дээврээс ус нэвтэрсэн мэдээлэл ирсэн байна.
Онцгой байдлын газраас оройн 22:00 цагт нурсан байшинд дарагдсан гурван хүнийг аварч, эмнэлэгт хүргүүлж, усанд боогдсон 154 хүнийг авран хамгаалан, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт гаргажээ. Үргэлжлүүлэн иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагаа явуулж байгаа аж. Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын есдүгээр дүгээр багийн иргэн Дүйсений гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсдсэнийг Цагдаагийн газар шалгаж байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, Өлгий сумын 6, 9 дүгээр багийн цахилгааныг түр таслан, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн аж.
Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч, туулах чадвар сайтай ЗИЛ-131 маркийн 2 автомашин, зам засварын “Жол” ХК-наас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байна.
2016 оны 07 дугаар сарын 11-ний ѳдѳр Ѳлгий сумын 9 дүгээр багт Онцгой байдлын газрын 3 бүлэг, Ѳлгий сумын мэргэжлийн ангиийн бие бүрэлдэхүүн далан босгож, үерийн усыг Ховд гол руу урсгах 1 км гаруй шуудуу ухаж, усанд автагдсан болон нурсан блокон байшинтай айлуудын эд зүйлсийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн.
2016 оны 07 дугаар сарын 14-ний ѳдѳр аймгийн Онцгой комисс дахин хуралдсан. Урьдчилсан байдлаар Ѳлгий сумын 160 гаруй ѳрхийн 640 хүн нэрвэгдэж, аймгийн Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Одоогоор үерт нэрвэгдсэн 104 өрхөд шинээр газар олгосон.
Эхний ээлжинд дээрх 640 хүнд хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгаа боловч нөхцөл байдал аймгийн онцгой комиссын хяналтад байгаа тул Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн туслалцаа дэмжлэг авахгүй гэв.
Эх сурвалж:ОБЕГ