Ш.Абэ: Монголын шинэ Засгийн газартай бид нягт хамтран ажиллана

abe mongold (3)Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрээр манай улсад байх хугацаандаа мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцох юм. Эрхэмсэг ноён Шинзо Абэ Монгол Улсад Ерөнхий сайдын хувиар гурав дахь удаагаа ирж байгаад манай ард түмэн, Засгийн газар маш их баяртай байгаа гэдгийг хэлье. Энэ удаагийн уулзалт бол бидний ес дэх удаагийн уулзалт болж байна.

Дөнгөж сая Шинзо Абэ Ерөнхий сайдтай өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахаар төлөвлөж байгаа. УИХ-ын бүрэлдэхүүн, Засгийн газар өөрчлөгдөж байгаа боловч Япон Улстай хийж, хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, ажил хэргийн яриа, гэрээ, хэлэлцээрүүдийг хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа цаашид тууштай үргэлжилнэ гэдгийг энд давтан хэлье.

Эрхэмсэг Ерөнхий сайдыг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Энэ удаа миний бие АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор гурав дахь удаагаа Монголд айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж намайг албан ёсны айлчлалын зочноор халуун дотноор хүлээн авч байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Юуны түрүүнд энэхүү завшааныг ашиглан өнгөрсөн 4 дүгээр сард Японы Күмамото мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн манай ард иргэдэд Монголын Засгийн газар болон ард түмэн эмгэнэл илэрхийлж, хандив илгээсэнд дахин гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ц.Элбэгдоржтой хийх уулзалт ес дэх удаагаа боллоо. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зориулагдсан олон арга хэмжээ, мөн бүс нутгийн болон олон улсын өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.

Саяхан Монгол Улсад улс төрийн өөрчлөлт орсон боловч улс төрийн байдлаас үл хамааран Япон-Монголын харилцаа хэвээр үргэлжилнэ. Монгол Улс нь манай бүс нутгийн чухал түнш бөгөөд бид энэхүү харилцаагаа чухал гэж үздэг хэвээр байгаа юм. Үүнийг сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтаараа бас нотоллоо. Монголын шинэ Засгийн газартай бид нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бэхжүүлэх болно.

Маргааш эхлэх АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт нь тус уулзалтыг даргалах Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ц.Элбэгдоржийн манлайллаар Ази болон Европт хөгжил цэцэглэлийг байгуулахад хувь нэмэр оруулахуйц чухал уулзалт болно гэдэгт бат итгэлтэй байна. Баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …