Генетикийн судалгаагаар авч үзвэл Москваг Монголчууд эзлээгүй гэж Оросын эрдэмтэд тогтоожээ. Үүнээс үндэслэн дэлхийн түүх зохиомол ч гэж үзэх үзэлтэнгүүд гарч ирж байгаа бололтой. Учир нь генетикийн хувьд Монголчуудын ул мөр европ дахинд удамшаагүй байгаа нь тэдний эргэлзээг төрүүлэхэд хүргэжээ. Өрнийн сэтгэлзүйгээр бол аливаа нэгэн үндэстэн тухайн орон нутгийг эзэлсэн л бол тэнд сууршиж, үр удмаа үлдээж тодорхойгүй хугацаагаар оршин тогтнодог, аян дайныг газар нутаг, эзэмшлээ тэлэхийн тулд хийдэг гэж сэтгэдэг юм билээ.Гэвч тэд нар Монгол хүний сэтгэхүйг анзаарах сөхөөгүй нь харамсалтай. Бидний өвөг дээдэс даян дэлхийг дайлахдаа эрх чөлөө, энх тайвны төлөө гэдгийг ойлгох тийм ойлголт тэдэнд байдаггүй бололтой.
Даян дэлхийн хүн төрөлхтөн дэлхийн тэнхлэгээ дагаж эргэсэн эргэлтийн дагуу соёлоо түгээж байна. Түгээсээр ч ирсэн. Энэ соёл дорноос манддаг нарны эрчимлэгээр тооцох юм бол утгагүй юм. Тэр дундаа газар ширтэж биш тэнгэр шүтэж амьдардаг Монголчуудын хувьд бүүр ч утгагүй юм. Амьтай бүхнийг гийгүүлэгч нар, амьдралыг тэтгэгч соёл хоёр нэгэн зүгт урсаж, дорнын соёл өрнөдөд л тусаж байх учиртайсан.
Монгол хүний сэтгэхүй тэнгэрийн нар шиг хөдөлгөөнгүй бат зогсож, дэлхий л бидний оюун санааны өмнө эргэлдэж байдгийг Монголоос өөр хүн ойлгоход тун бэрх. Монголчууд бид даян дэлхийг амаржуулах гэж аян дайнд мордсноос бус хэзээ ч… хэний ч… нутаг орныг булаан эзлэх гэж түрэмгийлээгүй юм. Түүнийг минь ч батлан Ромын пап лам 12-р зуунд “Исламчуудийн дарангуйллийг дорно зүгээс их баатар эр тодрон гарч номхотгоно” гэж зөгнөж байсан билээ. Учир иймдээ ч Монгол хүмүүн дэлхийн ямарч үндэстэнтэй цусаа хольж хутгаагүй юм. Үнэн гэдгийг нь ч өнөөгийн Москва дахь Орос эрдэмтэд дээрх баримтуудаараа нотлож байна.
ИХ ГАЗРЫН ЦЭЭЖИН ДЭХ АЗИЙН МОНГОЛ гэдэг зүгээр ч нэг мөр толгой холбосон найргийн мөр биш юм. Монголчууд гэдэг дэлхийтэй харьцдаггүй. Тэнгэртэй л харьцдаг өвөрмөц нэгэн сэтгэлгээтэй, өрөөл ойлгохооргүй онцлог өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Тиймдээ ч Москва болон Европыг бүхлээр нь байлдан дагуулчихсан мөртлөө хувь заяаг нь өөрстөд нь даатгаад, хувь татварынхаа хэмжээ хязгаарыг тогтоогоод, газар нутагт нь эзэн суулгүй, ард иргэдийг нь хөөж туулгүй, тэдэнтэй гэрлэж ураг барилдалгүй, эх орон, эрх чөлөөндөө эргэн даруй буцсан байна. Монгол хүн гэдэг ийн ажээ.
Монголчууд бид төрсөн нутаг усандаа л жаргахаас хүний нутагт хэзээ ч жаргадаггүй. Харин “эрх чөлөө” гэж даян дэлхийнхний мөрөөдөөд байгаа тэр зүйлийг чинь бид амьсгалж байгаа агаараасаа… амьдарч байгаа орон зайнаасаа… харилцаж байгаа элэг нэгтнүүдээсээ… авдаг ч юм, мэдэрдэг ч юм. Өрнийхөн ойлгохооргүй Дорны сэтгэлгээ гэж энэ буюу… Дорно гэдэг чинь МОНГОЛ юм. Дэлхийд хамгийн том газар нутагтай Орос гэгч улсын анхны төр засгийг Монголчууд бид эмхэтгэж өгч байлаа. Хүн амаараа дэлхийг тэргүүлж байгаа Хятад хэмээх улсыг ч гэсэн Монголчууд бид анх товхинуулж өгсөн юм. Монголчууд бидний өмөг түшиг дор өнөөгийн дэлхий оршин тогтнож байгаагийн хоёр жишээг дурьдахад ийм байна.
Ugluu.mn