М.Энхболд: Ази-Европын парламентын түншлэлийг цаашид бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Төр, Засгийн тэргүүн нар аа,

Эрхэм хүндэт зочид,төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Франц Улсад болсон эмгэнэлт үйл явдал болсон Монгол Улсын парламентын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Улаанбаатар хотноо энэ оны 04 дүгээр сард чуулсан Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын дүнг Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад танилцуулах завшаан тохиож байгаад баяртай байна.

Энэ боломжийг ашиглан манай сайхан оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, уулзалтад 32 орны 170 гаруй төлөөлөгчид өөрийн орны парламентаа төлөөлөн оролцсон бөгөөд уулзалтаас Тунхаглал баталсныг Та бүхэнд уламжлахад таатай байна.

Бид уулзалтын нэгдсэн хуралдаанаа “АСЕМ дахь Ази-Европын Парламентын Түншлэлийн үүрэг, оролцоо” сэдвээр, салбар хуралдаануудыг “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа” болон “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Ази-Европ хоёр тивийн нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө, оновчтой шийдэл, хамтын ажиллагааны төлөө хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо уралдуулж, ажил хэрэгч, харилцан ойлголцсон, нөхөрсөг яриа өрнүүлсэн.

Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь хоёр тивийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо өргөжин тэлэхэд, Ази, Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоож, гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан.

Улаанбаатар хотноо болсон 9 дүгээр уулзалтаар бид терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг хамтдаа хэлэлцсэн юм.

Ази, Европын парламентчид бид АСЕМ-ын үйл явцыг өөрсдийн идэвхтэй оролцоо, хүч чармайлт төдийгүй институт хоорондын уялдаа холбоогоор бататган бэхжүүлж, Ази, Европын улс түмний нийтлэг эрх ашиг, зорилгын төлөө парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэн ажиллахаар тохиролцсон.

Мөн Ази-Европын Парламентын Түншлэлийн ажлын арга барилыг сайжруулах, хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгох, АСЕМ-ын үйл явцын хүрээнд тѳр, засгийн газрууд, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог боловсронгуй болгох талаар шинэ санал санаачилга гарсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Парламентчид бид олон улсын болон бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэж, маргаантай асуудлуудыг эв зүйгээр зохицуулах, тулгараад буй сорилтуудаа зөв зүйтэй, үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаа, түншлэлээ гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдэцгээсэн.

Ази, Европын Парламентын Түншлэл нь АСЕМ-ын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй дэмжиж ажиллахаа хоёр тивийн хууль тогтоогчид Улаанбаатарын уулзалтад санал нэгтэй дахин нотолсон.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулсан нь бидний хүсэл, зорилтуудын нэг илэрхийлэл байсан бөгөөд Улаанбаатарын уулзалт Ази-Европын Парламентын Түншлэлийг цаашид бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна.

АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дахин дэвшүүлж, Ази-Европын Дээд түвшний уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …