1990-иэд оны дундуур ардчилалд шилжээд удаагүй байсан Монголчуудыг Венэсуэл улсын “Халтар царайт” гэхолон ангит кино байлдан дагуулж байсан гэдэг. “Халтар царайт” ТВ-ээр гарахад хотын гудамжинд хүн машины хөл хөдөлгөөн бараг л зогсдог байсан гэдэг бол хөдөө үнээ малын саалиа ч умартан ТВ-тэй айл саахалтындаа цуглаж киногоо үздэг байсан гэдэг. Тэгвэл саяхнаас энэ түүх давтагдахуйц хэрэг гарах болжээ. Учир юу гэвэл БНСУ-ын “Өш хонзонгийн цэцэг” олон ангит сериал хөдөө хотгүй хэсэг үзэгчдийг байлдан дагуулаад байгаа гэнэ. Ямар сайндаа энэ киног үзэх гэж яарч давхиад осол гаргаж байхав дээ. Зарим хүмүүс хийж байсан ажлаа орхиод энэ киног үзэхээр зурагт бараадахыг харвал Монголчууд бидний нэг хэсэг “Халтар царайт” кинонд дахин автчихсан бололтой юм.
Үсчинд ороод очер хүлээнгээ сэтгүүл үзэж суутал өнөөх Солонгосын сериал гарч байх юм. Үйлчлүүлэгч, үсчин хоёрын харц нэгэн зэрэг дээр өлгөсөн зурагт руу хараад гөлөрөөстэй. Тэгж байтал үсчин нь үйлчлүүлэгчийнхээ духны урдуур унжуулж тайрдаг үсийг нь урт, богино болгоод тайрчих юм.
Тэр байтугай Эрдэнэт явах вагоны тасалбар авсан нэгэн кино үзэж суусаар вагоноосоо хоцорсон гэнэ. “Өш хонзонгийн цэцэг” гэдэг нэртэй солонгос сериал монголчуудыг ийм болгосон байна. Хааяа, бараг долоо хоногийн зайтай ганц нэг анги үзэхэд үйл явдал нь өөрчлөгдөж шалиагүй байдаг энэ киноны агуулга нь “Эхнэрийн урхи” киноны Ку Унжэ -рхүү, өшөө авах гэж зүтгэх хат сууж буй бүсгүйн тухай. Гэтэл ийм кинонд манайхан хуйлраад байхыг бодвол кино шиг амьдрал олшроод, түүний аргад суралцаад байгаа юм уу, эсвэл дэндүү их ээдрээ, орооцолдоо, учиг уяа нь олдохгүй амьдрал тийм сонирхолтой санагдсан уу бүү мэд. Ямар ч байсан орой 19:00-д уулзах завтай хүн олдохоо больсон байна билээ.
Д.Амар