ЗЦГ-аас улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион явуулж буй “Хамгаалах бүс, Хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлахад ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ.
Энэ нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм. Орон нутгийн замд 17 хүүхэд ослын улмаас амь насаа алдсан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал манай улсад хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой.
Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг байна.
Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулах магадлалтай байдаг аж.
ЗЦГ-аас хамгаалалтын бүс, суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, хэвшүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион явуулж байгаа юм. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.
Эх сурвалж: “Монцамэ агентлаг”