Дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээдэг, алдарт тамирчид дөрвөн жил бэлтгэдэг эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмын нээлтийн ажиллагаа Бразилийн нийслэл Рео-де-Жанеро хотноо эхэллээ.
Нээлтийн арга хэмжээг Бразилийн гурван найруулагч хамтран найруулсан бөгөөд тус улсын үүсэл, түүх, соёл уламжлалыг харуулахаас гадна хот байгуулалт зэргээс эхлээд орчин үеийн аж амьдралын байдлыг тусган харуулжээ.
Маракана цэнгэлдэх хүрээлэн дэх 60 мянган үзэгчээс гадна эх орондоо, үндэснийхээ телевизээр үзэн суугаа олон сая үзэгчийн өмнө загвар өмсөгч Жизель Бюндхен сүүлийн удаа тайзан дээр алхлаа.
Харин яг одоо Дэлхийн үүсэл хөгжил хийгээд дулаарал, байгалийн гамшгийг харуулсан үзүүлбэрийг үзүүлж байна. Тухайлбал, Дэлхийн дулаарал нэмэгдэж, мөсөн тивүүд хайлснаар Нидерландаас эхлээд улс орнууд усанд автаж, дэлхий мөхлийн ирмэгт очих байдлыг харуулав. Улмаас хүмүүс хамтран мод, цэцэг тарьж дулаарлын эсрэг хамтран тэмцсэнээр дэлхийн онгон байгалийг дахин сэргээж буйг өгүүлэв.
Үүний дараагаар олимпод оролцох 206 улсын 11 мянга гаруй тамчирчин талбайд орж ирлээ. Улс орнуудын тамирчдын жагсаалыг Грек улс манлайлав. Үүний дараа Афганистан, Албани, ХБНГУ, Андора жагслаа.
Монгол Улсын төрийн далбааг жудо бөхийн +100 кг-ын жинд хүч үзэх Б.Тэмүүлэн мандуулав. Баг тамирчдаа дэмжихээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спорт хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэтуяа, Монголын багийн хэвлэлийн аттеша Ч.Отгонбаатар нар Рео-де-Жанерод очоод байгаа билээ. Монгол улсын баг 43 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр, есөн төрөлд хүч үзэх Олимпийн наадам ийнхүү эхэллээ. Риогийн цаг Улаанбаатараас 12 цагийн зөрүүтэй. Одоо Риод наймдугаар сарын 5-ны өдрийн оройн 20:00 цаг болж байна. Олимпийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн телевиз онцгой эрхтэйгээр гурван сувгаараа орон даяар шууд дамжуулан хүргэж байна.
Ч.Ариунболд