Орон сууц барьж байгаа барилгын компаниуд барилгынхаа м2 –ийн хэмжээн дээр нь “ажиллаж” хэрэглэгчдийг хохироодог тухай яриа жил бүр гардаг ч тэгсгээд намждаг. Тэгвэл барилга угсралтын “MДТоф” ХХК хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. “МДТоф” ХХК иргэдийг залилан, орон сууцны м.кв-ыг өөрийн дураар нэмэгдүүлсэн нь баримтаар нотлогдсон авч, эл компанийн удирдлагууд хэрэглэгчийн тавьсан шаардлагыг хүлээж аваагүйгээр үл барим, “хөлөө хүрэх газраа очиж заргалд” гэж хөөж туусан байна. Хамгийн сонирхолтой нь энэ компаний анх гэрээ хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрмийг илт зөрчиж орон сууц захиалагч нартай гэрээ байгуулжээ. Юу гэвэл тус компани 2011 оны 11 сард захиалагчтай хийсэн гэрээнийхээ “6.3-д: Орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно” гэж оруулжээ.
Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Тэгвэл энэ заалт нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалыг Стандарт хэмжил зүйн Үндэсний газраас 2010 оны 2 сарын 1-ээс эхлэн орон даяар мөрдүүлсэн байна. Эл MNS 6058:2009 стандартын 7.2-д “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” гэсэн стандартыг илт зөрчжээ.
“МДТоф” ХХК 2011 онд СХД-ийн 29-р хорооны нутагт байрлах 303 айлын 119А Орон сууцыг ашиглалтад оруулжээ. Тус байрны талбайн бодит хэмжээ нь байрны ордер буюу гэрчилгээн дээрх хэмжээнээс хамаагүй бага байгаа юм. Тухайлбал, уг байрны 2 өрөөний талбай нь 52,8м2 гэж байрны гэрчилгээндээ гарсан боловч яг үндсэн бодит хэмжээ нь 46,35 м2 болж тараад байгаа юм. Энэ орон сууцны барилгын зургаар тус компанийн одоо барьж буй замын цагдаагийн зүүн талын “Үйлдвэрчин хороолол”-ын барилгыг барьж байгаа гэдгийг МДТоф ХХК-ийн холбогдох хүмүүс баталж байгаа боловч, хэмжээ нуултанд хариулт өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.
Яагаад нэг зургаар баригдаж байгаа хоёр барилгын өрөөнийх нь талбайн хэмжээ ялгаатай байгааг тус компанийн удирдлагуудаас асуухад “Бид анх захиалга өгсөн иргэдтэй гэрээ хийхдээ байрны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэж оруулсан” хэмээн тайлбарласан нь үнэн хнэрэг дээрээ хууль зөрчин гэрээ хийсэн болж таараад байгаа юм.
Тэгэхлээр “МДТоф” ХХК нь МУ-ын хууль тогтоомж, Үндэсний Статистик хэмжил зүйн газрын тогтоол зэргийг зөрчин орон сууцны талбайн хэмжээг хананы дотор авалгүй тэнхлэгийн дундаас авч хууль зөрчсөн иргэдийн эрх зүйн мэдлэггүйг далимдуулан луйвар хийсэн байна. Үүнээс болж тус компанийн Москва хороололд баригдсан орон сууцны хэрэглэгч 6м2 талбайн үнэ болох 10 гаруй сая төгрөг илүү төлөөд зогсохгүй, бас бус хохирол амсаад байгаа юм.
Энэ бүхнийг шалгаж, хянаж тогтоодог Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар юуны учир нүдэн байлай, чих нь дүлий сууна вэ?
Сайхан уриа, худал үгээр хэрэглэгчийг хохироосон “МДТоф” компанийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Ц.Мөнх