Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад олгох мөнгөн урамшууллын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт Засгийн газраас өчигдөр даалгасан. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.
-Олимп, дэлхий, тивийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад олгодог мөнгөн шагнал өнгөрсөн жилээс зогссон. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Засгийн газрын хуралдаанаар өчигдөр олимп, дэлхийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн урамшууллын асуудлыг оруулж танилцуулсан. Өнгөрсөн жилээс эхлээд 1,7 тэрбум төгрөгийн өртэй явж ирсэн. Одоо олимп болж байна. Түрүүчийн тамирчин нь мөнгөн медаль авчихаад байна. Дараа дараагийн медалиуд ч ирэх байх. Иймд санхүүгийн асуудлыг танилцууллаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголд шаардлагатай санхүүжилтийг оруулж, мөнгөн хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо.
-Хэзээнээс олгож эхэлнэ гэсэн үг вэ?
-2016 оны төсвийн тодотголыг удахгүй хийнэ. Энэ үед мөнгөн хөрөнгийг эцэслэн шийдвэрлээд олгохоор ярьж байна. Тамирчдад олимпоос медаль хүртсэн тамирчинд төсвийн тодотголоос өмнө мөнгө олгох хэрэгцээ гарахгүй. Яагаад гэвэл тэдний сэргээшийн шинжилгээ хариу гарснаас хойш шагнал олгодог хуультай.
-Олимп тив, дэлхийн наадамд байр эзэлсэн тамирчдад сар бүр шагнал өгдөг шүү дээ. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн шагнал олгоод байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 1,3 тэрбум төгрөг олгогдсон.
-Сургууль цэцэрлэгийн засварын ажил ямар шатанд явж байна вэ?
-Сургууль, цэцэрлэгийн засварын ажил наймдугаар сарын 15-ны дотор багтааж хийх зорилт тавиад ажиллаж байна. Зургаадугаар сард сонгууль болсон, орон нутгийн Засаг дарга нар томилогдох зэрэг асуудалтай холбоотой зарим ажил цалгардсан. Гэхдээ сайдын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж өгсөн. Одоогийн байдлаар засварын ажил удаашралтай, ялангуяа 50-аас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөөд наймдугаар сарын 20-ны дотор дуусгахыг чиглэл болгосон. Ер нь бол аймаг, нийслэлийн хэмжээнд хоёр ажил дуусахгүй байх магадлалтай байгаа юм.
-Ямар хоёр ажил вэ?
-Увс, Завхан аймаг тус бүрт нэг, нэг сургуулийн засварын ажил хичээлийн шинэ жилээс өмнө дуусахгүй байх магадлалтай. Учир нь тендерийн маргаан үүсч, шүүхээр явсантай холбоогоор хойшилсон.
-Энэ жил нийт хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа бэ?
-Энэ оныг дуустал 31 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг