Хувьцаагаа худалдаад мөнгөө аваагүй хүмүүс нь яах, эрх баригчид аа

2155

Ардчилсан намынхан сонгуулийн өмнө санал авах зорилгоор иргэдийн “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 ширхэг хувьцаанаас 30 хувийг нь худалдаж авсан ч бай Засгийн газар нэгэнт ард иргэдээс хувьцааг нь худалдаад авчихсан тохиолдолд түүнийх нь төлбөрийг гүйцэт өгөх нь зүй ёсны хэрэг билээ.

МАН-ын Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Ардчилсан намынхны эхлүүлсэн “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хууль зөрчсөн, эдийн засаг хүндэрсэн энэ үед үргэлжлүүлэх боломжгүй хэмээн зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч аль нэг нам төрийн эрхэнд гарснаас үл хамаарч Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын төр бол нэг л зүйл. Тиймдээ ч залгамж чанартай байх ёстой. Олон улсад ч ийм байдаг. Хэдий өмнөх Засгийн газар, өөр нам алдаатай буруу шийдвэр гаргаж, улс орныг хямралд оруулсан ч Монгол Улсын төрөөр нэгэнт ард түмэндээ амалчихсан, хэрэгжүүлээд эхэлчихсэн ажлыг дуусгадаг байвал хаа хаанаа хэрэгтэй байх.

Ард түмэн чинь төрдөө итгэхгүй өөр юунд итгэх вэ, өөр орны төр засаг, мөнгө хүүлэгч, хөрөнгө оруулагчдад итгэх үү. Хувьцааг чинь худалдаж авья гэж авчихаад төлбөр мөнгийг нь өгөх болохоор “луу унжиж” байгаа энэ Төр, Засгийг тэгээд юу гэж ойлгох вэ, бусдыг хулхиддаг “бизнесмэн”, авахаараа бөхийчөөд өгөхөөрөө гэдийдэг өөдгүй этгээд гэж харах уу.

Хувьцаагаа худалдчихаад, 200 дахь, 300 дахь мянгаа аваагүй хүмүүс зөндөө байна. Ардчилсан намынхныг сонголгүй та нарт саналаа өгсөн нь тэдний хохь болох уу. Аль эсвэл ажлаа зохицуулж, хувьцаагаа худалдах хүсэлтээ эртхэн өгөөгүй нь тэдний хохь болох уу. Ерөөсөө “сайн” хувьцааг “сонгуулийн шоу” гэдгийг ард иргэд гадарлаж байсан ч Төр, Засагтаа итгэсэн. Шуудхан хэлэхэд, сайн хувьцаа хөтөлбөрийг зогсоож болох ч нэгэнт хувьцаагаа худалдчихсан түүндээ таарсан төлбөрөө аваагүй байгаа иргэдэд Төр, Засаг өртэй.

Тиймээс 200 дахь, 300 дахь мянгыг өгч тооцоогоо дуусга гэж хэлмээр байна. Эс бөгөөс Ардын намынхан ард түмнээ алагчилсан болох гээд байгааг эрхбиш анзаарах л ёстой доо. Ард түмний амьдрал тартагтаа тулж, авсан хэд нь юм болохгүй, хүүхдийн 20 мянга, хувьцааны 100 мянгаа хүлээж, ороод ирээсэй хэмээн найдаж, өмнөх 100, 200 дахь мянган төгрөгүүд нь утсанд нь мессеж ирэхгүйгээр орж ирсэн болохоор дараагийн 100 мянга нь орчихсон байх хэмээн өдөр бүр шахуу АТМ-д “цаг бүртгүүлдэг” ажилтай болсныг энэ төр засаг уг нь мэдмээр л юм.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …