Өнөөдөр олимпийн аварга тэргүүтэй манай 5 тамирчин хүч үзнэ

527-1470886733Түвшин_0
Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр байт харваа, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 24 төрлийн тэмцээн болж, зарим төрөлд медалийн эзэд тодроод байна.
Монголын баг тамирчдын хувьд жүдо бөх, буудлага, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм. Буудлага спортын төрлөөр эмэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалд буудах дасгалд ОУХМ Г.Нандинзаяа өрсөлдөнө. Энэ дасгалд нийт 51 тамирчин оролцох юм. Манай тамирчин хийн урт бууны 10 метрийн дасгалд цэц сорьж, 14 дүгээр байранд орсон. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд Г.Нандинзаяа Рио-гийн буудлага спортын хоёр дахь төрөлдөө оролцох гэж байна.
Түүний товч намтрыг танилцуулахад Ганхуягийн Нандинзаяа 1994-06-27-нд Улаанбаатар хотноо төрсөн,  Амжилтаас дурдвал 2016 оны “Дэлхийн цом” АШТ-ээс хүрэл медаль /Рио-де-Жанейро/, 2013 оны оюутны универсиад наадмаас  мөнгө,  хүрэл медаль /Казань/, 2012 оны оюутны ДАШТ хошой алтан медаль хүртсэн.
Өнөөдөр усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрлөөр ОУХМ Б.Дөлгөөн оролцоно. Түүний хувьд энэ удаагийн наадамд урилгаар оролцож байна. Олон улсын усан сэлэлтийн дүрмийн дагуу “Рио-2016”-д нийт усан сэлэлтээр 902 тамирчин оролцож байна. Тэдний 600 гаруй нь эрхээ авсан буюу A, B цагаа биелүүлсэн тамирчид. Харин 200 гаруй нь урилгаар оролцож байгаа.
Түүний намтрыг танилцуулахад, Батсайханы Дөлгөөн 1986 онд төрсөн. ”Хангарьд” спорт клубт харъяалагддаг. Энэ оны тавдугаар сард “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн “өврөөр даллах” сэлэлтээр 24.25 секунд, “далайн гахай” сэлэлтээр 25.79 секундын амжилт гарган 50 метрийн усан бассейны Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм.
Монголын боксын шигшээ багийн эрхээ авсан 6 тамирчнаас 49 кг-д хүч үзсэн Г.Ган-Эрдэнээс бусад нь тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр эрэгтэй 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Ирландын боксчин Стэвэн Доннеллтэй өрсөлдөнө. Тэр эхний тойрогт хүчтэй өрсөлдөгч Аргентиний Палмэтта Албертог ялсан.
Олимпийн наадмын нээлтийн дараа эхэлсэн жүдо бөхийн тэмцээний 6 дахь өдрийн байдлаар оролцогч 136 орноос 24 нь медаль хүртээд байна. Японы баг тамирчид 3 алт, 6 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол ОХУ 2 алтан медальтай. Мөн Итали, Бразил, Словени, Аргентин, Косово улсаас олимпийн аварга төрсөн. Харин Монгол Улсын баг нэг мөнгөн медальтай 11 дүгээр байрт орж байна.
Өнөөдрийн барилдаанд -100 кг-д Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр олимпийн татамид гарч хүчээ сорино. Энэ барилдааныг монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Түүний жинд 34 тамирчин өрсөлдөх бөгөөд Н.Түвшинбаяр “А” хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт дэлхийн аварга Кубын Жозе Арментерозтай барилдана. Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын хувьд медаль авах бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж байгаа юм.
Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 78 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ жинд нийт 18 жүдоч өрсөлдөхөөс ОУХМ П.Лхамдэгд “А” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Унгарын Абигэл Жоотой барилдана.

Санал болгох мэдээ

Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад …