Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал ноён Аюуми Конушиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүүлийн жилүүдэд нийслэлтэй олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллаж, дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхдээ чухал гарцыг нь олж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө ач холбогдол, үр ашгийг нь харах хэрэгтэй байдаг. Тиймээс хамтран хэрэгжүүлэх ажлуудаа сайтар судлах шаардлагатай юм. Мөн эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшлүүдтэй нягт холбоотой ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.