Өнгөрсөн дөрвөн жил засаг барьж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Ардчилсан намын “гавьяа”-гаар Монгол Улс Фижи мэтийн жижиг улсад доромжлуулж, дэлхий нийтийн өмнө нүүр хийх газаргүй боллоо. Сая хүрэхгүй хүн амтай, жижигхэн арлын энэ улсын гол хэвлэлд бичсэнээр “Монгол Улс олимпийн наадмын тамирчдаа шагнах мөнгөгүй” аж. Дөрвөн жилийн өмнө 17.3 хувь буюу дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орон байсан Монгол Улс одоо 1.3, оны эцэст О хувь буюу дэлхийн хамгийн бага өсөлттэй эдийн засагтай орон болж хувирах хэмжээндээ тулчихаад байгаа юм. Ингээд Номхон далайн дунд орших Фижи Улсын томоохон хэвлэл болох “Фижи-Таймс”-д гарсан нийтлэлийг хүргэе.
“Риогийн Олимпийн наадмаас медаль хүртсэн хоёр тамирчнаа спортод дуртай монголчууд алга ташин угтан авсан боловч эдийн засгийн хүндрэлийн улмаас тус улсын шинэ Засгийн газар тамирчдаа шагнах мөнгөгүй болжээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө эдийн засаг нь 12.3 хувиар өссөнөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж, таван тамирчин нь Лондоны Олимпоос медаль хүртэж байлаа.
Уул уурхайн “Рио Тинто” группын Монгол дахь зэс-алтны “Оюутолгой” ордоос олборлосон алт Лондоны Олимпын медалийн орцонд орж байсан юм. “Оюутолгой” бол гадаадын хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтаар эхэлсэн томоохон төсөл билээ.
Харин энэ онд түүхий эдийн ханш унаж, хөрөнгө оруулагчдын итгэл алдарсны улмаас Монгол эдийн засгийн хямралд ороод байна.
Наймдугаар сар гарснаас хойш доллартай харьцах ханш нь 8 хувь, энэ он гарснаас хойш 12.9 хувиар буураад байгаа монгол төгрөг энэ сард дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар тодроод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Монголын шилдэг тамирчид төрийн хайр хишгийг хүртэж чадахгүйд хүрээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт Засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ “Тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн тэтгэмж олгох бодлогын хүрээнд бокс, чөлөөт бөх, харваа болон бусад спортын төрлийн 2069 тамирчинд Засгийн газар 1.7 тэрбум төгрөгийн өртэй болоод байна” гэсэн юм.
Уг бодлогын хүрээнд тамирчдад сард 500 мянгаас 4 сая төгрөгийн тэтгэмж олгодог бол Олимпийн аваргууд хамгийн их тэтгэмжийг авдаг аж. Гэтэл Монголд сарын дундаж цалин 871 мянга байдаг.
Монголын шинэ Засгийн газар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон парламентын гишүүдийн цалинг 30 хувиар танахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн зургадугаар сард сонгогдсон МАН-ын байгуулсан шинэ Засгийн газарт өмнөх дөрвөн жилийн эдийн засгийн уналтын сөрөг үр дагаврыг арилгах сорилт тулгарч байна. Нүүрс болон зэсийн эрэлт буурч, гадаадын хөрөнгө оруулагчидтай үл ойлголцол үүссэний улмаас 2016 онд тус улсын эдийн засгийн өсөлт тэг хувьтай гарах төлөвтэй байна” гэжээ.
Төгс