-Монгол залуутай гэр бүл болсон нэгэн Япон эмэгтэйн түүхийг өгүүлье-
Хисока Койяма 10 жилийн өмнө Монголын хөдөөний нэгэн эгэл жирийн залуу Н.Бадамсамбуугийн эхнэр болжээ. Тэд анх жуулчны баазад танилцсан байна. Тэгэхэд Хисока Койяма орчуулагчаар ажилладаг, Н.Бадамсамбуу хонио хариулахын дээр хөтөч хийдэг байсан аж. Н.Бадамсамбуу ирээдүйн эхнэртээ морь хэрхэн унахыг зааж өгч, хамтдаа айраг ууж цагийг зугаатай өнгөрүүлж удалгүй хайрлаж дурлалцсан аж. Хисока Койямагийн эцэг эх охиноо гадаад хүнтэй, Монгол хүнтэй гэр бүл болж байгаад дургүйцээгүй байна.
Тэр ч байтугай хурдан нөхөртэй болохыг тулгадаг байсан гэнэ. Учир нь тэдний охин Хисока Койяма аль хэдийнэ 32 нас хүрсэн байжээ. Тэгвэл Монгол залуутай гэр бүл болж, хөдөөний эгэл жирийн амьдралаар сэтгэл хангалуун амьдарч буй Япон бүсгүйгийн талаар Японы телевиз сурвалжлага бэлтгээд буцсан бөгөөд энэ үеэрээ яагаад Монгол залууг амьдарлын ханиараа сонгосон тухай нь сонирхоход Хисока Койяма “Би анх Монголд ирээд л бүх зүйл нь сайхан санагдсан. Монгол залуутай гэрлэхийг хүсээд гэрлэсэн” гэжээ. Өдгөө хосууд Б.Наранхүү хэмээх хүүтэй бөгөөд өдрөөс өдөрт өсч том болж буй хүүгийн нэр их утга учиртай гэнэ.
Япон Улс буюу Наран Улс, мөн тэдний анх учирсан жуулчны бааз нь “Наран” хэмээх нэртэй байсан зэргээс үүдэн хүүдээ ийм нэр өгсөн аж. Ямартай ч, Б.Наранхүү хүү Япон, Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд аав шигээ хоньчин болохыг хүсдэг гэнэ. Мөн морь унах дуртай аж. Хисокагийн хэлснээр, Монгол эрчүүд Япон эрчүүдээс маш өөр гэнэ. Жишээ нь, Монгол эрчүүд эхнэртэйгээ хамт цагийг өнгөрөөх дуртай бол Япон эрчүүд тэгдэггүй гэнэ. Япон эрчүүд шар айраг тэврээд ганцаараа байхыг илүүд үздэг аж. Юутай ч, Хисокагийн хувьд Монгол эрчүүд Япон эрчүүдээс илүү аж.
Түүнчлэн Хисокагийн дуртай хоол нь бусад Япончуудын адил Монголын цуйван гэнэ. Сонирхуулахад, нэлээд хэдэн жилийн өмнө хэсэг Япончууд Монголын хөдөө талаар аялж яваад өглөө эрт нэгэн айлд ороход, тухайн айл нь хоносон цуйван дээр халуун сүүтэй цай хийж өгчээ. Амтыг нь гайхан шагширсан Япончууд хотод ирээд зоогийн газруудаас тэр хоолоо олоогүй ба эцэст нь, хоолны цэсэнд байдаггүй хоносон цуйван + сүүтэй цай байсан гэдгийг ойлгосон гэдэг.
Хисокагийн амьдралыг сурвалжилсан Японы телевизийн нэвтрүүлгийг хүргэе
Төгс