Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А, В, Г- нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллээ.
Одоогийн байдлаар А, В нарыг Солонгос Улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол Г-г өнгөрөгч 6-р сард эх орон руугаа буцсан хэмээн мэдэгдээд байна.
Цагдаагийн газрын мэдэгдсэнээр Монгол залуус Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах хоёр компаниас урьдчилсан байдлаар 68-н сая вон буюу Монгол төгрөгөөр 115-н сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги зэрэг 2-дагч түүхий эд бүлэглэн хулгайлжээ.
Тэд хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тухайн компани дээр урьдчилан очиж “Бид гадаадаас ирсэн бизнес эрхлэгчид байна. Танайхаас автомашины хуучин сэлбэг хэрэгсэл их хэмжээгээр худалдаж авмаар байна” гэж хэлдэг байжээ. Ингээд энэ үедээ 2-дагч түүхий эд хадгалагдаж байгаа хашааны хаана нь нууц камер байгааг сайтар ажиглан тэмдэглэж байсан ба хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ уг камеруудыг даавуугаар хаадаг байсан нь илэрчээ.
Тэдний тэмдэглэлийн дэвтэр дээр өөр хэд хэдэн 2-дагч түүхий эд авах компанийн хашааны зураг болон нууц камеруудыг зурсан тэмдэглэгээ байгаа нь илэрсэн тул цагдаагийн газар, эдгээр Монгол залуус өөр бусад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хулгай хийсэн гурван Монгол залуу бүгд Солонгос Улсад 30 хүртэл хоног зорчих олон удаагийн аялал жуулчлалын визтэй байсан бөгөөд тэдний нэг нь л гэхэд Солонгос Улсад сүүлийн 5-н жилийн хугацаанд 70 гаруй удаа зорчсон байгаа юм байна.