МАН-д өшөө хорсол, уур бухимдалдаа бүтэж үхэх шахсан нэг хүн байна. Энэ бол МАН-ын дарга асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурал төдийгүй УИХ-ын нээлтийн чуулганыг орхин гарсан түүнд ингэх ч шалтаг шалтгаан бий. Учир нь тэр иргэний эр зориг гаргасан билээ.
Түүнийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших гэж байхад намын дайчин нөхөд нь сэм үгсэж ерөнхийлөгч болох замналыг нь таслан зогсоосон. Үүнд өнөөгийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэн нар оролцсон.
Ө.Энхтүвшин сонгуулийн сурталчилгаандаа тун няхуур бэлтгэсэн байв. Оюу Толгойн луйврын гэрээний талаар ноцтой баримтат кино хийсэн байснаас гадна Ц.Элбэгдоржийн талаар олон зуун мянган хувь сонин хийсэн байсныг хурааж шатаалгажээ. Намын бага хурлын урд орой виски гаргаж тавиад “За намын хуралд нэгдмэл саналтай оръё. Үнэхээр Ерөнхийлөгчид үнэн сэтгэлээсээ нэр дэвших хүн байна уу” гэхэд Б.Бат-Эрдэнэ аварга “Би зөвхөн нэр хүндээ дээшлүүлэх л гэж нэрээ дэвшүүлсэн юм. Жинхэнээсээ юу гэж намын даргатай өрсөлдөх вэ” гэж гар барьж тайвшруулсан гэдэг.
Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга маргаашийн хурал дээр амласан ёсоороо нэрээ таталгүй жинхэнээсээ өрсөлдөж гурав дахин санал хураалгасны эцэст гурав дөрөвхөн хүний илүүтэй саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг төлөөлөн өрсөлдөх эрхээ авсан. Энэ бол үнэхээр тоглоом байсан. Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч болох нь байтугай намын даргаа өгч түүхэн боломжоо алдсан билээ.
Тэгвэл сая сонгуулийн үеэр асар том луйвар булхайг тэр олж мэджээ. Нууц төлөвлөгөө санамсаргүй байдлаар задарсан байна. С.Баяр, Н.Багабанди нарын төлөөлөгчид Ө.Энхтүвшингийн хүүтэй андуурч сонгуульд ялах хүнийхээ нэрсийг өгч бас нэг утас өгсөн нь шал өөр хүний утас байсан байна.
Энэ бүхнээс Ө.Энхтүвшин сонгууль бол дарга нарын болон мөнгөтэй хэдэн хүний булхай гэдгийг ойлгожээ. Энхтүвшинг МАН-ынхан унагахаар тооцсон байв. Тэр арай гэж гүрийж гарч иржээ. Тэр ийнхүү МАН болон УИХ-ыг орхин явлаа. Энэ нь түр зуурынх уу, бүр үү? Ер нь тэр хаачих вэ? Түүний хувьд улс төрийн тоглоом дууссан уу?
Эх сурвалж: “Хөх толбо”сонин