Ливи дэх “Лалын улс” бүлэглэлийнхэн өнгөрсөн жил Хойд Солонгос улсын хоёр иргэнийг барьцаалсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тэгвэл саяхан Ливи Улсын хэвлэлүүдэд тэдгээр иргэдийг суллаж явуулсан тухай мэдээллүүд хэвлэгджээ. Барьцаанаас суллагдсан иргэд нь Ливи улсад гэрээт эмчээр ажилладаг Хойд Солонгос улсын иргэн, 56, 58-н настай Ли, Со нар байсан байна.
Тэд Ливийн нийслэл Триполи хотын нэгэн эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд тухайн өдөр хоёр Энэтхэг эмч болон хоёр Ливийн иргэний хамтаар хотоос холгүй байх нэгэн тосгонд ажиллаад буцаж явах замдаа машинтайгаа барьцаалагдсан ажээ.
Тэд барьцаанаас суллагдсаны дараа “Биднийг гэрэлгүй, цонхгүй өрөөнд нэг жил хорьсон” гэж хэлсэн байна. Хойд Солонгос улс нь гадаад валют олох зорилгоор өөрийн орны иргэдийг гадаадын орнуудад гэрээт ажилтнаар илгээдэг бөгөөд өнөөгийн байдлаар Ливи улсад хэдэн арван эмч болон хэдэн зуун барилгачид ажилладаг гэсэн мэдээлэл байдаг ажээ.