Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яам өнгөрсөн 3-р сард тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-ыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд нь 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал, зургаан сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.
“Өршөөлийн сар” зохион байгуулагдсан сүүлийн таван сарын хугацаанд Өмнөд Солонгос улсаас гадаадын 28-н мянга гаруй иргэн сайн дураараа гарч, эх орондоо буцсан байна.
Тиймээс тус улсын Хууль зүйн яам ирэх 9-р сарын 30-нд дуусах ёстой байсан “Өршөөлийн сар”-ын хугацааг 11-р сарын 30-ны өдөр дуустал сунгасан тухай өнөөдөр мэдээлэлжээ.
Харин энэхүү хугацаа дууссаны дараа Өмнөд Солонгос улсаас сайн дураараа гарч яваагүй гадаад иргэдийн дунд бичиг баримтын эрчимтэй шалгалт хийгдэх бөгөөд саатуулагдсан иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу 8 дугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байгаа юм байна.