1998 оны аравдугаар сарын 2. С.Зоригийг хөнөөсөн өдөр. Магадгүй, энэ хар өдөр, Монголын хувь заяаг “харлуулж” орхисон ч байж болох юм. Миний бие цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан мэргэжлийн сэтгүүлчээр тавь гаруй жил ажилласныхаа 17 жилд нь “С.Зоригийн хэрэг”- ийн мөрөөр явсан байх юм. Аймшигт аллагын маргаашаас эхлэн мэдээлж, санал сэтгэгдэл цуглуулж, ярилцаж, сэжиг таамаг дэвшүүлж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлд хандаж байсан төдийгүй хэд хэдэн номондоо хэвлэсэн. Тэгээд ч, мартагдах шахсан энэ хэргийн “гол гогцоо” зүйлийг зарим талаар тодруулах нь өнөөдөр миний үүрэг гэж боддог. Тухайн үед С.Зориг ямар нөхцөлд байв? Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг монголчууд гар дээрээ өргөн Д.Сүхбаатарын талбайд битүү цугласан хүмүүсийн дундуур орж ирж байсныг нүдээрээ үзсэн хүн, би яалтгүй мөн.
Өргөж явсан хүмүүс нь ч одоо амьд сэрүүн байгаа. Сэтгэл их хөөрч, тэр оройноо би “Хүүтэй юм Монгол” гэж шүлэг бичээд, сүүлд “Чингис” номондоо хэвлүүлж байсан сан. Ганц надад ч биш, бүх монголчуудад тэгтлээ хүндлэгдсэн хүн Санжаасүрэнгийн Зориг л байсан. Зарим настан “Чингис хаан” тэнгэрээс бууж ирлээ гэцгээж байсан сан.
Ард түмэн тэгтлээ хүндэтгэж байсан боловч хэсэг бүлэг хүн, тэр дунд хамтран зүтгэгчид нь хүртэл “Үүнээс яаж салъя даа” гэсэн байдлаар хандаж байсан нь нууц биш. С.Зоригийг харлуулах гэсэн ямар их гүтгэлэг доромжлол явж байсныг хүмүүс мартаагүй ээ.
“Төрийн ордны цонхоор морь харсан” гэж хүртэл тараагаа биз дээ?! Ийм баримт Монголын ардчиллын туг-сүлд болж явсан Дарь.Сүхбаатар, С.Нинж, Ч.Энхээ, “Малыш” Энхтүвшин…. нарын олон хүний дурсамжинд үлдсэн байгаа. Тэгтэл өнөөдөр С.Зоригийг үзэн ядаж байсан бүлэглэлийн зарим төлөөлөгч “С.Зоригийн хэрэг илрээсэй гэж үргэлж зальбирч байдаг” хэмээн бичих болжээ.
Ингээд С.Зоригийн нэр хүндийг сэвтүүлж амжсан, ганцаардуулж чадсан. Үзэл бодлын хувьд нам , холбооныхоо удирдлагын олон хүнтэй таарамж муу болсон. Гэлээ ч шударга үнэний замаасаа хазайгаагүй туйлбартай явсныг нь, дүүдээ бичсэн захианаас та бүхэн уншсан байх. Яг л ийм үед эрх баригч Ардчилсан намынхан гурав дахь Засгийн газар буюу-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаан, шинэ Ерөнхий сайдын эрэлд гарч билээ. Энэ мөчид хөөрхийг минь хөнөөсөн дөө. Шинэ Ерөнхий сайдад Да.Ганболдыг долоон удаа зүтгүүлсэн, Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж билээ. Энэ нь С.Зоригийг дэвшүүлэхгүй гэсэн хэсэг хүний нууц бодол байсны гэрч мөн биз?! Тэгээд “аргагүйн эрхэнд” С.Зоригийн нэрийг дэвшүүлсэн. Шат шатныхаа хурлаар дэмжээд Н.Багабанди Ерөнхийлөгч “хүрээд л ирвэл дэмжихэд бэлэн” байсан өдрийн урьд шөнө аллага болж байгаа юм. “Маргааш л болвол энэ хүн тусгай хамгаалалтад орно. Түүнээс өмнө амжиж хөнөөе” гэсэн байдал таны сэтгэлд бууж байгаа биз?!
Үүнийг хуулийнхан “Улс төрийн захиалгат аллага” гэж томъёолсон байдаг юм. Улс төрийн аллага л юм бол манай хэдэн улс төрийн намын удирдлагын хүрээнд захиалагч нь байж таарна даа. С.Зориг, Ерөнхий сайд болоод тусгай хамгаалалтад орчихвол, цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч …. гээд төрийн хэдэн өндөрлөгөөс салахгүй болох нь мэдээж. Энэ нь хэн нэг хүн юмуу, хэсэг бүлэг хүний, өндөр дээд эрх мэдэлд хүрэх замыг хаахад хүрч болох байв. Ингээд л хөнөөсөн. Зарим хүн, гадаадын тусгай албадтай, тухайлбал барууны албадтай холбоотой хүний захиалга байж болох юм гэдэг. Ингэж хардах үндэслэл бий. С.Зориг бол ОХУ-д сургууль төгссөн, орос сургуультай, Оросын өөрчлөн байгуулалтын үзэл санааг дэмжигч байсан учир барууны эздэд, тэдний “тэжээврүүд”-д буруу харагдсан байж болох л юм гэж үздэг, хуульчид, судлаачид нэлээд байдаг. Хүмүүсийн зарим нь улс төрийн энэ аллагад гэр бүл, хайр сэтгэлийн нөлөө орсон байхыг үгүйсгэдэггүй. Ингээд л С.Зориг маань алагдсан даа.
1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш тэднийд чухам юу болсныг эргэж нэг саная. Тэр өдөр С.Зориг маань асар их ачаалалтай байсан. Маргааш Ерөнхийлөгчид танилцуулагдан Ерөнхий сайд болчих магадлал өндөр байсан учир зарим хүмүүстэй уулзаж учрах хэрэг байсан. Шадар сайд Ч.Пүрэвдоржийн оршуулгын комиссын гол ажлыг амжиж нугалах, гэхчлэн тасралтгүй ажилтай байсаар байгаад үдэш найм есөн цагийн үед гэртээ ирэхэд нь алуурчид гэрт нь тосч байгаад 17-18 удаа хутгалж алсан гэдэг. Зарим хэвлэлд бичсэнээр бол, С.Зоригийг гэртээ ирээд байхад нь алуурчид орж ирсэн гэж бичдэг. Юутай ч, тэдний дохиололтой хаалгыг алуурчид нэвтэрч ороод хөнөөчихсөн нь үнэн. Талийгаачийг тийм аймшигтай хөнөөсөн алуурчид эхнэр Б.Булганыг хоёр эрхий хуруугаар нь холбож, ариун цэврийн өрөөнд нь түгжиж орхихдоо багаа хуулж нүүрээ харуулаад: “Батаа, Оюунаа гэж өөрсдийгөө дуудалцан ”Эрдэнэтээр битгий оролдоод байгаарай, дараачийнх нь Бат-Үүл, Элбэгдорж шүү! гэж сүрдүүлээд гарч зугтаасан гэдэг. Энэ бол Б.Булганы анхны мэдүүлэг бөгөөд алуурчдыг өндөр эмэгтэй, намхан эрэгтэйгээр төсөөлөн ам зураг зуран сонин хэвлэлд нийтэлж байж билээ. Уншигч Та энд нэг зүйлийг зориуд анхаараарай.
Монголын байтугай, Олон улсын эрүүгийн ертөнцийн түүхэнд, нөхрийг нь тийм аймшигтай алчихаад, эхнэрийг нь дэргэд нь амьд үлдээн, багаа хуулж улаан нүүрээрээ ярилцаж байсан удаа байхгүй юм гэнэ лээ. Нэг бол их дотно хүнээ, нөгөө бол насан туршид нь дарамтад байлган улс төрийн золиос болгох хүнээ ийнхүү амьд үлдээж болох юм гэдэг.
С.Зоригийг алагдчихлаа гэнгүүт тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж тэргүүтэй 80 орчим хүн аллага болсон газар ирж, хэргийн ул мөрийг “балласан” байгаа юм. Энд, сайд дарга нар, цагдаа хуулийнхан, талийгаачийн ойр дотны хүмүүс ирсэн л дээ. Тэгээд л ул мөр нь баларсан. Тэнд Э.Бат-Үүлийн цагаан малгай л үлдсэн.
Хуулийнхан, шинжээчид болохоор энэ хэрэг илрэхгүй байгааг хоёр зүйлээр тайлбарладаг. Нэгдүгээрт, хэргийн газрын үзлэг бүрэн төгс хийгдээгүй. Хийгдэх боломж ч байгаагүй. Хоёрдугаарт, цорын ганц амьд гэрч Б.Булганыг тэр доор нь тусгаарлаж байцаагаагүйгээс болсон гэдэг. Та бас л нэг зүйлийг анхааралдаа аваарай. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж тэнд очсон байдаг. Тийм ноцтой аллагын газарт хамгийн түрүүнд хэргийн газрын үзлэг явуулах тусгай албаны хүмүүсээс бусад хүн орох ёсгүйг Ц.Элбэгдорж маань хэнээс ч илүү мэдэж байсан. Тэгээд ?!
Хэрэг явдал болох үед Цагдаагийн Ерөнхий газрын даргаар хурандаа Д.Мөрөн, Мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Д.Алтангэрэл, Хотын цагдаагийн газрын даргаар, сүүлд Авлигатай тэмцэх газрын дарга болсон хурандаа Н.Ганболд нар ажиллаж байсан юм. Аллагын тухай янз бүрийн баримт сэжиг таамгууд цуварч эхэлсэн дээ. “Алуурчдын хөлөглөн явсан улаан машины жолоочийг барьж гэнэ”, “ Гаднаас нь цустай таван төгрөг олоод хавтаст хэрэгт нь хадгалж гэнэ”, “Хоёр алуурчныг зугтааж явахад нь нэг нөхөр таниад нэрээр нь дуудахад эргэж харж байсан гэнэ” сүүлд тэр хүн учир битүүлэг нас барсан гэнэ…. гэхчлэн тоймгүй их сэжиг таамаг хөвөрч байсан. Номонд бичсэнээр бол энэ хэргийн гэрч болох, сэжиг таамаг авсан 15 хүн алагдсан буюу учир битүүлэг нас барсан гэдэг юм. Үүгээр бол, их дээрээс унжсан гар байгаа биз? !Д.Мөрөн, Д.Алтангэрэл хоёр “Их өргөн хүрээтэй шалгасан. Одоо хумигдсаар илрэх цэг дээрээ ирж байна” хэмээн удаа дараалан мэдэгдэж байсансан. Тэгж байтал энэ хоёр хурандаа гэнэт халагдсан. Тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг солигдлоо л гэдэг. Бид бол тэр комисс байтугай “хавтаст хэрэг нь” бүрэн бүтэн байдаг эсэхийг ч мэдэхээ больсон.
Ингээд л алуурчид, захиалагчдыг “төөрөгдүүлэх” үйл ажиллагаа эхэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэргээр АНУ-аас “Ард” Батсүхийг, Францаас Дамирангийн Энхбатыг, Өвөрмонголоос Зууннастыг, Дарханаас гэр бүлийн Далхжав, Даваа хоёрыг гэх мэтчилэн барьж авчраад хорьчихсон. Энэ хүмүүсийг олон сар жилээр хорьж тамласандаа. “Ард” Батсүх нь одоо хаана байдаг гэдгийг мэдэхгүй. Энхбат, Далхжав хоёр нь шоронгийн хүндийг даалгүй таалал төгссөн. Одоо ганцхан Далхжавын эхнэр Даваа л амьд сэрүүн байгаа. Энэ эмэгтэй шоронгийн хүндийг туулж, яаж зовж тамлагдсан гээ. Нөхрийг нь хөдөө аваачиж хэвтүүлээд “С.Зоригийг алснаа хүлээ” гээд хэдэн буу үзүүлж “Энэ буунуудын алинаар нь алуулмаар байна” гээд толгой дээгүүр нь буудаж байсан гэдэг юм. Энэ хөөрхийлөлтэй гэр бүлийн хувь заяаны талаар би “Содон хүмүүс” номынхоо нэгдүгээр дэвтэрт дэлгэрэнгүй бичсэн байгаа.
Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлж авчран, яаж тамлан үхэлд хүргэснийг манайхан сайн мэдэж байгаа. Бараг л детектив зохиол шиг юм шүү дээ. С.Зоригийг алсан хэргээр Францаас Д.Энхбатыг авчирсан хүн бол одоо Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Б.Хурц. Д.Энхбат шоронд яаж нас барсныг гэр бүлийнхэн нь олон удаа ярьж бичиж байсан учир нуршилтгүй биз.
Б.Хурцыг нэг удаа Англид очиход нь хүн хулгайлсан хэргээр нь баривчлаад шоронд суулгачихсан. “Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм” гэж зарим эх сурвалж мэдээлдэг. Ингээд Б.Хурцыг Германы шоронд шилжүүлж, тэндээс Францад өгөх гэж байтал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаран Германд очиж Б.Хурцыг суллуулан, нэг онгоцоор хүрч ирж байсныг манайхан мартаагүй байх. Дараахан нь Германы канцлер А.Меркель авгай Монголд уригдан, өндөр дээд хэмжээнд зочилсон. Ц.Элбэгдорж, А.Меркель хоёр ямар тохироонд хүрснийг мэдэхгүй. Хүмүүс янз бүрийн л таамаг дэвшүүлдэг. “Оросоос зайгаа барина. Европын холбоонд морь нохой мэт зүтгэнэ. АСЕМ-ын уулзалтыг эх орондоо хийнэ” гэх мэтчилэн амлаа болуу гэж таамагладаг л даа. Бас Ц.Элбэгдорж маань Францад нэг удаа зочлохдоо “Арева”-д ураныхаа лицензийг өгчихөөд ирснийг нэхэн санахад илүүдэхгүй бол уу?
С.Зоригийн аллагыг ийм байдлаар, их дээрээс төөрүүлж байсаар алуурчид 17 жилийн ял завшуулаад байна. Би Д.Мөрөн, Д.Алтангэрэл хоёроос олон удаа үнэнийг өчсөн ярилцлага авах гэж уулзсан. “Ярилцлага өгөх болоогүй. Цаг нь ирэхээр дуугарна” гэсээр 17 жил өнгөрлөө шүү дээ. Энэ хоёр, захиалагчидтай хуйвалдсан гэж бодох болсон. Арван долоон жилийн дотор энэ хоёр хурандаа маань Д.Мөрөн УИХ-ын гишүүн, МАН-ын даргын Зөвлөх, Д.Алтангэрэл нь хуулийн дээд сургуулийн захирал гээд тансаг амьдралд умбаж байлаа. Бидэнд нууц юм бол, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, хууль хяналтынханд бүх үнэнийг дэлгэн тавьж болно биз дээ? !
Би, бодохоос харамсдаг. Ц.Элбэгдорж маань энэ 17 жилийн дотор, найман жилд нь Ерөнхийлөгч, бусад жилүүдэд нь Ерөнхий сайд, намын дарга гэхчлэн, эрх мэдлийн “толгой” бүхэн дээр гишгэж явсан. Нээрээ л С.Зоригийг хамтран зүтгэгч халуун андаа гэж бодож явсан бол энэ аллагыг илрүүлчих боломж байсан. Тэгсэн чинь нэг л хөндий, хүнийрхүү хандаад, бараг л нэрийг нь сонсохоос айдаг юм шиг харагдаад байдаг. Хардаа та нар! “Хонхны” Цогтсайханы ямар сайхан хөшөө цогцолбор босгов? Тэгсэн чинь С.Зоригийнх болохоор, тэр нэг байшингийн сүүдэрт жижигхэн баримал “нуучихсан”. Ингэж л хандаад байгаа юм даа.
С.Зоригийг хөнөөсөн аллагын хавтаст хэргийг нэг удаа цагдаагийн хоёр генералд уншуулсан гэдэг юм. Тэр хоёр улсын Ерөнхий прокурорт тус тусын дүгнэлтийг хүргүүлсэн байдаг. Хоёр дүгнэлтээс гарцаагүй тохирсон нэг өгүүлбэр байдаг гэсэн. Тэр нь “Энэ хэрэгт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Энхбаатар гурвыг зайлшгүй шалгах шаардлагатай” гэж. Тэр дүгнэлт улсын Ерөнхий прокурорын газарт одоо байдаг эсэхийг мэдэхгүй. Удирдлага нь олон удаа солигдсон. Устгачихсан байхыг ч байг гэх газаргүй л болов уу. Таны анхааралд бас л нэг зүйлийг онцолж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа яаравчлан Э.Бат-Үүлд Улсын баатар цол, Д.Энхбаатарт генерал цол олгосныг та бүхэн санаж байгаа байх. Монголын ардчилсан хувьсгалд амь хайргүй зүтгэсэн, Улсын баатар болвол ч болчихмоор хүн олон бий юмсан. Ц.Элбэгдоржийг индэр дээр үг хэлж байхад Дарь.Сүхбаатар дэргэд нь төрийн далбаагааар даллаад “Хонхны” Цогтсайхан дайчин дуугаа хадаагаад зогсож байдагсан. С.Нинжийг Үйлдвэрчний соёлын ордноос гарч ирэхэд нь тэр мянга мянган хүмүүс гар дээрээ өргөөд явж байсансан. Ч.Энхээ, Д.Батзориг, Д.Сосорбарам, Баасан лам, “малыш” Энхтүвшин, П.Нэргүй, Г.Бошигт гээд хувьсгалын тэргүүн эгнээнд амиа золиослон явсан хүмүүс мартагдсан. Хэн тэднийг мартуулав?! Олны нүднээс хэн тэднийг нуув?!
Би бас С.Зоригийн ах С.Баяр, дүү С.Оюун хоёрт гомдоод байгаа юм. Би л тийм сайхан дүүгээ юмуу ахыгаа, тийм аймшигтай алуулчихсан бол юун УИХ-ын гишүүн, юун Элчин сайд ! Монголдоо гишгэх газар мухардвал олон улсын хэмжээнд, шудрага бүхэнд хандан, мөргөж гуйж байхсан. Тэгсэн чинь 17 жил өөдтэй дуугарсан ч үгүй. Өөрсдөө тансаглаад л өнгөрлөө дөө.
Цорын ганц гэрч Б.Булганыг нэг жил хорьж саатуулаад саяхан суллалаа. Уул нь “С.Зоригийн хэрэг” төвөггүйхэн илэрчих хэрэг юмсан. Сэжигтнийг Б.Булгантай нүүрэлдүүлэхэд л “мөн” “биш” хоёр ялгарна. Энэ удаа Булган маань юу гэж гэрчилсэн юм, мэдэхгүй л байна. Удахгүй тодорхой болно биз.
Хөөрхий дөө, сонгууль болгоны өмнө талийгаачийн нэрийг барин эрх баригч нам нь хэдэн суудал авдаг болсон. “Юу байхав, дор нь илрүүлчихнэ. Бараг эздийг нь олж байгаа” гэх шиг юм яриад, сонгууль өнгөрөхөөр л таг чиг болдог. Талийгаачийнхаа сүнсээр ингэж тоглож болно гэж үү?!
2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн өмнө “С.Зоригийг алсан аллагын хэрэг” илрэх гэж байгаа гээд гэрч Б.Булган, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн малчин Б.Содномдаржаа, Эрдэнэтийн ГОК-ын гуанзны тогооч Т.Чимгээ нарыг баривчлаад хорьчихсон байгаа. Би уулзаж л болох бүх хүнтэй уулзсан. Хоёр ээжтэй нь дэлгэрэнгүй ярилцлага хийснээ “Өдрийн сонин”-ныхоо есдүгээр сарын эхний дугаарт нийтэлсэн. Аймшигтай юм билээ.
Таксины жолоочийг мөчилж алаад шоронд 25 жилийн ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар гэгч залуу “Би С.Зоригийг алсан” гэж хэрэг хүлээгээд өөрийн төрөл хамаатан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт хамсан оролцсон гэж өчсөн юм билээ. Тэгээд л Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр С.Зоригийг хөнөөсөн гэдэг мэдээлэл цацагдан, сэжигтнүүд одоо хүртэл хоригдож байгаа. Энэ хоёр хүнийг эхнээсээ ямар байдлаар сэжиглэж, баривчилж, хэрэг хүлээлгэх гэж юу болсон нь хоёр ээжийн ярианд тодорхой бий. Би, тагнуул хуулийнхны шалгаж байгаа, одоо мөрдөн байцаалт нь дуусаад прокурорт шилжиж байгаа хэрэгт холбогдогчдыг тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлэхгүй. Харин, гурван гол зангилгааг гадны нөлөөгүй, мэргэжлийн өндөр түвшинд, хуулийн дагуу тайлж шийдээсэй гэж бодсон юм.
Нэгдүгээрт, гол захиалагч нь УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг юм бол тэр хүнийг амьд сэрүүнд нь энэ хэргийг яагаад хөндөж тавиагүй юм? Ер нь Ш.Отгонбилэгийн учир битүүлэг үхэл ч үүнтэй алсаараа холбоотой биш байгаадаа хэмээн бодоход хүргэж байна. Одоо бол “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн байдлаар хандаж байгаа.
Хоёрдугаарт, Ш.Отгонбилэг гэдэг хүн чинь Эрдэнэтийн дарга байхдаа тусгай онгоц хөлөглөдөг, хамгаалалтын алба гэж булиа залуучуудаар хамгаалуулсан, том хүн байлаа шүү дээ. Тийм хүн, С.Зоригийг хашраах ч юм уу алуулах гэж хөдөөний малчин залуу, тогооч эмэгтэй хоёроо явуулж байдаг юм уу?!
Гуравдугаарт, С.Зоригийг Ерөнхий сайд болгох гэж хамгийн их дэмжиж байсан хүн бол яалтгүй Ерөнхийлөгч Н.Багабанди. Багабанди Ерөнхийлөгчийнхөө дэмжиж байгаа хүнийг баруун гарынх нь найз Ш.Отгонбилэг алуулахаар хүн явуулж байх уу?
“С.Зоригийн хэрэг”-ийн сэжигтнүүдэд прокурор ялын тогтоолоо үйлдэн, тун удахгүй шүүхээр шийдэх юм байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр маань ТЕГ-ынхаа “жолоо цулбуурыг” атгаад сууж байгаа. Хоёулаа л Монгол төрийн толгойд олон жил суулаа. Сонгуулийн өмнө “С.Зоригийн хэрэг”-ээр мөн ч олон шоу хийсэн дээ. Уул нь дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж л баймаар юм даа. Сэтгүүлч би төдийгүй, Монголын ард түмэн, олон сонгуулийн өмнө хууртаж хаширсан байгаа шүү. Олон ч хүн хилсээр хохирсон. Тиймээс энэ удаад хэн нэгний юмуу, хэсэг бүлэг хүний тулгалтаар биш, гарцаагүй нотлох баримтаар энэ хэргийг үнэн зөв шийдээсэй гэхдээ өвгөн сэтгүүлч нь үүнийг тэрлэв.
Санжаасүрэнгийн Зоригт
ХҮҮТЭЙ ЮМ, МОНГОЛ
Аймтгай нэг нь үүрэндээ шигдэж
Айдаггүй нэг нь нарсанд наалдаж,
Нар байвч гэрэл нь үзэгддэггүй
Намар боловч жимс нь дэлгэрдэггүй
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Эрлэгт эмээллүүлсэн юм шиг
Энэ Монгол дуусах юм гэж үү!
Хойт эцгийн гар дарж
Холын гүнжийн царай харж
Хот нь үгүйрч, заяа нь барагдсан
Хорвоогийн нэгэн буурай төрөлтөн
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Өвөр дээрээ биднээ тэврэх
Өгөөмөр гар байсангүй гэж үү
Ярих үг нь шивнээ болсон
Ял үүрч гэмтэн гэгдсэн
Яадгаа алдсан “Цахиур Төмөрүүд”
Яалтгүй бид үнсэнд хаягдсаан.
Хаашаа орчлон бэ?
Хачин заяа вэ?
Элгэн халуун Монголоо гэсэн
Эр хүйстэн байна уу, үгүй юу?
Хорьдугаар зууны сүүлчийн арван
Хорвоод мэндлэх тэрхэн агшинд
Хойморын цагаан сахиус амилж
Хотол монгол шилгээж бослоо
Ардчилал эхийн бүүвэйлж байсан
Арван хэдэн хүүхэд өсчээ
Алтан соёмботой тугаа мөрлөн
Аавын хөвгүүд өндийн босчээ
Сүх жанжны өргөн талбайд
Сүүн цацлаар мөндөр бууж
Эзэн Чингисийн хөх туг
Эмээл дээр дэрвэж байна.
Хүнийх биш, монгол
Хүүтэй юм, монгол
Бүүвэйн дуунаар амилсан эзэн
Бүүргэн дээрээ өндийж байна.
Хуучин хууль-тамын тунхаг
Хуудас цаас-намын заалт
Өрөөсгөл хэлцэл-өрийн данс
Өршөөл эрсэн-өргөх бичиг
Ийм л орчлонгоос,
Ивээлгүй харанхуйгаас
Түмний хилэн эх барьж авсан
Түүхийн баатар өндийж бослоо.
Хад бутраах очир-эрдэнийг
Халуун гарт чинь бариулж мордуулъя
Нарны цацраг таслан атгуулж
Нанжин гөлмийг чинь сүүгээр мялаая.
Хүнийх биш, монгол
Хүүтэй юм, монгол
Буурал хорвоод булагдсан дарь-
Буян заяагаа чамд даатгая
1990 он
Г.Жамьян
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)