Дэлхийг эмэгтэйчүүд захирах уу

Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь эдүгээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд иржээ. 2016 оны байдлаар, 193 эмэгтэй НҮБ-д улсаа төлөөлөн сууж байгаа бөгөөд 25 улс эмэгтэй төрийн тэргүүн, эсвэл ерөнхий сайдтай байна. Дани, Их Британи гэсэн хоёр улс хатан хаантай, Бразил, Төв Африкийн БНУ, Чили, Хорват, Либери, Литва, Мальта, Маршаллын арлууд, Мавритани, Балба, Сан Марино, БНСУ, Тайвань (сонгогдсон) гэсэн 13 улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байна. Түүнчлэн Бангладеш, ХБНГУ, Намиби, Норвеги, Польш, Спрска, Аландын арлууд гэсэн долооон улс эмэгтэй Ерөнхий сайдтай байгаа юм.

АНУ-ын “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг нэрлэхэд жагсаалтын ихэнхийг улс төр, санхүү, бизнесийн салбарын төлөөлөгчид бүрдүүлжээ. Сонирхолтой нь, тэд бүгд амжилтад хүрсэн гэдгээсээ гадна, гэр бүлгүй, эсвэл хүүхэдгүй, эс бөгөөс цөөн хүүхэдтэйгээрээ ижил байгаа нь үнэхээр анхаарал татлаа. Нэг талаас нь харахад ажил нь цэцэглэж яваа удирдагч ч нөгөө талаас эгр бүлийн аз жаргалыг дутуухан амталсан азгүй хүмүүс ч юм шиг. Ингээд дэлхийн хамгийн нөлөө бүхий таван эмэгтэйг танилцуулья.

Ангела Меркель

Албан тушаал: ХБНГУ-ын канцлер

Нас: 60

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн. Хүүхэдгүй

Боловсрол: Шинжлэх ухааны магистр, Лейпцигийн их сургуулийн доктор

А.Меркель энэ жил 10 дахь удаагаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж, нэгэн содон түүхийн эзэн боллоо. Зүүн Германаас гаралтай гэдгээрээ Германы бусад лидерүүдээс ялгардаг тэрээр 2013 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар дэлхийн түүхэнд Засгийн газрын тэргүүнээр хамгийн олон жил ажилласан эмэгтэй болж бичигдэх “тийзээ” захиалсан. Нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг 10 жил магнайлсан түүний  ноёрхол цаашид ч үргэлжлэх нь тодорхой бөгөөд арын эгнээнээс Х.Клинтон л АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд гүйцэж түрүүлэх магадлалтай юм.

Хиллари Клинтон

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч

Нас: 67

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн

Хүүхэд: Нэг охинтой

Боловсрол: Уэллслигийн коллежид урлагийн бакалавр, Йелийн их сургуульд хууль эрх зүйн магистр хамгаалсан

Хиллари Клинтон АНУ-ын бусад тэргүүн хатагтай нараас анхлан Конгрессийн гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга болсон гэдгээрээ онцгойрдог. Б.Сандерсыг ялж, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл, дэвшээд сонгогдвол мөн л анхны гэсэн тод түүхийн эзэн болно. Олон нийтийн дунд Ерөнхийлөгч нөхрөөсөө ч илүү нэр хүндтэй байсан үе түүнд бий. “Хэцүү сонголт” гэдэг дурсамжийн номоо 2014 он гаргасан нь бестселлер болсон. Мөн онд Хилларигийн амьдралд бас нэг тэмдэглэлт үйл явдал тохиож, ганц охин Челси нь Шарлотт Клинтон Мезвински хэмээх охин төрүүлэн ээжийгээ эмээ болгожээ.

Тэрээр улсын нууцтай холбоотой баримтуудыг хадгалж байснаасаа болж багагүй хэл аманд өртсөн ч нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Б.Сандерсыг 1121:489 саналаар хол илүүрхэж явна.

Мелинда Гейтс

            “Bill & Melinda Gates” сангийн дэд тэргүүн

Нас: 50

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн

Хүүхэд: Гурав

Боловсрол: Дьюкийн их сургуулийн бакалавр

 Мелинда бол хүмүүнлэгийн үйлсэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг гэдгээрээ алдартай. Нөхөртэйгөө хамтран 2000 онд байгуулсан сан нь 15 жилийн хугацаанд 33 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулжээ. Тэрээр сүүлийн үед хөгжиж байгаа гэсэн тодотголтой орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалх асуудалд ихэд анхаарч, хөрөнгө хаях болжээ.

Жанет Йеллен

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн

Нас: 68

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн

Хүүхэд: Нэг хүүтэй

Боловсрол: Брауны их сургуулийн магистр, Йелийн их сургуулийн доктор.

Жанет 2014 оны хоёрдугаар сард Бен Бернанкег залгамжлан Холбооны нөөцийн сангийн захирлаар томилогдсоноос энэ албан тушаалд очсон анхны эмэгтэй болжээ. Шинэ хямралын эхэн үед чухал салбарын тэргүүнээр томилогдсон тэрээр хөрөнгийн зах зээлийг сайжруулахаар сар бүр 85 тэрбум ам.доллар зарцуулж байсныг больж, бодлогын хүүг өсгөсөн. Ингэснээр “шийдэмгий удирдагч” гэсэн нэр хүндийг баттай олж авчээ. Конгрессийн зарим гишүүн сүүлийн үед Холбооны нөөцийн санд аудитын шалгалт оруулах саналыг гаргах болсон чЖ.Йеллен энэ санаачилгыг тууштай эсэргүүцсээр байгаа юм.

 Мэри Барра

“General Motors”-ын Ерөнхийлөгч

Нас: 53

Гэр бүлийн байдал: гэрлэсэн

Хүүхэд: Хоёр хүүхэдтэй

Боловсрол: Стэнфордын бизнесийн дээд сургууль, Кеттерингийн их сургуулийн бакалавр

 Эрчүүдийнх л баймаар санагдах автомашин үйлдвэрлэлийн салбарт цойлж, хамгийн алдартай компанийг удирдаж яваа мундаг эмэгтэй. Дампуурах шахсан компанийг хариуцаж авсан тэрээр эхний жилдээ шүүхэд ялагдаж, хүнд байдлыг даван гарсан. Өнгөрсөн жил ОХУ, Индонез, Австрали дахь салбараа хааж, санхүүгийн сахилга батыг чанд мөрдүүлснээр эргээд хөл дээр нь босгож чаджээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний 10-т ОУВС-гийн ерөнхийлөгч К.Лагард, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссеф, “Facebook”-ийн захирал Шерил Сэндберг, “YouTube”-ийн ерөнхийлөгч Сьюзен Вайчицки, АНУ-ын тэргүүн хатагтай М.Обама нар багтжээ.

Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …