Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёрын хэнд нь хүний үнэр байхгүй вэ

27436055a1ca05f5original

-Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёрын дунд “дайн” дэгдлээ-

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлж байсанчлан “Эрдэнэт” үйлдвэрийг бүлэглэж дээрэмдсэн этгээдүүд энэ луйвраа хамгаалах гэж их ажил хийнэ гэдэг нь ёсоор боллоо. Ялангуяа энэ дээрэмд Төрийн гурван өндөрлөг оролцсон гэдэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эгдүүг ихэд хүргэсэн бололтой. Тиймдээ ч өчигдөр сэтгүүлчидтэй “зангиагүй уулзалт” хийх нэрээр цуглуулчихаад өөрийнх нь эсрэг үг хэлсэн хүн рүү илт дайрсан, өөрийгөө өмгөөлсөн, 26 жил байгуулцсан төрөө шүүмжилсэн мэдэгдлийг ар араас нь цувруулав.

Бүр Ерөнхийлөгч хүн үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг байна гэдгээ умартатлаа өширхсөн байв. Мэдээж “Эрдэнэт” үйлдвэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдэхгүйгээр зарагдана гэж байхгүй юм. Ц.Нямдорж ч үүнийг баталж, “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Элбэгдорж өөрөө, 6 сарын 23-нд Ташкентад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт болоход Худалдаа, хөгжлийн банкны Орхон очиж эцсийн цэгийг тавьсан” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6 сарын 23-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Узбекистаны нийслэл Ташкент хотод очсон юм.

Чухамхүү энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг хувьд шилжүүлэх эцсийн цэгийг тавьсан нь 6 сарын 29-нд болсон сонгуулийн үр дүнг нэг тал уруу хэлбийхэд хүргэсэн бололтой. АН-ын гишүүд, дэмжигчид “Сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрээр оролдсон нь манай намыг ялагдалд хүргэлээ” хэмээж байсан. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүст нам яах нь хамаагүй ашиг сонирхол л чухал байжээ.

Тиймдээ ч хүссэнээ хийж, өдгөө энэхүү хуйвалдаанд хэн хэн оролцсон бараг тодорхой болж ирлээ. Ц.Нямдорж гишүүний мэдэгдэлтэй холбоотойгоор барьц алдан сандралдах тэдгээр хүмүүсийн зүгээс ард түмнийг хоёр хуваан хагаралдуулж тархийг нь угааж байгаад “Эрдэнэт”-д хийсэн луйвраа авч үлдэхээр мэрийж байна. Хамгийн гол нь, С.Зоригийн хэргээс авахуулаад бүх бузар булай болгоныг дараад өнгөрдөг МАНАН-гийн сүлжээнд “Эрдэнэт” үйлдвэрийн луйвар орсон нь өдгөө луйварчдыг нь ингэж том дуугарахад хүргэж байна.

Нөгөө талаас “Эрдэнэт” үйлдвэрийг авсан Худалдаа, хөгжлийн банкны “эзэн” Д.Эрдэнэбилэгийн хувьд эхнээсээ л Ц.Элбэгдоржийн “ивээн тэтгэгч” хэмээн хэлэгддэг байсан. Үүнээс тэр хоёрын дунд ямар нэгэн нууц тохиролцоо болчихлоо хэмээн хардах хүмүүс байгаа юм. Мөн түүнчлэн Д.Эрдэнэбилэг нь МАН-ын хотын фракцийн гол хүмүүсийн нэг Т.Бадамжунайгийн хүргэн гэх бөгөөд ийм тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэр МАНАН дотор ороод алга болох нь тодорхой юм. Энд бас л нэг зүйлийг дурдахад, улстөрийн “нэвтэрхий толь” Ц.Нямдорж “МАНАН-г Н.Энхбаяр, М.Энхсайхан нар байгуулсан. Тэр хоёрын дундаас төрсөн хүүхэд нь Ц.Элбэгдорж” гэсэн юм. Тэгвэл өдгөө МАНАН-г Ц.Элбэгдорж толгойлж байгаа юм.

Түүний хувьд “Жу Мээрэн” гэгддэг хөрөнгөлөг хотын дарга асан Т.Бадамжунайгаар дамжуулан М.Энхболд болон МАН-ыг атгаад байгаа нь тодорхой байна. Тиймдээ ч МАН-аас “Эрдэнэт”-ийн илт луйварт дорвитой хөдөлж, ард түмэнд таалагдах ажлыг хийхгүй байна. МАН-ын М.Энхболдын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бөгөөд Ц.Элбэгдорж түүнтэй тохиролцож, Э.Бат-Үүл гэсэн гол өрсөлдөгчийг нь унагаж, замыг нь засч өгснийхөө хариуд Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа өөрийнхөө аюулгүй байдлыг хангуулах, Н.Энхбаяр шиг торны ард суучихгүй тохиролцоог хийсэн гэх.

Магадгүй энэ тохиролцоо нэг хэсэг нь “Эрдэнэт” үйлдвэр байх. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт МАНАН тохиролцож, “нохойн замаар” оруулах эхлэл тавигджээ. Болоогүй, МАН-тай тохиролцсон АН-ынхан дураараа авирлаж, “Эрдэнэт”-ийн ТУЗ-ын дарга болон бусад чухал томилгоо, шийдвэрүүдийг цөөнх гаргаж болно гэдэг тушаалыг өмнөх Сангийн сайд Б.Болороор гаргуулж аван даналзсан байдаг. Ингэж л 49 хувийг нь худалдан авсан хувийн эздүүд Засгийн газрын 51 хувийг ямар ч чадамжгүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийг нэг ёсондоо зөвхөн эздүүдээ баяжуулдаг “банк” шиг хувийн аж ахуйн нэгж болгох гэж байв.

Ямартай ч, М.Энхболд Ерөнхийлөгч болж, “Эрдэнэт” үйлдвэр, Ц.Элбэгдорж нарын асуудал дарагдаад өнгөрөх учраас ингэж эрээ цээргүй аашилж, би буруугүй, би хүний үнэртэй, чи хүний үнэргүй гэх зэргээр мэдэгдэл хийж байгаа бололтой юмдаг. Эс бөгөөс хэн нь “Эрдэнэт” үйлдвэр, ард түмнээ гэсэн сэтгэлтэй болохыг цаг хугацаа харуулаад өгөх бус уу. Харамсалтай, хамгаалалтандаа найдсан зарим нэг нь иргэдийг илт тохуурсан худал мэдэгдлээр өөрийгөө өмгөөлж байна. Энэ нь манай улстөрийн ертөнцийн хамгийн бохир заваан үзэгдэл мөнөөс мөн билээ.

 

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …