Өнгөрөгч шөнө буюу 10 дугаар сарын 10-ны 02:00-03:00 цагийн үед Улаанбаатар хотын төвд ноцтой хэрэг гарлаа. Сүхбаатар дүүрэг, Нэгдүгээр эмнэлгийн хажууд орших “Шош” автомат тоглоомын газарт зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч нэг тэрбум орчим төгрөг дээрэмджээ. Гэмт этгээдүүд гурвуулаа байсан ба нүүрээ халхалж буу болон хутгаар зэвсэглэсэн байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр, тухайн үед автомат тоглоомын газарт 30 орчим хүн үйлчлүүлж байсан бөгөөд гэмт этгээдүүд тэднийг дээрмийн үйл ажиллагааг нь эсэргүүцлээ, юм хэллээ гэх зэргээр бараг бүгдийг нь их багаар зүсч гэмтээсэн гэнэ.
Хэдийгээр Цагдаагийн газраас 30 орчим хүнийг зүссэн гэх мэдээллийг няцааж байгаа ч эх сурвалжуудын хэлснээр гэмт этгээдүүд тэнд байсан хүмүүсийг бараг бүгдийг нь их бага хэмжээгээр шархдуулсан аж. Харин ингэж зүсүүлж, хутгалуулсан хүмүүсээс тав, зургаан хүнийнх нь биеийн байдал муу байгаа аж. Одоогоор сэжигтнүүдийг саатуулаад байгаа бөгөөд тэдний “толгойлогч” нь “Ука” хэмээх хочтой Алтанхуяг гэнэ. Түүнчлэн сэжигтнүүдийг саяхан шоронгоос суллагдсан хүмүүс гэж эх сурвалж хэлсэн юм. Түүнчлэн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдүүд автомат тоглоомын газраас их хэмжээний мөнгөнөөс гадна 1 кг орчим алт дээрэмдсэн аж. Ямартай ч, Монгол Улсад сүүлийн жилүүдэд гараагүй ноцтой хэрэг гарлаа.
Нөгөө талаас “автомат тоглоом” нэртэй зүсээ хувилгасан казино хоногтоо тэрбум орчим төгрөгийн ашигтай ажилладаг байх магадлалтай байдал эндээс харагдлаа. Нийслэл хотод нэлээд олон автомат тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Ил явуулж байгаа цөөнгүй газар байхад далд хэлбэрээр түүнээс ч олон газар бий гэх. “Автомат тоглоом” хэмээн нэрийг нь зөөлрүүлсэн мөрийтэй тоглоомын газруудыг байгуулах эрхийг АН-аас угшилтай хэсэг бүлэг хүмүүс олгож, өөрсдийн мөнгө олох хэрэгслээ болгосон байна.
Өглөөнөөс үдэш хүртэл, амралтын өдөргүй, цаг хэтрүүлэн ажилладаг, орох гарах хаалга нь нууц тэдгээр автомат тоглоом нэртэй казинонуудад хүүхэд хөгшин гэлтгүй өглөө онгойхоос нь үдэш хаатал нь сууж, хэдэн зуун мянгаас хэдэн саяар нь алдаж, амьдралаа үгүй хийж байна. Хуулийн цоорхой ашиглан автомат тоглоом байгуулах тусгай зөвшөөрөл олгож, түүнийгээ өндөр үнээр “худалдан борлуулж” буй хүмүүсийг эрэн срувалжлахад энэхүү зөвшөөрлийг “Ноён Күйза” буюу Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл олгож байсан нь тогтоогдсон.
Гэвч түүний зүгээс олгохоо зогсоосон гэдгээ Нийслэлийн Соёл, урлагийн газраараа дамжуулан мэдэгдэж байсан. Харамсалтай нь, автомат тоглоомын газар байгуулах тусгай зөвшөөрөл олгохоо зогсоосон гэж мэдэгдсэнээс хойш ч Б.Батцэнгэлийг ийм зөвшөөрөл олгосон гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Мөн мань хүнийг дарамтад ороод нууцаар ийм зөвшөөрөл олгосон байх магадлалтай хэмээн үзэж буйгаа ч нуугаагүй юм.
Хамгийн гол нь, автомат тоглоом гэх тэдгээр газруудад нь казинод байдаг тоглоомууд байж л байдаг, мөрий, бооцоо гэх мэт зүйл тавьж л байдаг, түүнийгээ алдаж л байдагт байгаа юм. Хэдийгээр автомат тоглоомын газруудаар үйлчлүүлэхдээ карт худалдан авч тоглодог ч тодорхой үнийн дүнтэй тэр карт гэгчийг өдөртөө хэдэн ч удаа худалдан авч, цэнэглүүлж тоглосноор хэдэн зуугаас хэдэн саяар нь алдаж болдог байна.
Төгс