“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Сэтгүүлчидтэй хийх уулзалтаа албан ёсоор нээж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхний амгаланг айлтгая. Уулзалтыг асуулт, хариулт хэлбэрээр явуулсан нь дээр байх гэж бодож байна. Асуултад ямар нэгэн цензур хориг байхгүй. Та бүхэн чөлөөтэй асууж болно. Олон хэвлэл мэдээллийн хүмүүс ирсэн байна. Тиймээс бусдыгаа хүндэтгээд нэг хүн хоёр асуулт тавих гэх мэтээр явбал олон хүмүүс асуулт тавих боломж гарах байх гэж найдаж байна. Өмнө нь хэвлэлийнхэнтэй уулзаж байсан. Тэр цагаас хойш нэг л том өөрчлөлт гарлаа шүү дээ. Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, Монгол улсын гүйцэтгэх эрх мэдэл нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд тайван замаар, сонгуулиар шилжсэн байгаа.
Асуулт богинохон байвал зүгээр байна. Нэг өгүүлбэрт багтаагаад манай сэтгүүлчид асуух байх гэж бодож байна. Уулзалтыг тодорхой телевизүүд шууд дамжуулж байгаа юм байна лээ. Тэгэхэээр үзэгчид, ард иргэдээ хүндэтгэж ярилцъя гэж бодож байна. Бүх л насны хүмүүс биднийг харж үзэж байгаа байх.
“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Манай өнөөдрийн уулзалтыг МҮОНТВ, Ийгл телевизүүд шууд дамжуулан хүргэж байна. Ингээд асуултаа эхэлье.
“МҮОНТВ”-ийн Монголын мэдээ агентлагийн сэтгүүлч Батнягт: Ерөнхийлөгч өө, сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр их тавигдаж байна. Нийгмийн анхаарлыг их татаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.
“Eagle”телевизийн сэтгүүлч Ганзориг: ҮАБЗ-өөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яагаад хэлэлцээгүй юм бол, үүнтэй холбоотойгоор МАНАН-гийн төр гэж яг юу юм бэ? Таныг үүний ард байгаа гэж Ардчилсан намын лидер хоёр хүн мэдэгдсэн учраас асууж байна. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын мэдэгдэлтэй холбоотойгоор асууж байгаа юм.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Уянга: Нямдорж дарга хэлэхдээ Эрдэнэтийн 49 хувьд төрийн гурван өндөрлөгийн оролцоо байгаа гэж хэлсэн. Төрийн гурван өндөрлөг гэхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарна. Танд Эрдэнэтийн 49 хувьд хувьцаа байгаа юу?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Хулан: Өчигдөр Засгийн газар Эрдэнэтийн асуудал хууль бус гэдгийг хэлсэн. Хууль бус юм бол тэр хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой вэ? Энэ тал дээр таны байр суурь юу байна?
“25-р суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: Хэвлэлээр гарсан хоёр ярилцлагын талаар асуумаар байна. Малыш Энхтүвшин гэдэг хүний ярилцлага байсан. Ерөнхийлөгчид мессэж бичихээр үг үйлдэл болдог гэсэн утгатай байсан. Хоёр дахь нь Х.Тэмүүжин гишүүний нэг ярилцлага байсан. Монгол Улс буцаад коммунист дэглэм рүүгээ буцаж байна гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Энэ дээр санал бодлоо хэлээч?
“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Туул: С.Зоригийн хэрэг илрэх гэж байна гэж бичиж байсан бол одоо илэрчихсэн гэсэн яриа нийгэмд гараад байдаг болчихлоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?
“Эх орон” телевиз “Үндэсний мэдээ” сонины эрхлэгч Ш.Даваадорж: Эрдэнэтийн 49 хувь дээр Оросын талын байр суурь ямар байгаа юм бол? Оросын тал стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн юм болов уу? 49 хувийн шуугианы хажуугаар бид төмөр замаа Оросын талд тавиад туучихаж байгаа юм биш үү гэсэн хардалт байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эхний асуулт. Эрдэнэтийн хувьчлал гэсэн нэр томьёог сэтгүүлч хэрэглэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гаднын улс оронд байсан, гаднын аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн байгаа юм.
Хэрвээ хувьчлал явагдахаар байгаа бол Монгол Улсын Засгийн газар хуралдаж хэлэлцээд, УИХ–аар шийдээд, хувьчлалын хөтөлбөрт ороод, ингэж шийддэг. Тэгэхээр нэр томъёоны хувьд ингэж ойлговол зүгээр байх.
ҮАБЗ дээр энэ асуудал яригдсан уу гэж асууж байна. Энэ дээр би товчхон хариулахад бүх л Засгийн газар 1990-оноос хойш Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, Монголросцветмет гээд ОХУ-тай холбоотой асуудлаар үргэлж ярьж, хэлэлцэж ирсэн.
Энд би нэг түүх өмнө ярьж байсан. Их өрийн асуудлыг 2003 онд ярьж байхад манай хоёр талын эдийн засагчид гараад Монголд ногдох Эрдэнэтийн хувь 70 хувь хүрч байгаа юм байна. Яагаад гэхээр баялгийн газар ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийг оруулж тооцсоор байгаад 70 хувь хүрч байгаа. Ер нь Эрдэнэт үйлдвэр чинь 680 сая шилжих рублиэр баригдсан байдаг. 51 хувиа Монгол Улс төлөх, дээр нь 49 хувьд ногдох хувиа төлөөд явах тухай ярьж байсан.
Тэр үед би нэг алдаа гарсан гэж үздэгээ өмнө нь ч ярьж байсан. Өрийн асуудлыг шийдэхдээ Эрдэнэтийн 51-ээс цааших Монголд ногдох хувийг хэтрүүлэхгүй гэж. Тэнд ажиллаж байсан манай Эрдэнэтийнхэн бүгд мэднэ. Зоригт гэж тэнд ажиллаж байсан, удирдлагад нь байсан сайн эдийн засагч байдаг. Тэр хүний хийсэн тооцоогоор бол дахиад 4-6 жил явахад Эрдэнэт үйлдвэрийн Монголд ногдох ашиг нь 100 хувь болох юм байна гэсэн.
Их өрийн асуудлаар энэ хувь яригдаж байхад гэрээ хэлэлцээрийг эрх зүйн хувьд зогсоох нь зөв үү гэсэн асуудлыг ярьж байсан байдаг. Тэр үеийн Хууль зүйн сайд бол энэ зөв гэсэн байр суурьтай байсан. Тэр үед байсан дарга нь энэ тухай ярьж байсан. Тэгэхээр Монголын Засгийн газар, Монголын төр аль нь ч бай Эрдэнэтийн гадна байгаа тэр хувийг нэмэгдүүлж авах, болж өгвөл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох энэ тал дээр үе үед л ярьж байсан зүйл.
ҮАБЗ дээр энэ тухай ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тиймээс энэ асуудлыг ҮАБЗ дээр яриагүй. МАНАН-гийн төр гэж юу юм бэ гэж асуулаа. Энэ бол сонины хэллэг, сэтгүүлчдийн хэллэг. Одоо бол МАН-ын, нэг намын УИХ, Засгийн газар байгуулагдаад ажиллаж байгаа. МАН нэг талдаа хариуцлага үүрээд, тулгамдаж байгаа асуудлыг шийдээд явах бүрэн эрхтэй. Боломжийг бол дангаар өгсөн. Ер нь 65 гишүүнтэй болно гэдэг бол миний санаж байгаагаар хоёр дахь удаагаа Монголын өнгөрсөн олон намтай байсан хугацаанд давтагдаж байгаа зүйл. Ямар ч асуудлыг шийдэх эрх Засгийн газар, УИХ-д байгаа.
Таныг Эрдэнэтийн ард нь байгаа гэж ярьж байна гэсний хувьд: Эрдэнэт үйлдвэрийн тос, шороонд хутгалдаж явсан ажилчин байсан хүн бол би. Аравдугаар анги төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж байсан, анхны цалин авч байсан. 1990 онд анх удаа Эрдэнэтээс улс төрийн энэ албанд сонгогдож, Улсын Бага Хурлын гишүүнд, АИХ-ын депутатад сонгогдож явсан. Эрдэнэт үйлдвэрт миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Бүх хатуу хэлье. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол Эрдэнэт үйлдвэр цаашид сайн яваасай гэсэн ийм л сонирхол байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн ард гурван томын оролцоо бий. Гурван өндөрлөг мэдэж байсан гэсэн яриа гарсан байсан. Би сүүлийн үед гарч байгаа мэдээллийг харж байгаа. Гурван том гэхээр саяын сэтгүүлчийн асууж байгаагаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хэлж байгаа юм байна гэж ойлгож байгаа.
Өмнө байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр өөрчлөгдсөн. Одоо сууж байгаа нь Ерөнхийлөгч байна. УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг. Хэрэв албан тушаалын том багаар нь хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Тэгэхээр гурав, дөрвөн томын оролцоо байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа юм.
Танд хувьцаа бий юу гэж асууж байна. Ямар нэгэн хувьчлал явагдаагүй, ямар нэгэн хувьцаа байхгүй.Засгийн газар шийдвэр гаргалаа. Тэр өмнө гарсан Сангийн сайдын тушаалыг хууль бус гэж үзлээ. Иймээс хариуцлага тооцох уу гэж асууж байна.
Эрдэнэтийн үйл явдлыг шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард Эрдэнэтийг, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлье. Харин энэ мэдэгдлийн ард, Эрдэнэтийн үйл явдлыг шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм. Ер нь танил тал татсан ийм байдал харагдаад байгаа юм.
Би наадмын өмнө МҮОНТВ-ээр ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Эрдэнэт дээр хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол шинэ УИХ, Засгийн газар эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй. Долоон сард Сангийн сайд томилогдсон.
Өмнөх Сангийн сайдын тушаалыг 7 дугаар сард л хүчингүй болгочих боломжтой байсан. Хэрвээ хууль бус, буруу гэсэн бол хүчингүй болгох ёстой. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан шинжтэй байна гэж байна гэхээр буруу, хууль бус юм хийсэн гэж байгаа бол түүнд яагаад бололцоо олгоод сууж байгаа юм. Эрх баригчид ийм бололцоо олгож болохгүй шүү дээ. Тийм бололцоо олгож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.
Тэгэхээр үүний ард ямар нэгэн улс орны эрх ашиг, Эрдэнэтийн 49 хувь буруу зөрүү шилжсэн тухай яриа хөөрөө байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн юм байна. Улс төрийн улирал халахыг хүлээсэн юм байна, 10 сар эхлэхийг хүлээсэн юм байна. Тэгээд Ц.Нямдоржийн мэдэгдэл хийхийг хүлээсэн юм байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийхэд тэнд байгаа ажлын хэсгийн ахлагч материал цуглуулж өгсөн юм байна. Цуглуулсан материал нь юу байсныг та бүхэн бүгдээрээ сонссон. Эхнээсээ няцаагдаад явж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төр.
Манай сэтгүүлчид сайн мэднэ дээ. Бид энэ улс төрийн үйл явцыг 20 жил оролцоод хараад л явж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм.
Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна.
Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна. Сүүлийн үед ийм яриа яваад байгаа. Ц.Элбэгдорж руу Ерөнхийлөгч рүү дайрвал рейтинг өсөөд байна гэсэн. Зарим хүн рейтингийг рентген гэж ярьдаг. Ард түмэн рентгенээр харж байгаа юм шиг улс төрчдийн ярьж байгаа зүйлийг нэвт хардаг болсон л доо. Хэвлэлийнхнийг, ард иргэдийг бүгдийг цочоох, тэндээс рейтингээ өсгөж гараад чин зорилго руугаа явах, ийм хувиа бодсон үйлдэл цаашаа явахгүй ээ.
Энд цаг алдсан байна. Хамгийн гол зорилго нь юу байна гэхээр 100 хоног өнгөрлөө Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж юу хийв? Сангийн сайдын хувьд хамгийн гол асуудлыг оруулж ирж шийдүүлэх байсан, ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр зогсоосон, хассан, боосон, танасан гээд бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ерөөсөө эндээс л хүмүүсийн сонирхол, анхаарлыг холдуулах гэсэн арга шүү дээ.
Хамгийн гол нь Ц.Нямдорж дээр авч үзвэл таван хууль. Монголын ард түмнийг 70 жил, дээрээс нь нээлттэй нийгэмд шилжсэн 26 жилд Монгол хүмүүсийн хөлс, цус, нулимсаар туршигдсан тэр хар тогтолцоог, тэр хуулийг халах гэж энэ таван хуулийг оруулж ирсэн шүү дээ. Тэгэхэд УИХ-аар баталсан таван хуулийг буцаагаад хаяж байгаа юм.
Тэр хүүхдүүдийн ялыг, гэр бүлийн хүчирхийллийг, энгийн иргэдэд ногддог тэр бүхнийг ялгаж салгаж өгөх байсан. 340 зүйл ангитай Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэрэг гэж үзэхгүй зөрчил гэж үзэх зүйлийг дунд нь таслаад явах байсан. Энэ хуулийг зогсоож байгаа. Үнэхээр Монголын ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан. Үүнээс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа юм.
Хэрэв Эрдэнэтийг яриагүй бол сэтгүүлч Ц.Нямдоржтой уулзаад тэр таван хуулийг яагаад буцаасан юм бэ? Та өмнө нь Хууль зүйн сайд байсан шүү дээ гэж асуух байсан. Ц.Нямдоржийн тооцоо бол Эрдэнэтийг аврагчийн дүрээр сонгогчидтойгоо уулзана гэсэн тооцоо байсан. Ийм учраас хувийн өчүүхэн эрх ашгийн үүднээс мэдэгдэл хийжээ. Үүний цаана улс орноо бодсон ямар нэгэн үйлдэл алга. Ц.Нямдорж үүний оронд намаасаа шаардах хэрэгтэй шүү дээ. “Амласан зүйлээ оруулж ир л дээ, Чойжилсүрээн” гэж. Чойжилсүрэнг би мэдэхгүй, би танихгүй гэж Нямдорж хэлэхгүй л байх.
Өнөөдөр над руу манай хил, цэрэг, цагдаагийнхан ярьж байна. 36 сарын тэтгэмж өгнө гэсэн. Тэгсэн үндсэн цалингаас тооцож өгнө гээд хийчихжээ. Уг нь бид цолны, сарын, хээрийн нэмэгдэл гээд тооцдог байсан. Одоо үүнийг хасаад 36 сарын нэмэгдэл 40-60 хувиар буурч байна.
Хүүхэд харах үйлчилгээ гээд зургаа, долоон мянган хүүхэд хамрагдаж байсан үйлчилгээг зогсоож байна. Ахмадууд байна. Ажлаас халагдсан хүмүүсээс та нар дээр маш их гомдол ирж байгаа болов уу. Энэ бол коммунист субботник шиг болж байна шүү дээ. Ийм зүйлээс хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд Нямдоржийн хийж байгаа алхам. Бусад гишүүд нь хөөрхий, сонгогчидтойгоо уулзаад, нүүрээ улайлгаад энэ асуултад хариулаад явж байгаа. Ганцаараа мундаг хүн болох гэж хийж байгаа энэ мэдэгдлийг Монголын ард түмэн сайн мэднэ дээ.
Х.Тэмүүжин гишүүн ярьсан байна. Эргээд коммунизм руугаа орох уу гэж асуусан байна. Ийм зүйл байхгүй. Коммунизм эргэж давтагдахгүй. Эргэж Монголд ирэх ч ёсгүй. Тиймээс энэ тал дээр тийм зүйл байхгүй гэж хэлье. Малыш Энхтүвшин гэдэг хүнтэй сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж явахад анх удаа би таарсан. Арван хэдэн жил огт таараагүй, тиймээс над руу мессэж бичдэг зүйл огт байхгүй. Тэр бол худлаа. Үүнийг Элбэгдоржтой холбож бичээд шуугиан дэгдээхээр яана гэж боддог юм бүү мэд.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдсон асуудлыг асууж байна. Тэгэхээр ер нь энэ хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг.
Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой
Эрдэнэтийн 49 хувь Монголд ирлээ. ОХУ-ын байр суурь ямар байгаа вэ гэж асуусан. Бид хоёр том хөрштэй Оросууд Эрдэнэтийн 49 хувийг Монголчуудад өгч байгаа нь стратегийн хувьд ашиггүй гэж үзсэн үү гэж энэ бол чухал асуулт.
Би В.Путин Ерөнхийлөгчөөс 6 дугаар сард болсон ШХАБ дээр шууд асууж байсан. Тэгэхэд В.Путин Ерөнхийлөгч “Энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явчихаж чадна гэдэгт би итгэж байгаа” гэсэн Ер нь ингэж асуудлыг шийдэж байгаа нь бол хоёр орны дээд түвшний харилцан итгэлцэл хамгийн сайн үедээ байгааг л харуулж байгаа юм.
Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтад ирсэн. Энэ асуудал хөндөгдөхөд “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлсэн. Их өр гээд манай хооронд байсан хэцүү асуудлууд бий. Сүүлчийн төлбөрийн асуудал 2016 оны эхний улиралд шийдэгдсэн. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс санхүү, дэд бүтэц, уул уурхай, эдийн засаг, хүмүүнлэг, хөрөнгө оруулалтын салбарт хойд хөрштэйгээ ажиллах бүрэн боломжтой. Улс төрийн хувьд манай хоёр орны харилцаа бол хамгийн өндөр, хамгийн сайн түвшинд байгаа. Дахиад олон шинэ салбар дээр сайн харилцааг үүсгээд цаашаа ажиллаад явах боломжтой.
Олон жил Эрдэнэт үйлдвэрийг манай үндэсний ажилчид, инженер техникийн ажилтнууд нуруундаа үүрч авч яваа шүү. Та бүхэн мэднэ 6000 гаруй ажилтан. Анх үүсээд явж байхад нь бид Зөвлөлтийн мэргэжилтэн хүмүүсийн тус дэмийг авдаг байсан. Энэ бол гайхамшигтай бүтээн байгуулалтыг хамтарч хийсэн. Гайхамшигтай түүх. Хоёр орны хувьд бол цаашаа шинэ зүйлийг хийх гайхамшигтай бааз суурь. Энэ дээр олон шинэ төслүүд өргөжиж ОХУ-тай олон салбарт хамтарч ажиллана.
Ер нь бид ОХУ, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн Дум, Холбооны зөвлөл энэ хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой. Монголоос авна гэж ярьдаг байсан их өрөө энэ хүмүүс өөрсдөө авах авлагаа маш хөнгөлөлттэй нөхцөлөөр багасгаж өгсөн шүү дээ. Хоёрхон хувь хүртэл болгож бууруулсан. Түүн дээр шоу хийж байгаа хүмүүст бид Монгол дотроо янз бүрийн нэр хүнд олох гэж байгаад нь талархлаа гэдэг биш, хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Бидэнд итгэж, хамтарч ажиллаж, хамтын ажиллагааны шинэ шинэ боломжууд байгаа гэж харж байгаа хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой.
ОХУ, Монголын ард түмний харилцаа бол гайхамшигтай түүхтэй шүү. Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цусаа асагаруулж явсан хүмүүс бол Орос хүмүүс шүү. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж хамт байсан хүмүүс бол Оросууд шүү. Ямар улстай Монголчууд хамгийн ойр ажиллах вэ гээд асуухад 1990-оноос хойш 60 гаруй хувь нь үргэлж ОХУ-тай Монгол ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг юм. Ерөнхий сайд, УИХ-ын удирдлага энэ хүмүүстэй, хойд хөрштэйгээ яамдууд, салбарын түвшинд хамтарч ажиллах, уулзах байх, өмнөх уламжлалаа цаашаа үргэлжлүүлэх байх гэж харж байгаа юм.
“Ардын эрх” сонины сэтгүүлч Шийлэгтөмөр: Орон нутгийн сонгуульд эрх барьж байгаа намаас өөр нам гарч хяналт тогтоох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Мөн таны хүү дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Тантай зөвлөсөн үү, хүүгийнхээ талаар ямар бодолтой байна?
“Ардчилал” сонины сэтгүүлч Ширнэн: Таны ярьсан коммунист субботник гэсэнтэй холбогдуулж асуумаар байна. Монголын ардчилал сүүлийн үед Ардын нам гарснаас хойш коммунист дэглэм рүү буцлаа гэж ярьж байна. Үүнээс гарах гаргалгаа хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих ёстой гэсэн энэ асуудлаар тантай уулзаж, УИХ-д хуулийн төсөл оруулна гэсэн, тантай уулсан болов уу?
“SBN” телевизийн сэтгүүлч: -МАН-ын Засгийн газар оюутны 70 мянга, хүүхдийн мөнгөний 40 хувь, хүүхэд харах үйлчилгээг зогсоолоо. Энэ бүхэнтэй Төрийн тэргүүний хувьд санал нийлж байгаа юу? Хоёрдугаарт, Монгол Улсад гаднын банк үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна уу? Гаднын банк орж ирснээр эдийн засаг болоод дотоод банкуудын үйл ажллагаанд ямар нөлөө үзүүлэх бол? Зөвхөн дотоодын банкны эрх ашгаар гадаадын банкийг оруулж ирэхгүй гэсэн зүйл байгаа. Энэ дээр таны байр суурь ямар байна?
“UB.Life” сайт, сэтгүүлч Энхцэцэг: Орос, Монголын харилцааны талаар сонирхолтой сэдэв хөндсөн болохоор үргэлжлүүлээд асууя. Эрдэнэтийн хувийг шилжүүлснээр олон шинэ төслийн үүдийг нээлээ гэж Д.Медведев хэлсэн юм байна. Та В.Путинтэй нэлээд олон удаа уулзаж байсан болохоор дараагийн төслүүд юу байх бол? Төмөр зам, алт, уран гээд сонирхож болох зүйл манайд байгаа учраас дараагийн төслүүд юу вэ? Хоёрдугаарт, гаднын банкууд гэж асуусан. Жишээлэхэд, Bank of China-гийн талаар ямар мэдээл байна вэ?
“TV9” телевизийн сэтгүүлч Ариунтуяа: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ шилжүүлж авсан. ХХБ-д таныг хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл байдаг, хэрвээ тийм бол Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгөөр яаж худалдаж авсан юм бол?
“Еtv” телевизийн сэтгүүлч Бямбагэрэл: С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Э.Бат-Үүл хэлэхдээ, энэ хэрэг бол дээрээсээ захиалгатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-тай их эвсэл байгуулж миний эсрэг эвсэж байгаа гэж мэдэгдсэн, энэ тал дээр хариулт өгөх байх?
“Эх орон” телевиз “Үндсэний мэдээ” сонины сэтгүүлч Д. Заяабат: Сая төмөр замын ерөнхий хорооны хурал ОХУ-ын нийслэлд боллоо. Манай шинээр сонгогдсон ерөнхий хорооны гишүүд хүн болгон кармандаа тус тусдаа нэг нэртэй очоод, анх удаа хувь нийлүүлсэн энэ нийгэмлэгийн гол бодлогыг гаргаж байдаг хүмүүст Оросын давамгайлал бий боллоо. Тухайлбал, замын ерөнхий инженер, санхүүгийн хүмүүс гэх гол хүмүүс боллоо. Энэ тал дээр таны байр суурь, ямар мэдээлэл танд байна вэ?
“Малчин” телевизийн сэтгүүлч Мөнхзаяа: Стэнд бай хөтөлбөрт хамрагдах гэж байна. Өмнө нь манайх 2009 онд хамрагдаад эдийн засгийг маш хурдан хугацаанд сэргээж чадсан энэ удаад таны санал юу вэ?
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Мөнхтуул: Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Төсвийн алдагдлыг 9 хувьд барих, 3 хувиар эдийн засгийг өсгөх гэсэн зорилтуудыг тавьж байна, үүнийг боломжтой гэж үзэж байна уу? Нөгөө талаар ирэх жил томоохон төслүүдээ хөдөлгөх зорилт тавьж байгаа, төслүүдийг хөдөлгөх боломж юу байна вэ?
“Gogo.mn” сайт, сэтгүүлч: Та 6-р сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад Эрдэнэтийн асуудлыг ярьсан гэлээ. Ерөнхий сайд 6 дугаар сарын 28-нд мэдээлэл өгсөн шүү дээ. Ер нь Эрдэнэтийн энэ асуудал хэзээнээс эхэлсэн, та хэзээ мэдээлэл авсан юм бэ? Хоёрдугаарт, ХХБ авч байгаа гэж яриад байгаа. Банк хажуудаа үйлдвэртэй байж болохгүй гэж яригдаад байгаа шүү дээ Монголын талд ирж байгаа нь сайн боловч хууль зөрчиж байгаа асуудал биш үү?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Хулан: Эрдэнэтийн асуудлаар дахин асууя. Өчигдөр ТУЗ-ийн дарга Д.Ганболд гэдэг хүн сонгогдсон. Иргэд юу гэж ойлгож байна гэхээр 51 хувь нь байгаа тохиолдолд төр яаж хяналтаа тогтоох вэ?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Нандинцэцэг: Манай улс АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Монголчуудын хийж чадах дараагийн олон улсын хэмжээний ажил юу байж чадах бол? Хоёрдугаарт, та наадмаар есөн хөлт цагаан тугаа тойрч дэвсэн, Мэдээж таны үйлдэл билэгдэлтэй байгаа байх. Юуг бодож, юуг билэгдэж энэ үйлдлийг хийсэн бэ?
“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Туул: Сүүлийн үед сахилга, хариуцлага дээгүүрээ их суларсан байна. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал яасан юм бэ гэсэн яриа гарч байгаа, таны байр суурь юу байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сүүлийн хоёр жилийн хугацаанд би ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай арав гаруй удаа уулзсан байх. Өмнөх зарим гадаад харилцааны түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол байдаг. Улс төрийн түвшний яриа хэлэлцээр, уулзалт, харилцаа бол их өндөр түвшинд хүрсэн. Хоёр орон, ялангуяа манай хойд хөршийн харилцаа ямар чухал гэж үздэгийн илэрхийлэл гэж олон улсын харилцаанд үздэг л дээ. Хоёр орны хооронд манай иргэд визгүй зорчдог болоод хоёр дахь жилдээ орж байна.
Манай иргэд урагшаа явдаг урд хилийн цаана байгаа нэг хотыг хөгжүүлсэн гэж ярьдаг. Одоо бол сонголттой болсон. Хойд хөршийн маш олон иргэд манайд ирж явдаг, хамтарч ажилладаг. Эхлээд худалдаа наймаа хийдэг, өөр цаашаа хамтын ажиллагаанууд эхэлж байгаа.
Яг үнэндээ хоёр Засгийн газрын хэрэгжүүлж байгаа том төслүүд гэж янз бүрийн зүйлүүд харагдахгүй байж магадгүй. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хооронд харилцаа бол эрчимтэй явагдаж байгаа. Хоёр хөршийнхөө Төрийн тэргүүнтэй гурвалсан байдлаар яагаад уулзаж болохгүй гэж. Ер нь ийм уулзалт зохион байгуулья гэж би санал тавьж байсан. Олон хүмүүс итгэдэггүй л байсан. Сая бид гурав дахь уулзалтаа хийсэн, маш чухал шийдвэрүүд гарсан.
Монгол Улс оролцоод, гурван улс оролцоод, 36 төслийг хамтарч хэрэгжүүлэх боломжтой гэсэн жагсаалт гаргасан. Гурван талаас хамгийн гол нь ойлголцсон жагсаалт. Би нэг зүйлийг үнэхээр хүсч байсан. Монголын ганцхан төмөр замыг хос болгочих юмсан. Урд хөрш бол дэлхийн маш том үйлдвэрлэгч хөрш, хойд хөршид ч их олон зүйл байгаа. Хойд хөршид хийж байгаа зүйл урд хөршид, тэгээд маш олон улсад хэрэгтэй. Урд хөршид байгаа зүйл хойд хөрш, Европт хэрэгтэй. Энэ бүх ачаа бараа тээвэр Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцэлд идэвхтэй ажилласан.
Цаашдаа энэ ажил хийгдэх байх гэж бодож байна. Цаашдаа автозам, төмөр зам, бүр хийн хоолой гэж бид нарын яриад байдаг. Энэ итгэлцэл бий болно. Хойд хөрштэй Монголоор хийн хоолойг дайруулах талаар ярилцах боломж байна, яагаад үүнийг ярьж болохгүй гэж. Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт хор хохиролтой хэцүү гэж байр сууриа илэрхийлж байдаг, энэ тухай яагаад ярьж болдохгүй гэж. Би өөрөө ОХУ-ын удирлагуудтай уулзахдаа нэг талын мэдээлэл яваад байгааг ойлгуулж, энэ зүйлийг зөв болгох гэж оролддог.
Эгийн голын усан цахилгаан станц гэдэг бол Монголчууд Байгаль нуурт хийж байгаа сайн зүйл гэж хэлж болно. Байгаль нуур зөвхөн нэг орны баялаг биш дэлхийн баялаг. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурт цутгаж байгаа тэр голуудын зохицуулалтыг хийх боломж бүрдэж байгаа юм.
Манай Хөвсгөлийн хойд талаас Оросын алдарт Енисей мөрөн манайхаас эх авч хойшоо дамжиж гардаг. Байгаль нуур руу цутгаж байгаа Эгийн гол бусад голууд манай Хангайн нуруунаас бүгд эх авдаг. Гэтэл энэ Хангайн нуруунууд мөнх цэвдэгтэй газар байгаа. Ер нь 10-20 жил, 30-аад жилийн дотор мөс, цэвдгүүд нь хайлаад, тэндээс орж ирдэг усны хэмжээ 20-30 хувь, зарим газраа 50 хувь, зарим газраа гол мөрөн нь ширгэх ч асуудал гарч магадгүй.
Харин энэ дээр амжиж Эгийн гол дээр зохицуулалт хийж чадах юм бол тэр рүү очдог, урсдаг усыг бид байнга хадгалж байх боломж байгаа юм. Энэ зүйлийн тухай ярихаар хойд хөрш нээрээ наадахыг чинь судалж үзэх хэрэгтэй юм байна гэдэг. Сэлэнгэ дээр барьж байгаа биш, Сэлэнгэд цутгадаг нэг гол дээр бид барьж байгаа юм. Та бүхэн манай газрын зургийг аваад үзэх юм бол 200-300 мватт-с дээш ямар ч усан цахилгаан станц Монголд байхгүй. Гэтэл урд хөршид дүүрэн байна. Хойд хөрш усныхаа эрчим хүчийг хамгийн их ашигладаг орон. Тэгэхээр үүн дээр хамтарч ажиллая. Магадгүй олон тэрбумаар яригдах мөнгийг манай хүмүүс төлсөн байх. Үүнийг хийе гэж яривал итгэлцэл, яриа хэлцэл, ойлголцол дээд түвшиндээ байх тусмаа ард иргэд, хэвлэл мэдээллийн бүх түвшинд л ойлголцол байвал цаашаа сайн явна гэж бодогддог.
Орон нутгийн сонгуулийн талаар асуусан. Энэ тал дээр ийм тийм гэж ямар нэгэн тайлбар өгөхгүй. Миний хүү Эрдэнэ энэ сонгуульд БЗД-ийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн ийм сонголт байгаа бол, зорилго нь зөв байгаа бол бид залуусыг дэмжих хэрэгтэй.
Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш
Ажлаас халаад байгаа тухай бол би хүмүүстэй тааралдаж, мөн бас фейсүүк, твиттерээр их захиа бичдэг. Хүмүүс бүр гасалж байна. Би өглөө бүр ажилдаа очихдоо айдастай очиж байна. За өнөөдөр чамайг халлаа гэж хэлэх байх даа гэж. Яагаад ингэж айдастай очиж байна гэхээр машинаа лизингээр авчихсан. Цалингаасаа төлдөг. Байрны моргейж хийчихсэн. Ажлаас хална гэдэг бүр коммунист субботник шиг болчихлоо.
Ардын намынхан хэлж л байгаа байх. Энэ тал дээр анхаарай гэж дээд түвшиндээ хэлж байгаа байх. Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад, заримдаа бүр тэдэн оноос хойш ажилд авсан хүмүүс гээд толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны тухай хууль гэж байгаа. Түүн дээр зааж өгсөн Захиргааны шүүх гэж байгуулсан. Ийм байж болохгүй байгаа юм.
Хүмүүсийн бас нэг халаглаж байгаа юм бол халах тусам, шинээр хүн авах тусам, нөгөө төрийн албаны чадвар дордоод байна. Үнэн л дээ. Гурван жил, таван жил, хорин жил, гучин жил ажилласан тэр хүмүүс асар үнэтэй Монголын капитал юм. Асар үнэтэй. Тэр хүмүүсийг хөөж явуулаад, зүгээр нэг шахааны хүмүүс оруулж ирэх юм. Надад бүр зарим хүмүүсийн нэрийг нь хэлж байсан.
Ц.Нямдорж мэдэгдэл хийснээс ч болдог юм уу. Энэ Нямдоржийн гар хөл хүрээгүй газар алга боллоо. Энэ нөхрийн шахаж тавиулдаг бүлэглэл банк санхүүгийн салбарыг бүхэлд нь барилаа гэх мэт. Уг нь энэ зүйлийг ард түмэн асуух ёстой. Сонгууль болоод амьдрал чинь дордов уу, аль эсвэл дээрдэв үү гэж. Бүгд л 100 хувь дордлоо гэж байна. Өчигдөр нэг сонин дээр бичсэн байсан. Гурван сарын өмнө өдөрт би 30 хонь зардаг байсан, одоо өдөрт гурван хонь зарж байна. Өдөрт 10 машин зардаг байсан одоо нэг ч машин зарж чадахгүй байна гэсэн.
Ийм зүйлээс бултах гэж эрх баригчид чанга чанга мэдэгдэл хийгээд, гүйгээд байх шаардлага байхгүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш. Харин ажил хийдэг цаг. Үнэндээ Монголын энэ хүйтний улиралд ажилладаг, дулаан цаг маш богино. Энэ дөрвөн жил гэдэг маш богинохон. Та бүхэн мэдэж байгаа. Одоо бол бид бүгдээрээ нийлээд нэгдээд ажилламаар л байна.
Би энэ Засгийн газар, УИХ, Ерөнхий сайд бүгдэнд нь хэлж байгаа. Сонгууль дуусчихлаа, нэг Монгол шүү, бүгдээрээ нийлээд ажиллая гэж. Ер нь бидэнд бие биеэ шүүмжлэх, зөрчилдөх, хагаралдах энэ үйл явц бол хангалттай. Одоо болно. Ярих хэлэх, бие биеэ гутаах бол хангалттай, одоо болсон. Одоо энэ богинохон хугацаанд нийлж нэгдээд, эрх авсан энэ улсууддаа итгэл өгөөд, бололцоог нь хангаад, нийлээд, ажлаа хийгээд явах юм руугаа орох ёстой гэж бодож байна.
Хоёр танхимын тухай хүмүүс уулзсан уу гэж байна. Маргааш хүмүүстэй уулзана гэж байна. Ямар асуудал тавихыг харъя. Ер нь Монголд ажил хийх, засаглалын чадавхийг дээшлүүж бэхжүүлэх хэрэгтэй. Үүнд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бид замбараагүй явж, дуртай юмаа ярьж, дуртай юмаа шүүмжилж, дургүй юмаа татан буулгаж, нэгийгээ гутааж, унагаж одоо болсон. Энэ зүйлийг хааснаар Монгол сүйрэхгүй.
Энэ эрх чөлөөний мэдрэмжийг та бүхэн авсан. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажлын байр бий болгодог, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмждэг үндэстэн болх ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг Монголын ард түмний нэг хэсэг гэж боддог шүү. Та бүхэн сэтгүүлчид бүгд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс. Хувийн хэвшилд ажиллаж байгаа л бол муу, буруу гэж хардаг энэ сэтгэхүйгээ орхих хэрэгтэй. Монголын амьдралын 80 хувь хувийн хэвшил дээр явж байгаа шүү. Харин нээлттэй нийгэм, ардчиллын ач бол энэ. Бүх амьдрал, аж ахуйн нэгж рүү ордог байсан төрийн гар хуруу ингэж багассан байгаа.
Би Чойжилсүрэн сайдтай томилогдсоноос нь хойш нэг л удаа уулзсан. Энэ Засгийн газар байгуулахад сонгууль болонгуут УИХ маш хурдан ажилдаа орох ёстой гэсэн байр суурьтай байсан. Засгийн газар байгуулагдаа, маш хурдан бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Байдал амаргүй байгаа гэсэн байр суурийг л барьсан. Чойжилсүрэн сайд энэ буруу гээд зогсоогоод байвал болно л доо. Бүтээн байгуулдаг, барилга барьдаг, энэ тал дээрээ бол сайн. Сангийн сайдын хувьд ямар хүн бэ? Энэ хүнээс илүү мэргэжлийн Сангийн сайд Ардын намд байх байсан уу, үгүй юу гэдэг дээр асуудал байж магадгүй.
Шууд хэлье. Тэр шахаа улс төрчдийн, Нямдоржийн шахаа, тэр мөнгөний хүч энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй. Хүмүүс хоорондоо ярьдаг шүү дээ. Иймэрхүү байдлаар хуйвалдаж, тэгээд цаг хүлээгээд, сэдэв хүлээгээд, ингэж сууж улс төр хийхээ таслах хэрэгтэй.
Банкуудтай холбогдсон асуулт асуулаа. Ер нь манайд банк, санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг улам чөлөөлөх, ялангуяа хоёр дахь зах зээлийг бий болгох хэрэгтэй. Би үргэлж хэлдэг, манай хувийн хэвшлүүд бүгдээрээ айл гэрийн, нэг хүний өмч байхаа боль. Та бүхэн Хөрөнгийн биржээрээ дамжуулаад Монголын ард түмэнд хувьцаагаа зараач ээ. Олон нийтийн компани болооч. Компанийн олон улсын хамгийн сайн стандартыг хэрэгжүүлээч. Үүнд Засгийн газар, УИХ-ын зүгээс хийх ажлаа хурдан хийе. Хийх ажлаа баталъя. Тэгэх юм бол нэг компани нэг гэр бүлийн өмч биш, арван мянган хүн хувьцааг нь авчихсан, зуун мянган хүн хувьцааг нь авчихсан, зуун мянган хүн оролцож байж баялаг бүтээдэг, зуун мянган хүн тэр баялгаас эргээд хүртдэг хувьцааг авсан. Ийм байя. Тэр мөнгөөр эргэж хөрөнгө оруулалт хийгээд, ажил нь томроод явдаг. Энэ зөв систем рүү бид хэзээ орох юм бэ?
Би энэ тухай таван жилийн өмнө ярьж байсан. Ноднин ярьж байсан. Одоо ярьж байна. Энэ ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.Иймэрхүү боломжуудыг бид ярих хэрэгтэй. Ийм хэмжээнд харах хэрэгтэй. Чойжилсүрэнтэй уулзахад ингэж хэлж байсан юм. Чи асуудал оруулж ирээд танай намын бүлэг авахгүй байна. Танай 65 гишүүнтэй УИХ авахгүй байна шүү дээ. Улс төрийн алсын хараа чамд алга байна. Сангийн сайд гэдэг бол Монголын хамгийн чухал албан тушаал. Тэнд байгаа хэдэн мэргэжилтнүүд очиж байгаа үе үеийн Сангийн сайдад тийм л санал өгдөг юм. Тэгэхэд тэрийг шүүгээд, энэ болно, энэ болохгүй гэж улс өрийн өнцгөөс, нийгмийн өнцгөөс харвал, Монголын хөгжил дэвшлийн өнцгөөс харвал болохгүй гээд заримыг нь зогсоогоод, заримыг нь өөрөө нэмээд үнэхээр ашиглах саналуудыг оруулж ирэх байсан. Чи хэдэн мэргэжилтний санал барьж орж ирээд, энд бөөн хэрүүл бий болгож байх хэрэг байна уу гэж хэлж байсан. Нийгмийн үйлчилгээг хасах танах зогсоох бол шийдэл биш. Өөр маш олон шийдэл байгаа.
Би Ерөнхий сайдад хэлж байсан. Дарга нарынхаа өрөө байрнаас эхлээд хэмжээ тогтоогооч гэсэн. Над дээр, Ерөнхийлөгч дээр ч тогтоосон болно. Ерөнхий сайд дээр ч тогтоож болно. Сайд хэдэн кв.м өрөөнд суух юм. Яаманд байгаа 120 хэдэн хүнд хэдэн кв.м байх юм. Гадаад яамны энэ заал бол нэг яаманд хангалттай гэж би бодож байна. Энэ ч томдоно. Тэгэхэд Гадаад яамны энэ заал нэг сайдын дөрвөн давхар дамждаг өрөө шиг л юм байгаа.
Маш олон боломж байгаа. Амьдрал нь хүрч ядаж байгаа улсаас биш, тэр тансаглалаасаа хасах байдлаар яваач. Энэ олон яам, олон хүн, ялангуяа улс төрийн албан тушаалтан байна. Би Төрийн албаны хууль оруулсан шүү дээ. МАН-ын маш олон гишүүн дэмждэг. Сайд томилогдоод очиход 3-5 хүн л өөрчлөгддөг. Бүх төрийн алба шат шатаараа, өөр өөрийн чадамжаараа, өөрийн шалгуураар дээшилдэг. Төрийн албанд өнөөдөр орж байгаа бол хэрэв би 30 жил сайн ажиллавал ийм албан тушаалд хүрэх юм байна гэдгээ тэр хүн мэддэг байх ёстой. Энэ бүх боломжийг ард түмэнд өгөх ёстой. Гэтэл хаана тийм зүйл байна вэ?
УИХ-ын нээлтэд хэлсэн миний үгэн дээр байгаа шүү. Та бүхэн үзээрэй. Төрийн албаны хуулийг батлахаас ажлаа эхэл гэж, Эрдэнэтийг ярихаас ажлаа эхэл гэж, Хаиуцлагын тухай хуулийг батлахаас ажлаа эхэл гэж хэлсэн. Бүгдийг хаясан. Одоо та бүхэн сэрэх хэрэгтэй. Ард түмэн сэрэх хэрэгтэй. Энэ өөрт нь хэрэгтэй, Монголд хэрэгтэй зүйл. Үүнийг бид эрх баригчдаар хийлгэх хэрэгтэй. Үүний төлөө шахаж шаардах хэрэгтэй.
Хятадын банкны талаар сая асуулаа. Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт, санхүү, банкны салбарт свотоор дамжаад оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа аль ч орноос илүү байгаа. Манай өмнөд хөрш бол Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, санхүү, банкны салбарт хамгийн том хамтран ажиллагч. Ийм улс.
Бид Үндэсний аюулгүй байдлын өөрийн үзэл баримтлалтай, баримталдаг зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар түвшинд байх вэ гэдгээ боддог улс. Бидний байршил өвөрмөц. Бид энэ чиглэлээр цаашдаа хамтарч ажиллах, хийх зүйл бий. Монголын ард түмэнд үнэхээр хэрэгтэй зүйл дээр хамтарч ажиллах ёстой.
Миний байр суурь бол Хятадын банк гэдэг байгууллага Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос Хятадын банк, санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны, зохих түвшинг хангасан, боломжтой, оръё гэж байгаа байгууллага байгаа бол, манайд санхүү орж ирээгүй, манайд хөрөнгө оруулаагүй улс орон сонирхож байгаа бол оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ?
Энэ дотроо Монголын банкуудын нэр дээр гардаг, арилжааны банкуудын нэр дээр гардаг шүүмжлэлийг ч би хуваалцдаг. Иймэрхүү асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.
Сая Ц.Нямдорж мэдэгдэл хийхдээ ярьж байна лээ. Бид тэр банкийг оруулж ирэх гэж ярьж байгаа. Оруулж ирнэ гэж байсан. Харин тэр банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина шүү. Өмнө нь ч ярьж байсан. Би байр сууриа тодорхой хэллээ.
Эрдэнэттэй холбоотой, ХХБ, хувь хувьцаа гэж ярилаа. Бид ийм худал зүйлийн хойноос явах хэрэггүй дээ. Надад ХХБ-д хувь хувьцаатай байх, хуйвалдах ямар ч шаардлага байхгүй. Би та бүхэнд нэг зүйл хэлье. Хувь хувьцаа эзэмшдэг нь байтугай, Монголд өнөөдөр хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ хяналтад байгаа шүү. Олон улсын санхүү, мөнгөний гүйлгээ, хар, бор мөнгө явж байна уу гэдэг энд ёстой нөгөө шилэн данс гэдэг шиг хяналтад байгаа. Өмнө нь ам.долларын ханш гайгүй байхад 20 мянган ам.доллараар хязгаарласан байсан. Одоо ханш унаад 10 мянган ам.доллар байгаа шүү дээ. 10 мянган ам.доллараас дээш ямар нэгэн асуудалтай гүйлгээ, ямар нэг зүйл хийгдсэн байгаа бол Монголбанк хамгийн түрүүнд хянаж байгаа. Н.Баяртсайхан гэж ерөнхийлөгч нь байгаа. Энэ хүн хянах ёстой. Тэр банк ямар эх үүсвэрээс авав, юу болов гэж асуух ёстой. Энэ бүхнийг хянадаг, түүнд хариулдаг улсууд нь байгаа. Би нэг зүйл хэлье. Тэр тушаал гаргасан Сангийн сайд нь байж байна. Шийдвэрийг Засгийн газар дээр гаргасан Ерөнхий сайд нь байж байна. 49 хувийг оруулж ирсэн гэж байгаа аж ахуйн нэгжийн нөхөд байж байна. Бүгдийг дуудаж ирээд УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй.
УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй
Одоо цаашаа юу хийх хэрэгтэй вэ гэж сая асууж байсан. Би 3 зүйл хэлье. УИХ-аар Нээлттэй сонсголын хууль гэж маш сайн хууль баталсан. Ц.Нямдорж өөрөө тэр нээлттэй сонсголын ахлах хэрэгтэй. УИХ-аас нээлттэй сонсголоор ажлын хэсэг байгуулаад, Ц.Нямдоржийг ахлагчаар нь тавьчих. Тэгээд өмнө байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан Б.Болор, ХХБ-ны Эрдэнэбилэг гээд бүх хүнийг авчраад суулгачих. Тэгээд “Би үнэнийг хэлнэ, зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангаргийг нь өргүүлж байгаад, УИХ-ын гишүүд тойрч сууж байгаад нэг нэгээрээ асуу. Тэгээд тэр нээлттэй сонсголйн үйл ажиллагааг орон даяар дамжуул. Тэгээд л боллоо.
Нэг хүн мэдэгдэл хийгээд л, ард түмний сэтгэл зүйгээр тоглоод улс төр явдаг энэ юмаа больё л доо. Над руу хүмүс фейсбүүкээр бичсэн байна лээ. “Та үүн дээр байр сууриа илэрхийлээч. Манай аав Ц.Нямдоржийн мэдэгдлийг үзэж байгаад даралт нь ихсээд уначихлаа” гэж нэг залуу бичсэн байсан. Ингэж ард түмний сэтгэл санаанд нөлөөлөх ямар хэрэг байгаа юм бэ?
Тэгвэл УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол хийчих. Хэрэв хуйвалдсан, нуусан гээд байгаа бол Засгийн газрын түвшинд өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг бүгдийг ил болгох хэрэгтэй. Би Засгийн газар үүн рүү явж байгаа юм байна гэж харж байгаа. Их удаан байна. Засгийн газар байгуулагдаад л маргааш нь энэ шийдвэр гарах ёстой шүү дээ. Тэр үед сайдууд юу гэж ярьж байсан юм. Хойно урдаас ирсэн бичиг баримт бүгдийг ил болго. Засгийн газрын Эрдэнэттэй холбоотой шийдвэрийг ил болго. Засгийн газрын хурлаар шийдээд л хаалттай хуралдааны материалыг ил болгочихдог юм. Ингээд хэвлэл мэдээлэл, бүх хүмүүст нь өг. Энэ 49 хувьтай холботой асуудал дээр чулуу бүхнийг эргүүлж хар.
Ийм эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа. 65 гишүүнийг төлөөлсөн УИХ-ын дэд дарга хүн шүү дээ. Сая би 5 хууль дээр буцаахгүй гэж хориг тавиад, эд нар бол зүгээр л өөдөөс хараад буцаачихаж байгаа биз дээ. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа шүү. Та нар тэр суудлыг нь хүртэл хараарай. 65 суудлын хамгийн эхэнд нь ар тал нь өндөр сандал дээр сууж байгаа. Тэр бол зүгээр өндөр сандал дээр суулгах гэсэн биш. Энэ хүн бол энэ 65 суудлыг төлөөлж Монголын 4 дэх том албан тушаалд очсон хүн шүү гэж харуулж байгаа юм. Төрт ёсны бас нэг тийм зүйл байдаг. Хариуцлагатай байх ёстой. Эдэнд бүх эрх мэдэл нь байгаа.
Би УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан Эрдэнэтийн асуудал дээр хориг тавихгүй. Ямар нэгэн шаардлага тавихгүй. Хууль бус асуудал гаргавал би байр сууриа илэрхийлнэ.
Нэг зүйл хэлье. Эрдэнэтийнхний хувьд хамгийн том хяналтыг Эрдэнэтэд байгаа 6000 гаруй монгол ажилтан хэрэгжүүлдэг юм шүү дээ. Үйлдвэр дээр буруу юм явж байвал тэд хянана. Эрдэнэтчүүд хэрэгжүүлнэ. Тэдний өмнөөс Эрдэнэтийг хэрүүлийн бузар болгож хэрэггүй. Тэгж байгаад өвгөрч яваа Эрдэнэт үйлдвэрээ тасдаж, татаж унагавал яана.
ЗХУ-ын үед, анх ашиглалтад орж байхад нь Эрдэнэт үйлдвэр 30 жилийн настай гэж зөвлөлтийн мэргэжилтнүүд тооцож оруулсан юм. Одоо 2 жилийн дараа энэ үйлдвэр 40 хүрэх гэж байна. Энэ үйлдвэр маань өвгөрч байна. Энэ үйлдвэрийн зэсийн баяжмалын хэмжээ буурч байна. Үнэхээр олон жил Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, монголчууд нуруун дээрээ хамаг хэцүүг нь үүрч яваа. Ингэж өвгөрч байгаа үйлдвэр дээр манай хойд хөрш стратегийн сонирхол гээд хадгалаад байх сонирхолгүй ч байж магадгүй. Одоо монголчууд нь аваад яв аа гэж байж магадгүй.
Шинэ зүйл дээр, төмөр зам, бусад зүйл дээр, дэд бүтэц, уул уурхай, бусад төслүүд дээр хамтарч ажиллая гэж бодож байгаа байх.
Эрдэнэт үйлдвэрт төрийн ч дэмжлэг хэрэгтэй. Хувийн ч дэмжлэг хэрэгтэй. Янз бүрийн татвар гэх зэрэг асудал байдгийг би сайн мэднэ. Бүх үеийн Засгийн газар тийм байсан. Мөнгө нь дутаад ирэхээр “Эрдэнэт үйлдвэр одоо өгөх, ирэх жил өгөх татвараа урьдчилаад өгчих” гэдэг. “Тийм мөнгө бидэнд алга” гэхээр “Та нар үйлдвэрээ банкинд барьцаанд тавиад банкнаас зээл аваад өгөөтөх” гэдэг. Өчигдөр удирдлагууд нь тэгж ярьж байна лээ шүү дээ. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд бүгд тэгж ирсэн. Тэгээд орлогоороо эргээд банкныхаа зээлийг төлдөг. Тийм л байсан.
Нөгөө нэг муу юм нь Эрдэнэт үйлдвэрийг саалийн үнээ гэдэг. Яг үнэндээ саалийн үнээний сүү ард түмэнд хэр хүрсэн бол. Та нар юу ч гэж муулж, хардаж болно. Хувийн 49 хувь орж ирнэ гэдэг бол харин ямар ч хяналтаас илүү хяналт орж ирлээ гэж би бодож байгаа. Хувийн 49 хувийг суулгаж байгаад янз бүрийн шахаа хийвэл тэр явах уу? Тэр шахааны машиныг дахиад томруулмаар байна уу? Дахиад хэдэн албан тушаалтан, хэн нэгэн бүлэглэлийн гарт өгмөөр байна уу, та нар?
Би бол хувийн хяналтад итгэдэг. Хувийнхан бол бутархай мөнгийг тоолдог улсууд шүү. Би бол ард түмний хяналтад итгэдэг.
Эрдэнэт үйлдвэр дээр цаашдаа юу хийх хэрэгтэй вэ гээд байгаа. Олон улсын стандартад нийцсэн засаглалтай болгох хэрэгтэй.
Санхүү, нягтлан бодох, худалдан авалт бүгд шилэн болох ёстой. Жил бүхэн аудит хийгдэж байх ёстой. Олон улсын стандарт, Монголын Аж ахуйн нэгжийн хуульд нийцсэн дүрэмтэй болгох хэрэгтэй. Олон нийтийн хяналт, хэвлэлийн хяналт бүгдийг аваачих хэрэгтэй. Хууль бус ямар нэгэн үйлдэл хийсэн бол үүнийг таслан зогсоох эрх нь өнөөгийн эрх баригчдад байгаа. Яах гэж ажлын хэсгийн ахлагч 2-3 сар хүлээсэн юм бэ. Нэг хүнийг мэдэгдэл хийхийг, тэр хүн материалаа цуглуулж аваад “За одоо би мэдэгдэл хийх түвшинд бараг хүрлээ. Цаг хүйтэрч хүмүүс телевизийнхээ өмнө орж ирлээ. Анхаарал хандаж эхэллээ. Одоо л би гардаг хэрэг” гэж бодож, энэ бодлыг нь гүйцээх гэж тоглож байгаа юм уу. Ингэж Эрдэнэт үйлдвэрээр, улсын үнэ цэнтэй, нэртэй алдартай нэрээр тоглож болохгүй. Нэртэй брэнд шүү дээ Эрдэнэт үйлдвэр бол.
Э.Бат-Үүлийн хийсэн мэдэгдлийн талаар түрүүн асуусан. Хэлмэгдүүлэх гэж байна. Их эвсэл байгуулагдлаа гээд.
Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ.
Би түрүүн хэлсэн. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг би Ерөнхий прокурорт үргэлж хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод, хэн нэгнийг хардаж байна гэж улс төрөөс болоод энэ хэрэг илрэхгүй удсан байх. Би болж ингэж хардаг. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шүү дээ. Хүн бол санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Хууль хяналтын байгууллага, өдөр шөнөгүй ажилласан энэ хүмүүст, үнэхээр энэ хийж байгаа ажилд нь талархаж явах хэрэгтэй. Хэцүү, маш их хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Ерөнхийлөгч болоод л миний ширээн дээр, миний анхааралд өдөр тутам байдаг нэг асуудал бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг, учир холбогдлыг нь, тэр хэргийн эзэнг, тэр алуурчныг, ямар нөхцөл байдал тэр үед үүссэнийг Монголын ард түмэнд хүргэх, үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой л гэж боддог.
Хууль хяналтын байгууллагын ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд талархаж явах хэрэгтэй. Би энэ асуудал нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье. Энэ хэрэг яагаад ийм нууцлагдмал байна гэвэл эхнээс нь Тагнуулын байгууллагад харьяалуулаад, илрүүлэх үйл ажиллагаанд нь Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны дандаа нууцлалтай байдаг тэр зүйл орсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм.
Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна.
Манай хэвлэл, мэдээллийн байгууллагад янз бүрийн зүйл сонирхдог мөрдөн шалгах сэтгүүл зүй гэж байдаг. Энэ хүмүүс ёстой эцсийн хуудсыг нь эргүүлэх байлгүй. Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Энэ хэрэг ямар учиртай байсныг дахиад 18 жил монголчууд эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах байх гэж би бодож байна. Гэхдээ үүнийг илрүүлэхийн тулд явж, ажиллаж байгаа, бүр эхнээс нь явсан цөөхөн хүн байдаг. Ямар хүндрэл, ямар хэцүү юман дундуур явсан гэх вэ.
Үүн дээр би Ерөнхийлөгч болж гарч ирээд л ҮАБЗ-ийг хуралдуулж байгаад, ҮАБЗ-өөс тусад нь энэ хэрэг дээр зөвлөмж гаргасан.
Төмөр зам дээр ганц юм хэлье. Бид өөрсдөдөө итгэмээр байгаа юм. ЗХУ 1990-ээд оны эхээр задарч байхад бүх хамтарч ажиллаж байсан гадна дотнын улсууд, тусгаар байсан ч улсуудад төмөр замын оролцоо байсан байх. ЗХУ 15 улс болж задрахад бүх улсад төмөр замыг нь 100 хувь буцааж өгсөн байдаг. Монгол Улс бас ЗХУ-тай маш ойрхон, дагуул орон гэж ярьдаг байлаа. Тэр үед монголчууд төмөр замаа аваарай гэсэн. Өнөөдөр 50:50 хувь гэж яригдаад байна шүү дээ. Тэгсэн тэнд байсан зарим хүн “Орос ахгүй бол бид яаж төмөр замаа авч явах вэ дээ. Чадахгүй” гэж хэлээд буцаасан байдаг. Одоо бол яаж ч уйлаад төмөр зам Монголын ААН-д 100 хувь ирнэ гэж байхгүй.
Сталин ЗХУ-ын удирдагч байхад 2 талаас баталсан дүрмээр л одоо явдаг юм шүү дээ. Түүнээс хойш маш их цаг хугацаа өнгөрч, дэлхий өөрчлөгдсөн дөө. Шинэ цаг үед, зах зээлийн нөхцөлд нийцүүлж төмөр замынхаа гэрээ хэлэлцээрийг шинэчилье, хийе, ашигтай болгоё гэдэг асуудлыг бүх үеийн Засгийн газар, бүх үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ярьж ирсэн.
Харин одоо ОХУ-ын талаас төмөр зам дээр гэрээ хэлэлцээрийг шинэчилье. Зах зээл рүү оруулъя. Шинээр төмөр зам барихад хамтарч ажиллая гээд энэ ажлууд явж байгаа. Төмөр замын удирдлага яаж тавигдсан, юу болсон талаар үнэхээр надад мэдээлэл алга. Үүнийг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх хэрэгтэй. Хүн бүр нэг нэг нэр халаасалчихсан явж байж болохгүй л дээ.
ОУВС-тай хэлэлцээр хийнэ гэж байна. Энэ ер нь хэр хэрэгтэй вэ. Таны байр суурь ямар байна гэсэн байна.
ОУВС-тай хэлэлцээр хийх асуудал өмнөх Засгийн газар, өмнөх Монголбанкны ерөнхийлөгчийн үед яагаад яваагүй вэ гэхээр бас сонсмоор үндэслэлүүд хэлээд байдаг юм. Хэлэлцээр хийвэл ийм сайн тал байна. Бас ийм муу тал байна гэж ярьдаг. Энэ бол хоёр талтай асуудал. Миний явж ирсэн байр суурь юу вэ гэхээр би ганцхан иш үндэслэлийг үндэс болгож ер нь бид хэлэлцээр хийх ёстой гэсэн байр суурь дээр өмнөх Засгийн газрын үед ч би байсан.
Тэр нь ямар үндэслэл байсан бэ гэхээр санхүүгийн сахилга бат бий болгоё. Засгийн газартайгаа юм уу, Сангийн сайдтайгаа эрх баригчид нь хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Тийм байгаа биз дээ?
Засгийн газар төсвөө оруулаад ирдэг УИХ-ын гишүүд нь дураараа тэлдэг. Өөр өөрийн тойрог руу, өөр өөрийн сонирхож байгаа зүйл рүү хэдэн төгрөг хаяулах юм бол төсөв баталсан нэртэй болдог. Баталсны дараа дандаа тодотгож байдаг. Тавьсан өр зээл, энэ бүх юманд нь Монголын ард түмэн хэдэн үеэрээ унаж байдаг, ийм л байсан.
Тэгэхээр сахилга бат гэдэг зүйлийг Монголд олон улсын санхүүгийн байгууллага, тэр тусмаа ОУВС–тай хэлэлцээр хийж бий болгохгүй л юм бол гарах гээд байгаа хямрал хэцүү. Одоо хэдэн тэрбумаар нь мөнгө зээлнэ. 2 тэрбум, 4 тэрбум гээд та нар бичээд л байна. Манай өмнөд хөрш л энэ мөнгийг өгч магадгүй.
Миний байр суурь маш тодорхой байгаа. Ярьж болно. Ганцхан өмнөд хөрштэй биш. Хойд хөрш, дээр нь Мексик маш хүнд байдалд ороод, АНУ-тай ярьж байгаад өндөр хүүтэй авсан бондоо АНУ-ын хамгийн бага хүүтэй мөнгөөр солиулаад зээл аваад, тэгээд эдийн засгаа босгоод, эргүүлээд өгөөд гарсан туршлага байдаг. Улс орнуудад ийм туршлага байна. Европоос Германтай, Азиас Япон, Өмнөд Солонгостой ярьж болно. Хоёр хөрштэйгээ ярьж болно. АНУ-тай ярьж болно. ОУВС, Дэлхийн банк гээд бүгд тэнд байна. Одоо Сангийн сайд тэнд явж байх шиг байна. Явж явж нэг орон тунаж магадгүй. Гэхдээ миний ганц тавьж байгаа санал бол мөнгө зээлэх, авах юмыг хөнгөлөлттэй хүүгээр бондыг сольж болно. Үнэхээр тэгэхээс өөр аргагүй болсон байж магадгүй. Тэгэх юм бол ОУВС-тай л ярь. ОУВС зөвшөөрөөд үүнийг өндөр хүүгээр, жилдээ тэрбумаар, их наядаар зээлийн үйлчилгээ үзүүлж байснаас, ингэж Монгол Улсад санхүүгийн хүндрэл үүсч байснаас эндээс ийм зээл аваад шийд гээд, ОУВС-гийн хэлэлцээрийн хүрээнд байж болох зүйл гэж бодож байгаа. Түүнээс биш, зүгээр нэг албан тушаалтан гүйж очоод шийддэг. Нэг мөнгө оруулж ирээд, түүн дээрээ ямар ч шалгуургүй байж болохгүй.
Анх Чингис бонд, бусад зүйлийг ярьж байхад тэр шалгуурыг тавья гэж их л ярьж, ҮАБЗ-өөр ярьсан даа. Манайд үнэхээр санхүүгийн сахилга бат байхгүй. Улстөрчид мөнгө харахаараа үнэхээр замбараагүй болдог. Улстөрийг энэ мөнгө, хяналтгүй байдал эвдээд байгаа юм.
Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа хэдийд эхэлсэн бэ гэж ярьж байна. Дүрэм дээр нь байдаг л даа. 51 хувийн талаас асууна. 51 хувийн тал ямар нэг өөрчлөлт хийх, зарах, шилжүүлэх болбол 49 хувийн талаасаа асууна гэдэг ч бил үү. Ийм заалт байгаа учраас, үүд хаалга байгаа учраас 49 хувийг зөвхөн манай үндэсний компаниуд төдийгүй гадна улсын ААН-үүд сонирхож байна гэсэн яриа сонсогддог л байсан.
Миний барьдаг байр суурь бол Монголын 51 хувь хөдлөхгүй шүү. Зарим нэг хувилбар яригддаг. 51 хувиас ч тодорхой хувь буулгая. 49-өөс ч буулгая гэж. Энэ бол аль 1990 оноос яригддаг байсан зүйл. 51 хувь хөдөлж болохгүй. Үнэхээр өөр улсад байгаа 49 хувиа яриад, бүтнээр нь оруулаад ирж байгаа бол асуудал байхгүй. Тэр нь хууль номынхоо дагуу л шийдэгддэг юм байгаа биз. Энэ асудлаа Засгийн газар авч үзээд, шийдээд, хууль номынхоо дагуу, Монголд ААН-ийн хууль байдаг, түүгээр ярина биз. Манай ААН-ийн хуулийг нэг их муу хууль биш гэдэг шүү. ТУЗ яаж байгуулагдах ёстой юм. 49 хувь нь хэдэн хүн байх ёстой юм. 51 хувь нь хэдэн хүн байх ёстой юм. Өмнө гаргасан Сангийн сайдын тушаал буруу зөрүү байгаа бол ААН-ийн хуульд нийцүүлэх хэрэгтэй.
Тэгээд Эрдэнэттэй холбоотой дүрмээ, үнэхээр чухал үйлдвэр гэж үзэж байгаа бол Засгийн газар батлах хэрэгтэй. ОХУ-тай харилцаж байсан 49:51-ийн нөхцөлөөс буулгаж муутгаж хэрэггүй л гэж би бодож байгаа. ААН-ийн хуульд нийцүүлээд батлуулаад явахад ерөсөө буруудах зүйл байхгүй.
Төсөв орж ирлээ. Төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ гэсэн байна.
Зардал хасч болж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн төсөв 2013 онд батлагдсан нь 11,9 тэрбум төгрөг байсан. Жил бүхэн тэрбум, бараг 2 тэрбум төгрөгөөр хасагдсаар энэ жил 4 тэрбум орчим төгрөг орж байгаа байх. 12 тэрбум төгрөг байсан төсөв 3 жилийн дотор 3 дахин буурч байгаа. Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. 300 хувиар бууруулж болж байна. Тэгэхэд Засгийн газар энэ хүнд суртлыг дэмжсэн төсвийг хасах хэрэгтэй л гэж бодож байна. Тансаглалыг хасах хэрэгтэй.
Та нар санаж байгаа. Хэвлэлийн үйлдвэрийн хуучин барилгын тэнд хувийнхан аваад, байшин бариад Батлан хамгаалах яам, Гадаад яамнаас бусад бүх яам, төрийн байгууллагуудыг оруул гэсэн миний зарлиг хүртэл гарсан байгаа шүү дээ. Одоо нэг хүн, ААН авсан сурагтай байдаг. Би бол сануулж байгаа. Наадах чинь зарлигтай газар шүү гэж. Төрийн байгууллагууд тэнд ороод, энэ том барилгуудыг бүгдийг дуудлага худалдаагаар худалдах хэрэгтэй. Ер нь өрөөг нь л багасгаад байх хэрэгтэй.
Зарим газар парламентын гишүүд нь өрөөгүй байдаг шүү дээ. Та нар Европт зарим оронд тийм байдгийг мэднэ дээ. З.Алтай Элчин сайдаар сууж байгаад надад хэлж байсан. Тэр орны парламентын гишүүд нь өрөөгүй юм. Орж ирж коридорт сууж байгаад, хуралддаг танхимдаа орж ирчихээд буцаад явчих юм гэж байсан.
Том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй юү гэж байна. Том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Засгийн газарт юм хийх, хөдөлгөх ажил байвал бүх зүйл дээр нь дэмжих хэрэгтэй.
Хууль зөрчсөн үү гэсэн асуултад би хариулчихсан. Даваадоржийн Ганболд томилогдсон. Та бүхэн мэднэ. Энэ хүн томилогдсон бол мөнгө, санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засаг гээд бүх чиглэлийг энэ 26 жилд сайн мэддэг хүн.
УИХ дээр нээлттэй сонсгол хийвэл энэ хүн орж ирээд тайлбар, хэлдэг ярьдаг зүйлээ яриад явах хэрэгтэй гэж би бодож байна.
Гадаад харилцаанд АСЕМ шиг том зүйлийг хийх үү, төлөвлөж байгаа юу гэсэн зүйл байна. Монгол Улсын хувьд өвөрмөц орон л доо. Тийм учраас гадаад харилцаагаа улам идэвхжүүлэх хээргтэй. Үнэхээр Монголын жин, Монголын хамаарлыг олон улсад нэмдэг байх ёстой. Энэ чиглэлд идэвхтэй ажиллах ёстой, цаашдаа ч төлөвлөж, хийх гэж байгаа зүйлүүд байгаа.
Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвсэн. Юу бодож ингэсэн юм бэ гэж байна. Ноднингийн наадам нээснийхээ дараа л бодож байсан юм. “Ирэх жил 8 дахь наадмаа нээнэ. Есөн хөлт цагаан тугийг бөхчүүд тойроод дэвээд явдаг. Нэг тойрох юмсан” гэсэн бодол наадмын талбайд байсан юм. Найм дахь наадмаа нээлээ, нэг удаа тойръё доо гэж бодсон. Тэгээд тойрохдоо зүгээр алхаад тойролтой биш. Дэвээд тойрчихъё л гэж бодсон юм.
Хоёр дахь үндэслэл нь бас бий. Морины уяан дээр яваад очихоор морь унаад явдаг. Харваачид дээр очихоор харвадаг. Шагайн дээр очихоор нясалдаг. Бөхчүүд дээр очихоор барилдах юм уу, хаашаа юм.
Тийм биш учраас бөхчүүддээ хүндэтгэл үзүүлье, дэвээд тойръё гэсэн. Б.Бат-Эрдэнэ аврагаас эхлээд үндэсний бөхийнхөн маш их баярлаж дэмжиж байсан. Манайхан бэлгэдэл боддог улс шүү дээ.
Ерөнхий сайдын эрх мэдлийг, үнэхээр ажлаа хийх боломжийг нь хангах хэрэгтэй
Ерөнхийлөгчийн засаглалын тухай асууж байна. Одоогийн засаглал болохгүй байгаа юм биш үү гэж. Гүйцэтгэх эрх мэдлийг үнэхээр гүйцэтгэдэг, чадвартай эрх мэдлийг бид бий болгох хэрэгтэй. Би хувьдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг, үнэхээр ажлаа хийх боломжийг нь хангах хэрэгтэй. Бусад оронд байдаг. Парламент нь олон юм яриад байвал шууд хөөгөөд тараадаг энэ эрх мэдэл Ерөнхий сайдад маш их хэрэгтэй. Энэ тэнцвэржилт хэрэгтэй. Хэлдэг ярьдаг хүнээр Монгол дутаагүй. Хийдэг институт л Монголд хэрэгтэй. Үүнийг хийдэг институт аль ч оронд гүйцэтгэх засаглал нь байдаг.
Үүнтэй холбоотой ямар ч өөрчлөлтийг хийе гэнэ, би бол дэмжинэ. Би хийхэд бэлэн байгаа. Бүр дэмжихэд бэлэн байна. Надад өөрийн санал байна. Ерөнхийлөгчийн засаглалын тухай асуудал биш шүү. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасна уу, нэмнэ үү, тэр бол биш. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болгоё. Хугацаан дээр нь ч бодож үзэж болно. 4 жил биш, 5 жил ч болгож болно.
Үнэхээр ингэж Монголд юмаа хийдэг, бүтээдэг, жаахан зах замбараатай, сахилгатай, ийм зүйл рүү бид орох болсон. Задарсан, эрх чөлөө ярьдаг тийм зүйл бол Монголд хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэх эрх чөлөө хумигдахааргүй болсон. Энэ нь байж байг. Нөгөө талдаа хийдэг, бүтээдэг эрх, чадамжийг бид заавал дээшлүүлэх хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн суудал бол Монголын төлөө юм боддог хүнд бол юм бодогдуулдаг суудал шүү.
Нэг ийм үг байдаг. Улстөрч бол дараагийн сонгуулиа боддог. Төрийн зүтгэлтэн бол дараагийн үеийг боддог гэдэг. Би аль аль замаар нь явсан. Би улстөрч байсан. Би Монголын төрийг тэргүүлээд сууж байгаа. Үнэхээр Монголд өнөөдөр улс төрд нь юу хийх хэрэгтэй байна. Эдийн засагт нь юу хийх хэрэгтэй байна. Би үнэхээр үүнийг дотор нь орсон юм шиг харж байгаа. Ийм ийм зүйл хийх хэрэгтэй.
Ардчилсан намын шинэчлэлийг асууж байна лээ. Ардчилсан нам гэхэд эхлээд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ энэ нам маш тодорхой болгох хэрэгтэй. Юу хийх вэ бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн, түүнийгээ аваад явах чадамжтай тийм бүтэц бий болгох ёстой.
Одоо бол ажил хийдэг цаг. Одоо мэдэгдэл юм уу, сэдэв юм уу. Цаг хүйтрэхийг, хүмүүс телевизийнхээ өмнө цуглахыг хүлээгээд суух шаардлага байхгүй. Лав л надад тийм юм байхгүй. Надад ямар ч тийм шаардлага алга. Өнөөдөр би Ц.Нямдоржийг шүүмжлэх, аль эсвэл ХХБ-ны 49 хувийг авсан хүнийг магтах шаардлага байхгүй.
Би Ерөнхийлөгчийн хувьд Ц.Нямдоржийг ч төлөөлөх эрхтэй. Эрдэнэбилэгийг ч төлөөлөх эрхтэй. Би ядарч яваа хүнийг ч төлөөлөх эрхтэй. Чадаж байгаа хүнийг ч төлөөлөх эрхтэй. Намайг үзэн яддаг хүнийг ч төлөөлөх үүрэгтэй. Намайг дэмжиж, талархдаг хүмүүсийг ч төлөөлж байгаа. Энэ утгаараа л хэлж байгаа. Хэдүүлээ улстөржилт, энэ хий хоосон, хүмүсийн даралт ихэсгэсэн юмаа багасгая. Хийх юман дээрээ төвлөрье.
Ард түмэн хэцүү асуулт асууж байна. Хариуцлага шаардаж байна. Хийнэ гэсэн бол хийдэг л байя. Чадна л гэж гарсан. Энэ хүндрэлтэй байдлыг засна л гэж гарсан. Үүнийг засахад ямар нам, ямар нэгэн зйүлийг үнэхээр харахгүйгээр хамтарч ажиллаж чадна.
За дараагийн багц асуултыг сонсоё.
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Одгэрэл: Төрийн тэргүүний хувьд, сэтгүүлч хүний хувьд та олон зүйлд эмзэглэж явдаг байх аа. Юунд хамгийн ихээр эмзэглэдэг вэ?
Хязгаар нутгийг хөгжүүлэх, хил дагуу амьдарч байгаа иргэдийн тогтвортой байдлыг хангахад та юу чухал гэж үзэж байна вэ?
Гуравт, иргэдийн оролцооны талаар та олон зүйл санаачилж хийсэн. Иргэдийн оролцоог цаашид бууруулахгүйгээр тогтвортой байлгахад дараагийн хийх алхам нь юу гэж та харж байгаа вэ?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Нарантуяа: Өнөөгийн нөхцөл байдлыг харвал эдийн засгийн хүндрэл, бэрхшээл бодитойгоор тулгарч байна. Энэ хүндрэл, бэрхшээлийг яг хэзээнээс эхэлсэн гэж та харж байна вэ? Өр төлөгдөж эхэлнэ. Өрийн дарамт үндэсний аюулгүй байдалд аюултай нөхцөл байдал үүсгэж болох уу гэдгийг та юу гэж бодож байна?
Хоёрт, улс төрийн намуудын улстөржилт Монголын ард түмнийг хагалан бутаргаж байна. Монголын төр дөрөв дөрвөн жилээр солигдож, дөрөв дөрвөн жилээр эргээд хариугаа авах тавцан болж эхэлж байна. Бүх байгууллагад ийм нөхцөл байдал бий болж байна. Та Монголын Төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байгаа хүний хувьд энэ нөхцөл байдлыг хараад юу гэж бодож байна вэ?
Зальтайчуудын нийгэм, зальтайчуудын улс орон болчих гээд байгаа юм биш үү гэсэн эмзэглэл байна. Та үүн дээр санал нийлэх үү?
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч:Таны Монгол Улс төвийг сахих ёстой гэсэн байр суурь хэвээрээ юү? Эсвэл ухарсан уу?
“ETV” телевизийн сэтгүүлч Бямбагэрэл: Ардчилсан намтай холбоотой асуулт байна. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг таныг намаа хагалан бутаргахад оролцсон гол хүн. Тэр ч байтугай сонгуулиар намаа татан унагахад оролцсон гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Та үүн дээр тайлбар өгөх байх.
Хоёрт, та Ерөнхийлөгчийн албанаасаа буусны дараа Ардчилсан намын дарга болох уу?
“Chuhal.mn” сайт, сэтгүүлч Хулан: Шүүхийн багц хуулийн хэд хэдэн заалт Цэц дээр уналаа. Таны эхлүүлсэн шүүхийн шинэтгэл ямар шатандаа явж байна вэ?
Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн улсад төлдөг татварын хэмжээний талаар янз бүрийн тоо баримттай мэдээлэл явж байна. Энэ талаар танд тодорхой мэдээлэл байна уу?
“Dorgio.mn” сайт, сэтгүүлч: Гэр бүлийн хүчирхийллийн хууль батлагдахгүй олон аймшигт хэрэг гарлаа. Дөнгөж сая Дорнод аймагт аймшигт хэрэг гарч 7 настай хүүхэд золиос нь болсон. Цаазын ялыг эргэн хэрэглэх бодол танд байна уу?
Мөн эх, хүүхдийн эндэгдэл буурахгүй байна. Олон эмчийн хариуцлагагүй үйлдлээс болоод хүүхдийн эндэгдэл нэмэгдээд байна. Үүн дээр таны бодол ямар байна вэ? Эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
“Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Даваатогтох: Та 2017 оны 6 дугаар сард Төрийн тэргүүнээс буугаад юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ? Төлөвлөсөн зүйл танд байгаа юу?
“Shuud.mn” сайт, сэтгүүлч Энхбат: Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотойгоор Ардчилсан намын даргыг сонгох асуудалд таны оролцоо байгаа гэж ярьдаг. Үүнд та тайлбар өгнө үү?
Мөн Женко Баттулга нарын хэрэг бараг шийдэгдлээ гэж яригдаж байна. Энэ дээр таны мэдээлэл, байр суурь хэвээрээ байгаа юу?
Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Засгийн газрын төлөөлөгч ямар үүрэг хариуцлагатай байдаг вэ? Албан тушаалаа урвуулан ашигласан гэж Ц.Нямдорж дарга мэдээлж байсан?
“25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Мөнхтуул: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа. Магадгүй үүний цаана Ерөнхийлөгч байна. Өөрийнхөө хүнийг намын даргад нэр дэвшүүллээ гэсэн хардлага байна. Үүнд та тайлбар хэлэх үү?
“News.mn” сайт, сэтгүүлч Нямсүрэн: Төрийн хямрал Үндсэн хуулиас эхтэй гэж үздэг. Үндсэн хуулийг өөрчлөх цаг мөн үү? Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байна уу?
“Монголын мэдээ” сонины сэтгүүлч: Таныг Ерөнхийлөгчийнхөө суудлаас буугаад НҮБ-д орохоор замаа засаад байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Үүнд та хариу өгөх үү?
“ТМ” телевизийн сэтгүүлч Уранцэцэг: Өмнө нь оффшор данстай ганц хоёр хүний нэр дуулддаг байсан бол одоо улстөрч, бизнесмэн нийлсэн 40 гаруй хүний нэр ил боллоо. Одоо хуулиараа ёс зүйн хариуцлага хүлээх төдий байна. Зарим улсад үүнийг хатуу хориглосон хуулийн заалт байна. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтай хүмүүст ийм зохимжгүй зүйл байж болох уу? Нэлээд хэд хэдэн гишүүний нэр явж байна.
Хоёрт, Тавантолгойн орд эрх зүйн хувьд 100 хувь Хятадын мэдэлд орчихлоо гэсэн зүйлийг ярьж байна. Тавантолгой ямар ч эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй, ашигтай ажиллаж төдийлөн чадахгүй байна. 100 хувь Хятадын талд орсон уу гэдэг дээр та байр сууриа илэрхийлээч?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо би товчхон хариулахыг бодно оо. Эдийн засгийн хүндрэлийн асуудал. Яг миний байр суурь бол энэ эдийн засгийн хүндрэл мэдээж олон шалтгаантай. Энэ бол өвчин биш юм. Тийм учраас энэ хүндрэлийг бид нийлж нэгдээд, маш тодорхой ажлууд хийж чадвал давна гэж бодож байгаа.
Энэ Засгийн газар, энэ УИХ-д нэг давуу тал байгаа. Үнэхээр Монголын төлөө, эдийн засгийн хүндрэл, бусад асуудлыг шийдэх ямар ч шийдвэр гаргах бүх эрх мэдэл энэ УИХ-д байгаа. УИХ-д 65 гишүүнтэй. Ийм 65 гишүүнтэй үед Засгийн газар, Ерөнхий сайдаар ажиллана гэдэг бол маш том давуу тал. Улс төрийн асар том дэмжлэг. Ямар ч эрсдлээс айхгүйгээр Монголын төлөө чадах шийдвэрээ гараад хамтарч ажиллаад явах хэрэгтэй. Ийм боломж үүссэн.
Түрүүн маш их шүүмжлэлтэй хэллээ. Төрийн алба халж байна. Хариу авч байна. Энэ асуудлыг бид хуулиар шийднэ. Монголд мафи бий болж байна. Би тэмцэнэ. Толгойгоо тавина гэхийн оронд, ерөөсөө хүн гарч ирээд тэмцэхээр нэг бүлэглэлийг нөгөөгөөр солих гэж л оролддог. Тийм хувийн сонирхол байдаг. Хуулиар л мафитай тэмцэх ёстой. Хуулиа л чангатгах хэрэгтэй. Дээрээсээ эхлээд, Ерөнхийлөгчөөсөө эхлээд сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хуулийг л энэ УИХ хамгийн түрүүнд батлаад хэрэгжүүлэх хэрэгтэй.
Жилдээ Засгийн газрын гурван гишүүн хариуцлагатай албан тушаалтан хариуцлага хүлээгээд л явж байдаг бол Монголд хариуцлага бий боллоо л гэж хэлнэ. Яг ийм хариуцлагатай зарчимтай ажилллах энэ өөрчлөлтүүдийг бид хийх ёстой байгаа юм. Энд бол маш олон асуудлууд байгаа.
Өдөр бүхэн хашгирч байх ёстой
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон хуулийг асууж байна. Үүн дээр нэг тийм нүд хуурсан зүйл болоод байна. Манай сэтгүүлчид бол задлан шинжилгээ хийдэг мундаг хүмүүс гэж би бодож байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг өргөн барьчихлаа. Айхтар шаардлага байсан шийдлээ гэж байна. Хэрвээ тэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөхгүй бол, Зөрчлийн хуулийг батлахгүй бол, гэмт хэргийн хуулийг батлахгүй бол, тэрэнд чинь бүгдээрээ уялдаатай байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гаргасан этгээдтэй яаж хариуцлага тооцох вэ, яаж шийтгэх вэ, гэдэг нь тэр хуулиудад байгаа юм.
Сая энэ 5 хуулийг буцаасанаас энэ 5 хуулийн гайгаар өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүн бүхэн өдөр бүхэн хашгирч байх ёстой. Нямдорж оо, тэр хууль баталж өг л дөө. Тэрнээс чинь болоод би ингээд байна гэж. Тэр шүүхээр ороод тэр процессийг нь бүгдийг нь ил болгож өгсөн шүү дээ. Ямар юмыг зөрчил гэх вэ, ямар 340 юмыг хэрэг гэх вэ гээд, 240-өөр нь ялгаад тэгээд ямар хүн дээр яаж хариуцлага тооцох вэ гээд маш тодорхой болгосон. Тэрнийг хараад суухаар хүн өөрийгөө гэмт хэргээс хамгаалаад, зөрчлөөс хамгаалаад явах бүрэн боломжтой хууль. Энэ нэг хар тогтолцоо, хар хуулиас салах бүрэн боломжтой байсан.
Хамгийн их хүндрэл мөнгөний хүндрэл яах вэ. Энэ хууль хяналтын байгууллагын хоёр нүүр алагчлал, тэр мөнгөтэй, албан тушаалтай хүмүүст үйлчилдэг энэ байдал бол утгагүй шүү дээ. Хүмүүс намайг шүүмжилдэг. Ц.Элбэгдорж авилгатай тэмцэнэ гээд алагчлаад байна. Зарим улсуудтай ярихгүй байна. Заримыг нь хэлээд байна гэдэг.
Алагчлал гэж юуг хэлэх вэ гэдэг дээр би ойлголтоо хэлчихье. Албан тушаалтай, эрх мэдэлтэй этгээдүүд л авилга, албан тушаалын хэрэг өдүүлдэг. Албан тушаалтай байхад нь, эрх мэдэлтэй байхад нь хатуу шаардах ёстой. Хуулийнхан ажиллаад тэднийг дэмжээд явж байгаа бол энэ алагчлал биш. Сөрөг хүчинтэйгээ хөөцөлдөөд, чадваргүй байгаа хүмүүстэйгээ хөөцөлдөөд, сөрөг хүчнээ намнах гээд, ийм бодлого хэрэгжүүлж байгаа бол энэ алагчлал шүү. Тэгэхээр албан тушаалтай байхдаа л шударга бай, албан тушаалтай байхдаа л хуулиа хэрэгжүүл, албан тушаалтай байхдаа л амалсанаа хий л дээ. Түүнээс биш ганц хоёроороо гарч ирээд л мэдэгдэл хийгээд л явах зүйл биш юм.
Үнэхээр энэ 5 хууль дээр зохисгүй юм гарлаа. Та нар бараг сонсоогүй байх. УИХ-ын баталчихсан хуулиуд байсан. Өмнөх УИХ-ын дарга хариуцлагагүй хандсан гэж бодож байна. Нэг л өдөр УИХ-аа цуглуулаад, тэр 5 хуулийнхаа редакциа сонсгоод, алхаа цохичихсон бол энэ 5 хууль ингэж буцна барина гэж байхгүй шүү дээ.
Тэгэхээр заавал УИХ-г хаахгүйгээр янз бүрийн зүйлд ингэж яаравчлах хэрэггүй байсан нь үнэн. Энэ асар олон хүний олон жилийн хөдөлмөр. Энэ хууль бол маш чухал шинэчлэл байсан.
Монголын Үндсэн хуулийн шинэчлэлийн дараа орох том шинэчлэл байсан. Тэгээд УИХ баталчихсан хуулийг буцаагаад явуулж байна шүү дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр хамгийн муу юм нь Монголын төрд залгамж чанар байхгүй шүү гэдэг зүйлийг л энэ эрх баригчид МАН тунхаглаж байгаа юм.
Энэ зөвхөн Монголын ард түмэнд биш, гадаадыханд ч хэлж байгаа үг юм. Баталчихсан байгаа хуулийг бид нар ингээд хогийн саванд хийж чадна хаяна шүү. Тэгэхээр ямар залгамж чанар байгаа юм. Хэн Монголын төрд ажиллаж байгаа энэ төрийн бодлого хуулинд итгэх юм бэ? Гаднаа ч нэрээ унагасан, дотроо ч нэрээ унагасан. Энэ бол хамгийн зохисгүй үйлдэл.
Дээрээс нь бас нэг буруу үйлдэл гаргасан. Тэр 5 хуулийг хэрэгжүүлэхэд хуулийн байгууллагынхнаас шүүх , цагдаа, ШШГЕГ, бусад улсуудаас асууж байгаад “Та нар энэ хуулийг хэрэгтэй гэж бодож байна уу, буцаах уу? Ёсчлох уу” гээд ингэхээр нөгөөдүүл нь, хэрэгжүүлэх гэж байгаа улсууд нь баахан шалтаг тоочсон байгаа шүү дээ.
Тэгж асууж байгаад буцаасан байгаа юм. Засгийн газар, төрийн байгууллагууд, хууль хэрэгжүүлдэг байгууллагууд бол хуулиа батлаад л хэрэгжүүл гээд үүрэг өгөх хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол хөөгөөд явуулах хэрэгтэй, ажлаас нь халах хэрэгтэй. Тэр хуульд муу заалт орсон, амьдралд нийцэхгүй юм байгаа бол явцын дундаа тэр дор нь өөрчлөлт хийгээд яваад байж болох байхгүй юу.
Би хэлж байсан. Энэ 5 хуулиа маш хурдан редакци хийгээд баталчих. Буруу зөрүү юм байгаа бол хэрэгжиж эхлэхээс нь өмнө, буруу зөрүү зүйлд нь өөрчлөлт оруулчихъя. Тэгээд ирэх жилийн 7 сарын 1 гээд, тэр хооронд энэ хуулиа засах бүрэн боломж байгаа. Энэ үйлдлийг Нямдорж оройлж хийсэн. Та бүхэн мэдэж байгаа, бүлэг дээрээ ярьж, орилж хашгирч байж “Элбэгдорж хууль хяналтын байгууллагыг ийм муу болголоо ингэлээ тэглээ” гэсэн.
Би яг үнэндээ бол 70 жилийн тогтолцоо, ардчиллын 26 жилд шийдэж чадахгүй байсан зүйлийг 8 жил ярьж байж, хүмүүсийн анхааралд оруулж байж, үнэхээр энэ хуулийг үнэн зөв болгохын төлөө байдаг бүхнээ л зориулж ажилласан даа.
Энэ бол миний эсрэг хийсэн зүйл биш л дээ. Энэ бол Монголын ард түмний эсрэг хийсэн зүйл. Энэ хуулийн байгууллагын хэлмэгдүүлэлт, буруу зөрүү хорилоо, манай сэтгүүлчид эрүүгийн хэрэгт татагдлаа гээд энэ бүх зүйл дээр та бүхэн шаардаж байгаарай. Өдөр бүхэн шаардаж байгаарай. Энэ хуулийг оруулж ирж батлах хэрэгтэй гэдэг дээр.
Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ
Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд та юу хийх вэ, НҮБ явах гэж байна уу гэлээ.
Яг үнэндээ бол Монгол Улс, маргааш хийх ажилд л би санаа зовж байна. Түүнээс биш өөрийн ажил юм уу, өнгөрсөн үйл явц, миний мөр, миний хийсэн ажил яаж үлдэх бол гэдэг дээр би огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ. Би хэлсэн.
Монголын улс төрд юу хэрэгтэй вэ? Эдийн засагт нь юу хэрэгтэй байна. Нийгэмд нь юу хэрэгтэй байна. Ард түмэнд юу дутаж байна. Ард түмний улс төрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй юм. Хүмүүсийг ажилтай болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ, хэдэн жилийн дотор шийдэх вэ? Олон жил зүтгэсний хувьд би харж байна.
Олон улсад яах юм, 2 хөрштэйгээ яаж харилцаад явах юм. Бүс нутагтаа ямар байдалтай байх юм. Ямар боломж байгаа юм. Ямар боломжууд өнөөдөр Монголыг тойрч алга болоод байна. Та бүхэн харж байгаа биз дээ, Владивостокт юу болсныг. Япон гэдэг тэр өндөр хөгжилтэй орны Ерөнхий сайд нь Владивостокийн уулзалтад очоод, дээр нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч очоод, В.Путин Ерөнхийлөгчтэй гар бариад, Монголын зүүн талаар явах тэр бүх дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна шүү дээ. Монгол орхигдож байна шүү дээ.
Үүнийг Засгийн газар харж, ярьж байх ёстой шүү дээ. Манай баруун талаар дамжаад, Казакстанаар дамжаад, Европ руу гардаг бүх дэд бүтэц явж байна. Үүнийг бид нар ярьж, үүн дээр бид 2 хөрштэйгээ ойлголцоод явж байх ёстой.
Түүнээс биш “Энд буруу шийдчихсэн юм шиг байна. Энд буруу бичиг явуулсан байна” гэх шиг. Дотроо нэгнийхээ сэтгэлд янз бүрийн юм хийж болно л доо. Гаднын хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлд үндэслэлгүйгээр ямар нэг муу юм хийх шаардлага байхгүй л гэж бодож байна.
Ардчилсан намын даргыг тодруулах гээд таны Тамгын газрын дарга байсан П.Цагаан гээд хүн явж байна. Та ард нь байна уу гэж асуусан байна. Олон хүн асуудаг юм. Над дээр “Би Ардчилсан намын шинэчлэлийг хийнэ, би энд хүчээ зориулна” гэж олон хүн орж ирсэн. Би хүн бүхэнд нь хэлж байгаа. “Таны дэмжлэг хэрэгтэй байна” гэж. Би хүн бүхэнд нь хэлж байгаа. “Батхүү чамайг дэмжиж байна. Цагаан чамайг дэмжиж байна. Гантөмөр чамайг дэмжиж байна. Тэмүүжин чамайг дэмжиж байна. Бүгд яв яв” гэдэг. Тэр залуучууд тэмцэж байна. Зөв шүү дээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт гэж асуулаа.
Гүйцэтгэх засаглалыг чадавхижуулах тэр чиглэлд өөрчлөлт хийх хэрэгтэй. Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа нэг хуулийн төсөл боловсрууулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж батлуулсан. Манай зарим сэрүүн толгойтнууд тэр хуулийг хүчингүй болгох хэрэгтэй гэдэг юм. Бидэнд бол сахилга бат хэрэгтэй. Тэр хууль бол Үндсэн хуулийг өөрчлөхөд сахилга батыг бий болгож өгсөн тийм хууль байгаа юм. Түүнийг 1 дүгээрт хатуу баримтлах хэрэгтэй.
Хоёрдугаарт өргөн дэлгэр хэлэлцүүлгийг явуулах хэрэгтэй.
Гуравдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт хийх бол нэг удаа, нэг л харилцаагаар оролдъё. Түрүүнд бүхэл зүйл заалтад нь өөрчлөлт хийх гэж оруулж ирсэн шүү дээ. Өнөөдөр юм зөв харагдаж болно. Та бүхэнд ч гэсэн. Бид нар ч юманд их автдаг хүмүүс шүү дээ.
Улс төрийн болохгүй бүтэхгүй байгаа зүйл 5 жилийн дараа харсан чинь буруу байвал яах юм бэ. Тийм учраас Үндсэн хууль бол Монгол Улс гэсэн үг гэж ингэж үздэг шүү дээ. Тэгэхээр нэг удаа нэг харилцааг л авч үзье. Ийм замаар явъя. Би бэлэн.
Тэр оффшор дансыг хориглох хэрэгтэй гэлээ.
Яг энэ хуулийг олон гишүүн сонгуулийн өмнө манайхан нэг их шударга улсууд болоод хууль санаачилна гээд пижигнэх юм. Одоо энэ Засгийн газар хамгийн түрүүнд санаачлаад, энэ эрх баригчид, Ц.Нямдорж хамгийн түрүүнд санаачилж, энэ хуулийг оруулах ёстой л гэж бодож байгаа.
Төрийн албан хаагчид гадна оффшор данстай байхыг хориглох хэрэгтэй. Тийм зүйл илэрвэл улс төрийн ямар ч албан тушаалтан, төрийн албан хаагч хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Энэ цаг мөчөөс… гэж байгаад энэ асуудлыг бүрэн шийд. Би бол үүн дээр ойлгомжтой.
Тавантолгойн орд явахгүй байна гэж байна, Засгийн газар ярьж байгаа байлгүй дээ. Үндэснийхээ эрх ашигт нийцүүлээд, шийдвэрлээд, ажлаа хөдөлгөөд яваасай даа. Нүүрс үнэд хүрч байгаа, боломжтой байгаа дээр нь дэд бүтцээ бий болгоод зараасай. Тэгээд энэ Тавантолгой нь явна, тэндээс орж ирж байгаа хөрөнгөөөрөө дахиад өөр төслөө хөдөлгөөсэй гэж бодож байгаа. Үнэхээр өнөөдөр эдийн засаг хүндэрлээ, ард түмний амьдрал хэцүү байна гэдэг өмнөх Засгийн газрын үед энэ хөдөлгөчих боломжтой, хийчих боломжтой ажлуудаа хийж чадаагүй, хэтэрхий их талцсан ийм байдлаасаа болоод бид алдчихсан байхгүй юу. Энэ боломжийг алдсан. Би өмнө нь хэлж байсан, Монгол гэдэг бол боломжийг алдаад байх тийм тансаг улс биш шүү гэж. Зарим боломж бол Монголд нэг л удаа олдоно. Төмөр замаа ава аа гэдэг саналыг тавьж байсан. Тэр бол нэг л удаа олдсон боломж. Одоо дахиж байхгүй.
Төвийг сахих тухай гэж байна. Хуулийг нь өргөн барьчихсан байгаа. Энэ бодлоосоо ерөөсөө татгалзаагүй. Монгол Улс бол төвийг сахисан улс гэдэг энэ зүйлээ Засгийн газрын түвшинд, ҮАБЗ-ийн түвшинд тунхаглачихсан байгаа шүү дээ. Н.Алтанхуяг, Ардчилсан намын сонгууль, ялсан, ялагдсан шалтгаан, үүний ард, өмнө байдаг гээд л. Ер нь энэ ардчилал, Ардчилсан намын гишүүдийн олон удаагийн сонгуульд амжилттай оролцоход олон мянган хүний хүч, оролцоо байсан. Гэхдээ дахиад л энэ талцдаг, МАХН гэж байж байгаад л Ардын нам болоод л, ард нь Монгол Ардын Хувьсгалт нам болоод л, нөгөө талд нь өрсөлдөж байгаа нэг хүч нь хоёр болоод л хуваагдсан л даа. Бас энэ хуваагдал бол Ардчилсан намын сүүлийн сонгуулиудад ялаад байсны их том… сайнаар хэлбэл хувь нэмэр, муугаар хэлбэл шалтгаан болсон гэж улстөрчид, Ардын намынхан ч өөрсдөө ярьдаг юм билээ, Ардчилсан намынхан ч ярьдаг. Ийм л зүйл. Тэгэхээр ер нь зөв үзэл бодол, зөв юм хийе гэж байгаа энэ үзэл бол урагшаа явах ёстой. Бид аль нэг нам, муу зүйлээсээ аль ч нам нь байсан салах хэрэгтэй.
Шүүхийн тухай, шүүхийн шинэчлэлийн олон зүйл унаад байна гэж асууж байна. Намайг Ерөнхийлөгч болоход “Та шүүхэд итгэдэг үү” гээд асуухад 20 хувь нь итгэдэг гэж хариулдаг байсан. Одоо олон нийтийн судалгаа, Германы, гадаадын, олон улсын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хэмждэг хэмжүүрээр Монголын ард түмнээс асуухад би 60 хувь нь шүүхэд итгэдэг гэж хариулдаг болсон байна билээ. Зүгээр энд нэг зүйл хэлэхэд, би сониноос уншиж байсан юм. Нэг малчин өвгөн “Би уул уурхайн компанийг шүүхэд өгөөд яллаа” гэж. Үнэхээр хуулийн дагуу, зөв байгаа бол шүүх ингэж л ажиллах ёстой. Шүүхэд байгаа бүхэн сайн байна гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ амжилт гарч байгаа.
Хамгийн гол нь тэр шүүхийг барьдаг, шүүх эрх мэдлийн хамгийн гол өөрчлөлт тэр таван хуулиндаа байгаа юм шүү дээ. Мөнгө хүрэх, хүрэхгүй байх яах вэ. Аяганы алаг гэж ярьдаг, төрийн нүүрэн дээр очоод тийм алагчлах байдал руу хүн ормооргүй байгаа юм аа. Тэгэхээр үүнийг халсан тэр таван хуулийг жаахан өөрчлөлт оруулбал оруулаад батал. Сая УИХ-ын даргын захирамжийг би харж байхад тавуулангийнх нь нэрийг жагсаагаад биччихсэн байна билээ. Энэ намрын чуулганаар шийднэ гээд оруулсан байна билээ. Оруулах шаардлагатай ганц нэг өөрчлөлт байгаа бол түүнийгээ оруулаад УИХ батлаасай. Нэгэнт баталчихсан хууль шүү дээ. Тэгээд гүйцээгээд хийгээсэй. Ер нь аливаа албан тушаалтан явахад ард нь зөв хууль үлддэг байх ёстой, зөв соёл үлддэг байх ёстой, зөв институт үлддэг байх ёстой. Энэ бол миний зарчмын бодол. Түүнээс биш тэр сайн байсан, тэр муу байсан, тэр мундаг байсан гээд ийм хэл яриа бол утгагүй. Тэр хүний тухай биш. Тэр хүн явахад зөв соёл ард нь тогтоод л үлдсэн бол энэ бол зөв ажиллажээ л гэж хэлэх хэрэгтэй. Зөв хууль үлдэх ёстой. Зөв институт үлдэх ёстой.
Заавал намар болтол, нэг хүн гарч мэдэгдэл хийх хүртэл хүлээх хэрэг байгаагүй шүү дээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн татвартай холбогдсон асуудлууд дээр би хэлээд байгаа шүү дээ, энэ Засгийн газар, Сангийн яам энэ талаар үздэг, хардаг бүх улсууд нь хуулиндаа нийцүүлье, аж ахуйн нэгжийн хуулиндаа нийцүүл, янз бүрийн зүйл байгаа бол та бүхэнд эрх нь байна. Мэдэгдэл хийхийнхээ оронд долдугаар сард гарч ирээд засахад яасан юм бэ. Б.Болорын тушаалыг хүчингүй болгочиход яасан юм бэ? Заавал намар болтол, нэг хүн гарч мэдэгдэл хийх хүртэл хүлээх хэрэг байгаагүй шүү дээ. Энэ бол ард түмний төлөө санаа зовж байгаа хэлбэр биш ээ гэж би хэлсэн.
“Эрдэнэт үйлдвэр” бол буяны байгууллага биш шүү. Харин ч 10000 хүрч байсан зэсийн үнэ нь өнөөдөр 5000 ам.доллар руу буусан. Ийм нөхцөлд 6000 гаруй хүн тэнд ажиллаад, тэр хот, тэгээд энэ улс оронд… Манайхан ч сэрүүхэн тавина шүү дээ, төсөв төсөвлөхдөө. Зэсийн үнэ 5000 байгаа, 6000, 7000 гэж байгаад, “Эрдэнэт”-ийн татварыг нэм гэж байгаад төсөв дээрээ төлөвлөдөг шүү дээ. “Эрдэнэт” хэзээ ч төсөвт төлөх ёстой татвараа төсөвлөснөөс дутуу төлж байгаагүй шүү. Бага төлдөг үе байсан юм. Намайг 1998 онд Ерөнхий сайдаар томилогдож байхад 150 сая төгрөг л төлдөг байсан. 150 сая төгрөгөө ч өгч чадахгүй хөөцөлдүүлдэг байсан үе бий. “Эрдэнэт” бол буяны байгууллага биш. Хажуудаа асар том оношилгооны төв, орчин үеийн эмнэлгийн төвийг тэндээсээ бас хуруу хумсаа хугалж байж байгуулсан.
Дээр нь “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалынх нь хэмжээ ямар түвшинд хүрсэн бэ гэхээр 0.89 байсан юм. Нэг тонн зэсийн хүдэр дотор байгаа зэсийн баяжмалын хэмжээ нь 0.89 байсан бол одоо 0.51 болсон байгаа. Бүр буураад л байгаа. Ер нь 40 жил болно гэдэг бол уул уурхайн үйлдвэрийн хувьд өндөр нас. Тэгээд монголчууд аваад, энэ асуудлаа зөв шийдээд, хувийнхан нь аваад, хөрөнгө оруулалтаа хийгээд, төртэйгөө хамтарч ажиллаад, хэдэн жил ажиллуулаад, хаалтыг нь хийгээд, дараа нь одоогийн бааз дээрээ түшиглээд өөр үйлдвэр, машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг болгодог юм уу, энэ шилжилтээ хийгээд яваг ээ л гэж харсан байх. Би бол Оросын тал, энд оролцсон хүмүүсийг монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж ерөөсөө бодохгүй байна.
“Эрдэнэт”-ийн байдал өнөөдөр хүнд байгаа. Санхүүгийн тэр асар олон тэрбум, хэдэн зуун сая ам.долларын өр зээл, янз бүрийн асуудал бий. Энэ хувийн хэвшлээс өөр ингэж зориг гаргаж, 49 хувийг авна барина гэдэг хүн байхгүй. Миний харж байгаагаар одоо 7-8 жилээс нааш “Эрдэнэт” санхүүгийн энэ хүндрэлээсээ гарч чадахгүй. Дандаа хөрөнгө оруулалт, дандаа шинэ юм, дандаа мөнгө, дандаа иймэрхүү зүйл шаардсан үйл ажиллагаа л энд явна. Одоо харин 49 хувьд ногдох ашгаа бид гадагшаа явуулдаг байсан бол энэ нь Монголд л үлдэх юм байна. Тэр нь эргээд Монголын ард түмний амьдрал, тэнд ажиллаж байгаа хүмүүст, энэ зүйлүүдэд хөрөнгө оруулалт болоод явах ёстой. Гэхдээ үүнийг зөв болгох хэрэгтэй. Би 51-ийг нь ч өмөөрөөгүй, 49-ийг нь ч өмөөрөөгүй. 49 нь хууль зөрчсөн бол байранд нь тавь, 51 нь хууль зөрчсөн бол байранд нь тавь. Хуулийнхаа дагуу, хуулийнхаа хэм хэмжээнд оруул. Энэ эрх нь энэ Засгийн газар, УИХ-д байгаа. Энэ ажлаа хий. Ийм л зүйлийг хэлье дээ.
“SBN тв”-ийн сэтгүүлч Мягмартогтох: Ерөнхийлөгчийн сэтгүүлчидтэй хийж буй уулзалтыг цахим ертөнцөд шууд дамжуулж байна. Тэнд Ерөнхийлөгчийн энэ удаагийн уулзалтын зорилго бол зөвхөн Ц.Нямдоржийн эсрэг байна аа гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдөр төрийн эрхэнд үнэхээр Ц.Нямдорж болон бусад гэсэн эрх ашиг байна уу, эсвэл Ц.Нямдорж гишүүн, та хоёрын хооронд зөрчилдөөн байна уу. Энэ асуултад та тайлбар өгнө үү.
“Dorgio.mn” сайт: асуултаа дахиад асуучихъя. Цаазын ялыг дахин хэрэгжүүлэх бодол танд байна уу?
“Eagle” телевизийн сэтгүүлч: Эдийн засгийн коридор байгуулах ажил, төмөр зам тавьж эхлэх хугацааг та хэлэх боломжтой юу? Мөн Орхон голын бохирдол дээр та байр сууриа илэрхийлээч.
“Aravt.mn” сайт сэтгүүлч Дуламсүрэн. Фэйсбүүк хэрэглэгчид бол Ерөнхийлөгчөөс ийм асуулт асууж өгөөч гээд аятайхан асуулт ирүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголчууддаа хувь хүртээх боломж бий юү? Таны бүрэн эрх дуусах хугацаа ер нь дөхөж байгаа ч гэсэн энэ бол багагүй хугацаа. Тэгэхээр олонх нь Монгол Ардын нам болчихсон үед хүндийн жин Ерөнхийлөгчид ирж байна. Ард иргэд танд нэлээд найдлага тавьж, танаас нэлээд зоримог алхмуудыг хүлээж байгаа. Өнөөдөр таны ярьсан юм хэрэв ажил хэрэг болдог бол сэтгүүлч миний хувьд нэлээд тааламжтай байна. Тэгэхээр Монголын ард түмний хүлээж байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд хүчтэй, хууль хяналтын байгууллага, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Шилэн данс энэ тэр юу болсон бол? Үүнийг жигд явуулахад таны зүгээс хийх зоримог, томоохон алхмуудыг та нэрлэж өгнө үү.
“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонжаргал: АТГ-ын даргаар Энхжаргал даргыг та яагаад дэмжсэн юм бэ? Энэ хүн УИХ-ын дарга Энхболдтой Төв аймагт ажиллаж байсан, ойрхон хүн гэдэг. Таныг албанаасаа буусны дараа шалгагдахгүй гэдэг тохироон дээр дэмжлээ гэдэг асуудал улс төрд бас өрнөсөн байна билээ. Түүн дээр та тайлбар өгөөч ээ. Хоёрдугаарт, таны хэлж байгаа болон тодорхой байр суурьтай холбоотойгоор хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалаас хууль хяналтад нөлөөлөх нөлөөллийг багасгах хэрэгтэй юм байна гэдэг санааг илэрхийлж байсан. Та үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
“Монголын үнэн” сонины сэтгүүлч Сарантуяа: Төв банкийг яаж хараат бус байлгах вэ? Олон улсын банкууд аль нэг салбарыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө хэвлэдэг үү? Өнгөрсөн хугацаанд долоон их наядыг хэвлэсэн байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
“Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Цэцэгсүрэн: Засгийн газрын ажилтай холбоотой асуудлыг та сая хөндлөө. Энэ Засгийн газрын 100 хоног удахгүй болох гэж байна. Ажилд нь Та ямар үнэлгээ өгөх вэ?
“Эх орон” телевиз, “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч Д.Заяабат: Амин сүнсийг нь өөрчилсөн Хэвлэлийн эрх чөлөөний туай хууль маань юу болсон бэ? Тэр хуулийн хувь заяа хаана явна вэ?
“МҮОНТ”-ийн сэтгүүлч Нарантуяа: Та ухаалаг төрийн зорилт гаргаж тавьж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тань дуусах дөхөж байна. Энэ хугацаанд та өөрийгөө хэр ухаалаг Ерөнхийлөгч байсан гэж дүгнэж байна вэ?
“МҮОНТ”-ийн сэтгүүлч Батбаяр: Та бол монгол хэл, бичгээ сайн дэмждэг хүн. Монгол хэл, бичгийн тухай хууль гараад нэлээд хугацаа өнгөрлөө. Гэвч өнөөдөр үүнийг хэрэглээг хянах тогтолцоо байхгүй байна. Энэ талаар та бодлоо хэлээч. Хоёрдугаарт, та Монголын үндэстэн угсаатан, хэл соёлын талаар ямар бодлого баримталж байна вэ?
“Royal” телевизийн сэтгүүлч Мөнхзаяа: Өнөөдөр таны ярьсан бүх зүйл үнэн гэдгийг та батлах уу?
“Монголын мэдээ” сонины сэтгүүлч Чулуунцэцэг: Та өөрөө сэтгүүлч хүн. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй үед хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн оршин тогтнож байна вэ, энд цугларсан сэтгүүлчид хэрхэн цалинжиж байгаа бол гэдэг дээр та санаа зовж байна уу? Бүх зүйл хэвлэлийнхэнд хаалттай байна. Магадгүй, арванхоёрдугаар сар болоход олон телевиз, вэбсайт хаагдах нь тодорхой болж байна. Та үүн дээр санаа зовж байна уу?
“UB.life” сайт сэтгүүлч Б.Энхцэцэг: Э.Бат-Үүл та хоёр хувийн харилцаатай, сайн анд нөхөд шүү дээ. Э.Бат-Үүл С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдээд, яллагдагчаар татагдаад одоо бараг шүүх шатандаа орж байгаа, энэ хэргийн гол холбогдогчийн нэг нь Э.Бат-Үүл болчихоод байгаа нь танд хайран, харамсалтай ч гэдэг юм уу сэтгэл эмзэглэм байна уу? Сэтгэл хөдлөлийн хувьд та ямар байдалтай байгаа вэ?
“Эх орон” телевиз, “Үндэсний мэдээ” сонин сэтгүүлч Ш.Даваадорж: Та Ардчилсан намын ирээдүйг ямраар төсөөлж харж байна вэ? Ер нь хүлээн зөвшөөрөгдсөн лидер бараг байхгүй боллоо гэж өөрсдөө яриад байна. Ер нь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зангарагтай лидер байна уу? Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн боломжтой хүн гэдгээр нь ийм асуудалд холбоод байгаа гэж өөрөө тайлбар өгсөн байна билээ. Энэ хэр бодитой вэ? Мөн төрийн албыг чанаржуулах талаар таны өргөн барьсан маш сайн хуулийн төсөл байсан. Тэр сайн сайн заалтуудыг УИХ харамсалтай нь хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугцааг дуусахаас өмнө та энэ төслөө дахиад оруулах бололцоо ер нь байгаа болов уу? Мөн ирэх жилээс бид өр, зээлийн асуудлаа төлж эхлэх болно. Бондын энэ өрөө дарахын тулд дахиад бонд босгоно гэж байгаа энэ хувилбарыг та хэр зүйтэй гэж боддог вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сүүлчээс нь эхлээд хариулъя. Бонд босгох асуудлаар би байр сууриа түрүүнд хэлсэн. Одоо бол Монголын Улсын үнэлгээ, рейтинг гэж ярьдаг тэр түвшин бол их доошоо буусан шүү дээ. Тэгэхээр бонд бол асар өндөр хүүтэй босох магадлалтай байгаа юм. Засгийн газар олон эх үүсвэр хайж байга байх гэж бодож байна. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрүүдийн асуудлыг шийдэхдээ ОУВС-тай ярих нь зүйтэй. Ер нь Монгол Улс санхүүгийн сахилга баттай улс болох ёстой. Хатуу энэ бодлогоо ялангуяа төрийн түвшинд хэрэгжүүлж явах хэрэгтэй. Иргэдийн амьдралд очиж байгаа тэр хүндрэлүүдийг яаж зөөллөж болох вэ гэдэг талаар ярих боломжтой гэж бодож байгаа. Үүнийг хийх хэрэгтэй болов уу.
Төрийн албаны хуулийг дахиж оруулах уу гэж байна. Миний санаачилсан нэлээд олон хуулийг буцаачихсан байгаа. Энэ нь мөн нэг боломж гэж харж байгаа. Өмнө нь Төрийн албаны тухай хуулийг өргөн барьж байхад нөхцөл байдал ямар байсан, одоо бүр сайжруулаад, бүр чангаруулаад дахиж оруулна. Харин энэ хуулиудыг оруулахад, би түрүүнд хэлсэн. Би бол улс төр, төрийн алба гэдэг бүх зүйлээр дамжсан хүн. Надад бол ямар нэг нам, ямар нэг улс төр харсан ийм зүйл байхгүй. Би үнэхээр Монголыг бодож, Монголын төрийн албаны төлөө энэ хуулиудыг оруулна аа.
Хэвлэл мэдээллийн олон байгууллага хүндэрч байна, зарим нь татан буугдах болж байна, та санаа зовж байна уу гэлээ. Үргэлж санаа зовж байгаа. Нэг аж ахуйн нэгж хаагдах, нэг хүн ажлаас халагдах энэ бүхэн бол үнэхээр санаа зовохоос өөр аргагүй зүйл шүү дээ. Тийм учраас төрийн зүгээс, засгийн зүгээс янз бүрийн хувийн чиглэлээр, эсвэл хэн нэгний шахааны хүнийг аваачиж тавих чиглэлээр, тэгээд би түрүүнд хэлсэн, төрийн албан дээр зөв зорилготой очиж байгаа бол болно оо. Эндээс баяжиж болдог, эндээс мөнгө олж болдог гэдэг ийм чиглэлээр очих юм бол энэ бол ер байж болохгүй зүйл байгаа юм. Энэ дээр манай ард түмэн сонор сэрэмжтэй, нүд нь нээлттэй байгаа байх аа гэж бодож байна.
Ардчилсан намын ирээдүй, бусад зүйлийн тухай би түрүүнд хэлсэн. Гурван зүйлийг шийдэх хэрэгтэй. Үзлийн асуудал, хийх ажил, тэгээд дүрэм гэдэг энэ гурван зүйлээ шийдэх хэрэгтэй. Энэ шинэчлэл бол чухал гэдгийг хэлье ээ гэж бодож байна.
Таны өнөөдрийн хийж байгаа яриа бол ерөөсөө Ц.Нямдоржийн эсрэг л юм хэлэх гэсэн юм шиг ойлгогдож байна гэж олон нийтийн сүлжээгээр асууж байна гэнэ. Үүн дээр нэг зүйл хэлье. Мэдээж “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал, энэ бүхэн бол нэгэнт мэдэгдэл хийгээд, гараад, хүмүүсийн анхаарлыг татаад байгаа, тэр хүн ч гэсэн олны анхаарлыг татахын тулд л ярьсан. Тийм учраас Төрийн тэргүүний хувьд надаас хүмүүс шаардаж байгаа юм л даа. “Эрдэнэт” дээр ийм тийм байна, та ард нь байна уу, энд ямар үйл явц болсон юм бэ, ОХУ, болж байгаа байгаа үйл явц дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг асуудлаар байр сууриа илэрхийлээч гэсэн олон асуудал байгаа. Сая та бүхэн асуулаа. Би бол манай хэвлэлийнхэн нийгмийн толь гэж боддог. Өнөөдөр энд нэг хүний тухай ярих гэж би ирээгүй. Харин тийм зүйлд Монголын ард түмэн хууртахгүй, тийм билгийн нүдтэй, чадвартай болсон. Сэтгүүлчид ч гэсэн үнэлэлт дүгнэлт хийгээд, нэг хүний ярилцлага, мэдэгдлийг хараад гарахдаа бүрэн автаад гардаг энэ зүйлийг болимоор байгаа юм. Яаж ийм юм болох вэ, яаж үүн дээр үнэлэлт, дүгнэлт өгөөд, нөгөө талд нь ийм л юм харагдаж байна шүү дээ гээд, цаад талд нь байгаа бодлыг яаж унших вэ гэж хүмүүс асуудаг.
Үүнийг уншихын тулд өөрөө үнэт зүйлтэй, өөрөө зарчимтай байх ёстой. Үнэхээр энэ нь Монголын төлөө хийгдэж байна уу гэдэг шугаман дээр тавиад үз, миний барьдаг үнэт зүйлтэй нийцэж байна уу гэдэг шугаман дээр тавиад л үз. Тэгээд л зөрж байвал та дүгнэлтээ хийж болно шүү дээ. Манай хэвлэл мэдээллийн байгууллага зөв мэдээлэл өгөх, ард түмнийг зөв, хариуцлагатай, үнэхээр шударга, зөв чиглэл рүү чиглүүлэхэд асар их үүрэгтэй шүү. Энэ ажлууд бол хангалттай түвшинд биш байгаа гэдгийг бид ч гэсэн бүгдээрээ бодох ёстой гэж бодож байна.
Цаазын ялын тухай мөн асуусан. Монгол Улс өөрийнхөө хуулиар цаазын ялгүй орон болсон байгаа. Нэг зүйл дээр хүмүүс их андуурдаг юм билээ. Цаазын ялыг солилоо гэхээр цаазын ял авсан тэр хүн эрх чөлөөтэй болчихож байгаа мэт ойлгодог. Цаазын ял авсан хүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэж байгаа. Амьдын тамд бүх насаар нь байлгаж байгаа юм. Зарим нь бол хашгирдаг, намайг буудаад өгөөч ээ гэж. Гянданд аваачаад бүх насаар нь хорино гэдэг бол тийм сайхан зүйл биш. Тэнд очсон хүн дээд тал нь 12 жил болоод л нас барсан байдаг юм. Очоод зарим нь амиа хорлодог. Тэр үйлээ бол шоронд очоод тэд өөрөө эдэлдэг юм.
Хамгийн аюултай зүйл бол аль ч газрын шүүх 100 хувь алдаагүй шийдвэр гаргана гэж байдаггүй юм. Хүүхдийн амь нас хөнөөчихсөн, эсвэл хүүхэд хүчиндээд алчихсан хүн байна гээд барьж аваад цаазалчихсан чинь дараа нь яг жинхэнэ хүчиндсэн, тэр аймшигт хэргийг үйлдсэн хүн нь олдож байдаг. Гэтэл өмнө нь гэм зэмгүй хүн цаазлуулчихсан байдаг. Харин тэр хүнийг насаар нь хорих хугацаанд тэр хэргийг үнэн зөвөөр тогтоох боломж гардаг. Монголын шүүхийн түүхэнд ч ийм зүйл гарч байсан. Цааз өгөөд, дараа нь хүчингүй болж байсан.
Цаазын ялыг, тэр муухай хэргийг өршөөж байгаа хэрэг огт биш. Би үзэн яддаг. Тийм муухай хэргийг өдүүлж үйлдэж байгаа хүмүүсийг би үзэн яддаг. Гэхдээ энэ хэргийг бид үнэн зөвөөр нь үүрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр чинь өнгө мөнгөний хорвоо байхгүй юу даа. Хүний өмнөөс хэрэг үүрээд, хөөрхий ядарсан хүний хүүхэд ороод цаазын ял авбал яах вэ? Миний үлдэж байгаа ар гэрт нэг байр өгчихөөрэй. Би хэргийг чинь үүрээд оръё гээд. Ийм зүйл бусад оронд гардаг. Бүр тэгэж тулган хүлээлгэдэг. Тийм байдлаар хууль, хяналтын байгууллага нь ажилладаг. Тийм учраас үүнийг хааж байгаа юм. Түүнээс биш тэр гэмт хэрэг үйлдэж байгаа, муухай зүйл хийж байгаа тэр улсуудыг өмөөрч байгаа зүйл ерөөсөө ч биш. Ийм л юм.
Дээрээс нь энэ цаазын ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Шүүхэд та нар нөлөөлж байна л гэдэг. Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлөөд, дургүй байгаа хүнээ явуулсаар байгаад цааз авахуулаад, Ерөнхийлөгчид дахиад уучлал гуйгаад ороод ирэхэд нь уучлахгүй, шууд гүйцэтгүүлж болно шүү дээ. Улс төрийн зорилгод ашигладаг.
Дээр нь манай түүхэнд цаазын ялыг Монголын ард түмний өнгө болсон гучин хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлэхэд ашигласан юм. Гучин хэдэн онд Монгол цаазын ялгүй байсан бол бид Чингис хааны үеэс явж ирсэн тэр гайхамшигтай нийгмийн өнгө болсон генералууд, мундаг улсууд, төрийн зүтгэлтнүүдээ бид алуулахгүй л байх байсан гэж бодож байна. Наад зах нь алахдаа авч гарч алах байсан байх, лав Монголын нутаг дээр биш. Бид чинь жижиг улс байхгүй юу. Нэг хүний амь ч буруугаар шийтгэгдэх ёсгүй юм аа. Энэ асуудлаар маш олон ярьж болно. Энэ лүү нийгэмшиж байгаа, зөв болж байгаа нийгэм бүхэн ийш зүтгэж байна.
Цаазын ялын энэ асуудал бүрэн шийдэгдсэний дараа Монголд цааз гэдэг ямар янзтай явж ирсэн, тоо бүртгэл нь яаж явж ирсэн юм, ямар хүмүүс хэлмэгдсэн юм, яаж гүйцэтгэсэн юм, энэ бүхэн хэзээ нэгэн цагт ил болно. Та бүхэн хараарай. Тэр бүхнийг сонсоод унтаж чадаагүй, тэр бүхнийг сонсоод хэдэн сараар сэтгэл нь өвдсөн тийм хүмүүсийг би мэднэ. Монгол бол Хойд Солонгос, Беларусь улстай адилхан цаазын ял нь хамгийн харигс, хамгийн далд байдаг орон болж хувирсан. Цаазалсан хүнийхээ төрийн тэр шийдвэрийг гүйцэтгэчихээд биеийг нь хүртэл ар гэрт нь буцааж өгдөггүй шүү дээ. Ял сонслоо, хаа явсан нь бүү мэд. Үхсэн үү, оршуулга нь хаана байгаа вэ, ар гэрийнхэн нь очоод нэг чулуу шарил дээр нь тавих эрхгүй байдаг юм аа. Мэдэх үү, та нар түүнийг? Ийм юм байдаггүй юм. Зарим улс оронд бол хохирогчдыг нь оруулж ирж байгаад нүдэн дээр нь цаазалж байдаг. Зарим улс оронд бол стадионд оруулж ирж байгаад гаднын дуу сонслоо, гаднын бүжиг үзлээ гээд 10 мянган хүн суулгаж байгаад танк эсэргүүцдэг буугаар арван хэдээр нь цаазалж байна. Ийм зүйл рүү Монгол явах хэрэгтэй юм уу? Ийм зүйлийг улстөрчид л ашиглана. Ийм зүйлийг хамгийн өндөр эрх мэдэлтэй байгаа хүн л ашиглана. Үүнийг халахын тулд тэр хамгийн өнлөр эрх мэдлээсээ шударга ёсыг тогтоох ёстой гэж би боддог. Тэгэхээр тэр ялыг тэр хүнд нь үүрүүлэх хэрэгтэй. Ясыг нь цайтал хориод, үхтэл нь тэр эмзэглэлийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Би түрүүнд хэлсэн шүү, зарим хүн намайг буудаад өгөөч гэж хашгирдаг юм.
Эдийн засийн коридорын тухай асуулт асуусан. Үүн дээр манай Засгийн газар хурдан шийдэх нэг ажил байгаа юм. Аливаа асуудлыг, эдийн засгийн коридор, энэ тэр гээд харахад яг бэлдчихсэн цаас, бэлтгэсэн юм байхгүй. Тэгээд би ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж байхдаа тавьж байсан юм. Монгол Улсад энэ гурван улсыг дамжиж өнгөрөх төслийн хөрөнгө оурулалт, төслийг судлах төв байгуулъя. Тэгээд бид дунд нь байгаа учраас Улаанбаатарт байгуулъя. Түүнд нэг их олон хүн ажиллуулахгүй, маш өндөр мэргэжлийн, боломжтой хүмүүсийг бид гэрээгээр ажиллуулъя гэсэн.
Одоо Засгийн газар байгуулаасай гэж бодож байна. Одоо ийм төв байгуулъя, Оросын тал сонирхож байна, том хөрөнгө оруулагчид сонирхож байна, Хятадын тал сонирхож байна, ямар төсөл байна вэ. Бид гучин хэдэн төслийн жагсаалт гаргасан. Яг ТЭЗҮ нь бүрэн гарсан төсөл байхгүй л байгаа юм. Тэгэхээр бид олон юм ярьдаг. Цаасан дээрээ тэр төслийн санхүүжилтийн асуудлыг хэрхэх юм, нийгэм эдийн засгий нөлөөлөл нь юу юм зэрэг энэ бүхнийг судалдаг ийм төвийг Монголд байгуулъя гэдэг ийм санал гарч байгаа. Үүнийг шууд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Орхон голын бохирдол гэж байна. Улаанаар эргэлдэж байгаа тэр зүйл дээр би бол үнэхээр эмзэглэж байгаа. Ийм зүйлээс болж л ашигт малтмалын лицензэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 46 хувийг нь хайгуулын лицензэд өгчихсөн байна гээд гудамжинд өдөр бүхэн жагсаал хийдэг байсныг одоо та бүхэн мартсан даа. Энэ хувь зургаан хувь болтлоо буурсан гэдгийг мартсан даа?! Хоёр жилийн өмнө Ашигт малтмалын тухай хууль батлаад, одоо олгож эхэлж байгаа энэ хувь одоо арван хэдэн хувь байгаа гэдгийг та бүхэн мартсан л байх. Үүнийг санаачилж, энэ хэцүү зүйлийн өөдөөс нүүрээ улайлгаж, зүтгэж бас шийдүүлсэн юм аа. Ер нь монголчууд байгалиа хамгаалж гарахын төлөө хамтрах хэрэгтэй. Төр засаг нь чих нь нээлттэй байх ёстой л гэж бодож байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь эзэмшил гээд маргах юм, үүнийгээ ард түмэндээ хүртээж болдоггүй юм уу гэх юм. Тэгэхээр арваад жилийн өмнө би Тавантолгойн тухай “Эрдэнийн хувь” гэдэг нийтлэл “Өдрийн сонин”-д бичиж л байсан. Би түүндээ Тавантолгойн маш бага хувийг, магадгүй, арван хувийг нь иргэдэд хувьцаа болгож олгох замаар ард түмнээ оролцуулдаг энэ зүйлийг туршиж үзвэл яасан юм бэ гэж би бичиж байсан юм аа. Бүтнээр нь биш ээ, арван хувь гэж бичиж байсан. Ийм үзэл бодлыг би тэр арван хэдэн жилийн өмнө гаргаад “Өдрийн сонин”-ы бүтэн нүүр дүүрэн нийтлэл бичиж байсан. Түүнээс үүсээд энэ Эрдэнийн хувь, хувьцаа гэдэг яриа, зүйл Монгол даяар явсан. Явсан хэлбэр нь буруу явсан. Би бол нэг газарт туршиж үзээд, болохгүй бол зогсооё гэдэг байр суурьтай байсан юм. Төрийн ч бай, хувийн ч бай тэр юм нь олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн биржээр дамжаад нээлттэй байдаг, хүмүүс нь худалдаж авдаг, тэгээд хувь эзэмшигч нь болоод, хэрэв тэр нь үнэ нь өсөж, буух үед зардаг ч юм уу иймэрхүү байдлаар усны урсгал шиг солилцож байдаг ийм хэлбэр рүү ороосой л гэж бодсон. Ингэж би арван хэдэн жилийн өмнө бичиж байсан юм.
Одоо бол манайхны хувь, хувьцааны тухай ойлголт тэр үеийнхээс огт өөр болсон. Гэтэл Тавантолгой дээр хувь гаргалаа гэсэн, монголчуудад хүрсэн үү?! Энэ бол улстөрчдийн шоу болоод өнгөрсөн. Буруу хийсэн. Зөв санаа байсан байж магадгүй. “Эрдэнэт” өнөөдөр ашиг нь буурч байгаа, зэсийн баяжмалын агууламж нь муудаж байгаа. Үүнийг ард түмэндээ тараая гэвэл гоё сонсогдож магадгүй. УИХ-ын зарим гишүүн хууль санаачилна гэчихсэн гүйж явна гэсэн шүү. Ингэвэл улсууд, аж ахуй эрхэлж байгаа Монгол Улс, эдийн засаг яаж харах вэ, хууль дүрэм нь юу болох вэ? Үүн дээр бид ул суурьтай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмэн, ард түмэн гээд байдаг, зарим асуудлыг зөвхөн парламентаар шийддэг. Швейцарьт жишээлбэл, санал асуулга хийдэг, шууд ардчилал шууд байдаг гээд байдаг ч татварын тухай, бэлэн мөнгө тараах тухай асуухгүй гэдэг хуультай шүү дээ. Ард түмэн та бүхэнд бэлэн мөнгө өгөх гэж байна, дэмжиж байна уу гэж асуухад ямар ч өндөр хөгжилтэй улс оронд ихэнх нь дэмжиж байна л гэдэг байхгүй юу. Тэгэхээр юуг нь парламент шийдэх вэ, юуг нь мэргэжилтний үг, хууль дүрэм, стандартаа барьж шийдэх вэ гэдэг чинь бас асуудал шүү.
Надад үүн дээр ямар нэгэн улс төр, хэн нэгэнд тал засаад байх ямар ч шаардлага байхгүй. Энэ УИХ, Засгийн газар ард түмний эрх ашигт нийцүүлээд асуудлыг шийдэхээр болж байгаа бол болно. Ард түмэнд өглөө барилаа гээд, өгсөн нэртэй, ард нь төрийн албан хаагч томилоод л, нөгөө шахааны бизнесээ хийгээд, төрийн албан хаагчид л очиж ард түмэнд хувьцааг чинь өгсөн гэдэг нэрийн дор бүх муухай шахаагаа тэд л хийгээд сууж байгаа шүү дээ. Харин тэр 49 хувийг авсан компани нь өөрөө аж ахуйн нэгжийн хувьд тодорхой хувь хувьцааг сонгодог зах зээлийн утгаар нь гаргаад ард түмэнд ийм бололцоог нээх үү гэдэг бол тэдний л асуудал. Тэгэхээр энэ бүх зүйлийг УИХ дээр нээлттэй сонсголын үеэр ярьж болох юм аа гэдгийг түрүүнд би хэлсэн.
Би хуулийг өмөөрдөг, би эрх чөлөөг өмөөрдөг, би Монголыг өмөөрдөг
Өмнө нь улстөрчдийн холбогдож байсан хэрэгтэй холбоотой асуудал юу болсон бэ гэж асуусан.Би нэг зүйл хэлье. Би хоёрхон зарчим барьдаг. Нэгдүгээрт, хуулийнхан хүн хэлмэгдүүлж болохгүй, хоёрдугаарт, хуулийг завшуулж болохгүй. Энэ зарчмыг л барих ёстой. Би яагаад хүмүүсийн ад болдог, шүүмжлэлд өртөөд байдаг вэ гэхээр би хуулийг өмөөрдөг. Би эрх чөлөөг өмөөрдөг. Эрх ашгийн асуудал гарч ирвэл би Монголыг өмөөрдөг. Ерөөсөө миний барьдаг хэмжүүр, шугам нь тэр. Энэнээс болоод өөрөөр бодож байгаа тэр хүмүүст, тэр бүлэглэлд ад болдог. Энэ үнэн. Би үүгээрээ л байх болно.
Шилэн дансны тухай хуулийг энэ Засгийн газар ер нь мөрдөж байна уу, үгүй юү гэдэгт маш их шүүмжлэл байгаа шүү. Албан тушаалтан бүхэн, төрийн өмчийн компани бүхэн мөрдөн ёстой. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, чангаруулсан заалтууд оруулах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө Шилэн дансны тухай хуулийг улам чанга, улам сайн болгох тэр саналаа би оруулна. Аудитын байгууллага аудит хийсэн байх ёстой, тэр аудитын тайланг УИХ-ын нээлттэй сонсголоор хэлэлцмээр байгаа юм. “Эрдэнэт”-ийн асуудлаа бас нээлттэй сонсголоороо хэлэлц. Бүгдийг нь дуудаж ирээд суулга. Дараа нь энэ шилэн дансны тухай асуудлаа нээлттэй сонсголоороо хэлэлц. Дараа нь энэ хүн амьтан халж байгаа асуудлаа нээлттэй сонсголоороо хэлэлц. Дараа нь тэр ОУВС, гадна дотноос мөнгө зээлэх асуудлаа мөн нээлттэй сонсголоороо хэлэлц л дээ.
Манайхан нэг зүйлд та нар дасчихсан байна шүү дээ. Нээлттэй сонсгол хийхийг шаард л даа. Байнгын хорооны хурал хийдэг, зарим нь ордог, зарим нь ордоггүй, энд одоо УИХ-ын тэр ордон руу орох эрхгүй зөндөө олон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сууж байгаа шүү дээ. Ард түмэн бүгдээрээ ижилхэн мэдээлэл авъя л гэж байгаа. Би ерөөсөө нэг хүн буруутгаад байгаа зүйл байхгүй. Тэгэхгүй болохоор энэ мэдээллийг хувийн зорилгодоо ашиглах гэсэн этгээдүүд гарч ирээд байх юм. Нээлттэй сонсголыг УИХ дээр ч, аймагт ч, нийслэлд ч хийе, суманд ч хийе. Энэ бүх боломж нь байгаа. Эрхээ эдлээч ээ л гэж хэлье.
АТГ-ын даргыг томилгооны талаар асуулт асуулаа. Өөрийгөө шалгуулахгүй гэж Энхболдын хүнийг томилсон гэж байна. Тийм зүйлийг ардаа бодож, толгойдоо бодсон зүйл надад огт байхгүй. Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд, Элбэгдоржийг шалгана, шалгахгүй гээд хуулийнхан ингэхэд та нар харж болно оо, би нэг ч хэвлэл дуудахгүй ээ. Хуулийнхан уулзъя аа, танаас ийм асуудлаар тодруулъя аа гэвэл би зангиагаа зүүгээд, гутлаа өмсөөд очно оо. Энэ бол хэвээрээ. Би нэг телевиз тавьчихаад л, өөрийгөө өмөөрүүлээд л, түүний төлөө явдаг ийм хүн биш ээ. Би сөрөг хүчний удирдагч байхдаа хүртэл шалгуулаад, шүүх дээр очоод цагаадаад гарч байсан. Зөндөө олон асуудлаар энэ хуулийнхны өмнө очдог. Хуулийнхан асуух ёстой. Бүр тэр нь улс төрийн зорилготой байна уу, ямар байна, тэр байгаа хулийнхаа дагуу хуулийнхан ажиллах ёстой.
Би хуулийг өмөөрдөг, хуулийн энэ шударгаар сайн ажиллаж байгаа хүмүүсийг өмөөрдөг. Яг тийм зарчмыг тавьж би тэр санал оруулж байгаа хүнээ оруулдаг. Үнэхээр хардаад, тэр хүн буруу байгаа бол энэ УИХ, Засгийн газар, дараагийн Ерөнхийлөгч гээд… Одоо би 2017 оны долдугаар сарын 10-нд дараагийн Ерөнхийлөгчид хадгаа өгнө. Би Ерөнхийлөгч болж байхдаа өмнө нь УИХ-аар нэг шийдвэр гаргуулсан юм. Долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн ажил солилцдог өдөртэй болъё гээд тэр өдрийг бий болгосон. Яг тэр өдөр би ажлаа өгөөд энэ ордноос гарна. Хугацаатай юм чинь үнэхээр сайхан юм байна. Тэгээд түүнээс хойш би та бүхний дунд инээмсэглээд, хүмүүсийн өмнө би нүүртэй амьдарч чадна аа.
Та бүхэн мэднэ дээ, ажилтай байхаасаа илүү ажилгүй байхдаа тэр рейтинг гэдэг юм чинь минийх өндөр байдаг юм шүү дээ. Одоо асуугаарай, Ерөнхийлөгчийг муулсан, буруу зөрүү ойлгосон хүн зөндөө л байгаа. Би энэ ард түмний төлөө хийх ажил надад зөндөө байна. Улс төрийн салбарт ч хийх ажил байна, зүгээр иргэний хувьд ч хийх ажил байна. Хийх ажлын төлөө л би ирнэ. Түүнээс биш ямар нэгэн хувийн сонирхлын төлөө биш. Ер нь тийм зүйлийг би өмнөө тавьж байгаагүй дээ. Та нар мэднэ дээ. Би хэзээ ч өөрийнхөө албан тушаалыг өөрийнхөө үр хүүхэд, өөрийнхөө ах дүү нарт зориулж ашиглаж байгаагүй шүү. Би ийм зүйлийг л бусдаас нэхдэг. Суунгуутаа л хүмүүст үнэгүй, үнэтэй зүйл өгч байна гэх нэрээр дундаас нь мөнгө хуваагаад л, тэр нь шүүхээр тогтоогдоод байгаа ийм зүйл хэрэггүй ээ. Ах дүү, амраг садангаа өөд нь татах гээд байдгаа боль оо. Би ийм л байр суурьтай.
Би малчны хүүхэд явсан. Би цэргийн сэтгүүлч явсан. Би үзэгтэй, шинельтэй явсан. Би зүгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн гараа тосолсон ажилчин явсан. Энэ бол өндөр хувь заяа. Миний ард түмэн надад энэ боломжийг олгосон. Би үргэлж баярлаж явна. Ёстой эцсийн амьсгалаа хураатлаа энэ Монголын ард түмний төлөө хийх юм байвал хийхэд нь өөрийнхөө хувь нэмрийг оруулж зүтгэнэ. Миний ажил бол энэ Ерөнхийлөгчийн ажлаар, 2017 оны долдугаар сарын 10-наар дуусахгүй ээ. Энэ зүйлийг хэлчихье. Сая таны хүүхэд дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байна гэж байна. Та нар бод доо. Үнэхээр гараад явчих, Монголоо гэсэн сэтгэлгүй байсан бол миний хүү тэгээд дэвшээд явж байх уу? Монголчуудын төлөө, тэр хорооны иргэдийн төлөө зүтгэе гээд?! Би үр хүүхдээ боддог, би нэр төрөө боддог, би Монголоо боддог хүн шүү дээ.
Надад тийм ёс зүй байхгүй. Гаднын нэг улс оронд очоод байшин аваад, давхар иргэншил гуйгаад гүйдэг тийм ёс зүй надад байхгүй. Монголоос хулгай хийгээд, мөнгө хадгалуулаад гүйдэг ийм ёс зүй байхгүй. Тийм зүйл миний санаанд ч ордоггүй. Ойр дотныхоо хүмүүсийг хэлмэгдүүлэх гээд янз бүрийн зүйл хийгээд явдаг тийм зүйл санаанд ч ордоггүй. Яах вэ, өнөөдөр миний буруу бол Ерөнхийлөгч гэдэг энэ сандал дээр суугаа нь буруу байх. Энэ л илүү харагдаад байгаа юм. Зарим нь надад эрхэлдэг юм, чи надтай ярьсангүй, туслахаараа яриулж байна гэж. Ажил ихтэй л байна л даа.
Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд байна гэж байна. Ер нь бол зүгээр суугаад, би бүрэн эрхээ хэрэгжүүлж байна гээд байгаад байвал байж болж байгаа юм. Бас нэг бурууддаг зүйл бол саначилга байгаа юм. Асуудал байгаад, түүнийг шийдчих шийдэл нь байхад түүнийг санаачлахгүй суугаад байж би заримдаа үнэндээ чаддаггүй юм. Санаачлаад, үүнийг нь залруулъя, үүнийг нь ингэе гэдэг. Өмнө нь шүүгчдийг томилдог байсан тэр буруу тогтолцоо бүр алга болсон шүү дээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл гэж тусдаа гараад, нээлттэй зарлаад, компьютер дээр одоо бүр ингэж байгаа шүү дээ. Ийм нэг шүүгчийг л ерөнхий шүгч болгочихмоор байна, үүнийг л шүүгч болгочихмоор байна, шалгалтад нь та ингээд… гэх мэтчилэн хандлага гардаг. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Ердөө компьютер дээр. Яг жолооны шалгалт авдаг шиг, нэр нь ч байхгүй. Тэр тест, тэр юмаа бөглөөд л, түүнийхээ дагуу явдаг тийм систем рүү явж байгаа. Би бүх юм төгс төгөлдөр байна гэж байхгүй. Ер нь төгс төгөлдөр болно ч гэж байхгүй. Нийгмийн бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Үе үеийнхэн өөр өөрийнхөө асуудалтай тулгарч явдаг юм байна гэж харж байгаа.
Төв банкны талаар асуудал байна. Ер нь Төв банкныхаа засаглалыг бид сайжруулах хэрэгтэй байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч гэдэг бол асар их эрх мэдэлтэй болчихсон шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгчийг тойрсон зөвлөл гэдэг, бусад оронд байдаг засаглалыг сайжруулах хууль дүрмийнхээ өөрчлөлтийг энэ Засгийн газар, энэ УИХ шийдэх байх гэж бодож байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Үнэхээр сайн хүн байгаад, алсын хараатай хүн байгаад юм хийж байгаа бол болно. Гэхдээ бид хүнд тулгуурласан биш, институтэд тулгуурласан тийм байдлаар асуудлаа шийдмээр байгаа юм.
Хаана ч байсан ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө зогсоно, ямар ч үед
Засгийн газар байгуулагдаад 100 хоног боллоо. Ямар үнэлгээ өгөх вэ гэж байна. Боломж олгох хэрэгтэй. Энэ Засгийн газар үнэхээр амласан зүйлээ хэрэгжүүлэх гээд, магадгүй зарим нэг амласнаас нь хэцүү зүйлийг хийх гээд зүтгэж байгаа бол дэмжих хэрэгтэй. Нэг, хоёр жил харах хэрэгтэй. 65 гишүүнтэй, ийм мундаг улс төрийн хамгаалалттай Засгийн газар бол ямар ч асуудал шийдсэн ёстой сүхээр цохисон ч унахгүй дээ. Зоригтой л байх хэрэгтэй. Монголын төлөө зориг л гаргах хэрэгтэй. Энэ ажлыг хиймээр байгаа юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль яасан бэ гэж байна. Манай сэтгүүлчидтэй их холбоотой хууль шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэдэг нь байж болох эрх чөлөөг нь нээж оруулъя. Ямар нэгэн эрх чөлөөг нь хаасан боосон зүйл оруулахгүй байя. Тэртэй тэргүй УИХ дээр оруулахаар тиймэрхүү зүйл гараад ирнэ ээ гээд оруулсан. УИХ дээр орсон чинь хэлэлцүүлгийн явцад сонстол эрх чөлөөний тухай хууль биш, эрх чөлөөг нь хаах тухай хууль болоод эхлэхээр нь татаад авчихсан шүү дээ. Тэгэхээр зарим нэг салбарыг заавал хуульчилж зохицуулах гээд байхгүй. Манай сэтгүүлчдийн ёс зүйн хороо гээд бүх хэвлэлийн байгууллага дээр байгуулж байгаа шүү дээ.
Миний барьдаг ганцхан зарчим бол хэвлэлийнхнийг эрүүгийн хуулиар шийдэж болохгүй ээ. Хардах эрх бол байгаа, зарим зүйлийг гүтгэж бичсэн байж болно. Монголын дөрөв дэх том албан тушаалтай, дөрвөн том толгойны нэг нь гараад буруу, зөрүү юм ярьж байхад энд сууж байгаа хэвлэлийнхэн, сэтгүүлч буруу зөрүү юм бичсэн байж болно шүү дээ. Сэтгүүлчдийнхээ байгууллага дээр ёс зүйгээ хүлээгээд л яваг л даа. Заавал эрүү болгох гээд байхаа больё. Сая тэр таван хууль дотор чинь хэвлэлийнхнийг Эрүүгийн хуулиар шийтгэдгийг нь авч хаясан байсан шүү дээ. Тэр хэвлэл өөрөө, сэтгүүлчид өөрсдөө засаглалаа боловсронгуй болгочих. Тэгээд дундаа засаад явдаг ийм системтэй л болчих. Ингэхэд л би зөв болно оо гэж бодож байгаа.
Ухаалаг төр гэж байна. Түрүүнд ярьсан. Мөн монгол, хэл бичгийн хэрэглээ гэсэн энэ зүйлийг улам нэмэгдүүлэхийн төлөө явах ёстой. Э.Бат-Үүлтэй холбогдсон асуултыг асуугаад байна. Ер нь ийм зүйлүүд дээр би түрүүнд хэлсэн. Үргэлж дэмжиж ирсэн, цаашид ч дэмжих болно. Ер нь нэг зүйлийн хоёр тал болж бид явж ирсэн. Зүгээр өнөөдөр Ерөнхийлөгч гээд ажиллаж байгаа нь, энэ нэг суудал нь илүү харагдаад байж магадгүй. Бид бараг гурван цаг уулзалт хийсэн байна. Би бол нээлттэй байх ёстой гэж боддог. Тэгээд энд ордон руу орох эрхтэй ч улс байгаа, орох эрхгүй ч улс бий. Энд ирээд, ард түмний толь болсон, асууя гэж бодож байгаа асуудлуудаа асуулаа. Яг Ерөнхийлөгчийн хувьд би түрүүнд хэлсэн, би намайг үзэн яддаг хүнийг ч төлөөлөх эрхтэй, дэмждэг хүнийг ч төлөөлөх үүрэгтэй. Тэднийг хамгаалах үүрэгтэй. Буруу зөрүү юм хийгдэж байгаа, төрийн хувийн эрх ашгаар буруу юм хийгээд байгаа бол түүний учир начрыг үнэхээр бусад нь гаргаж хэлэхгүй байгаа бол хэлэх ёстой. Надад энд айх, зовох, ичих зүйл байхгүй ээ. Монголын төлөө бол хэлэх ёстой үгээ хэлээд, ярих ёстой зүйлээ яриад л явна. Хаана ч байсан ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө зогсоно, ямар ч үед. Албан тушаалтай ч бай, албан тушаалгүй ч бай. Гэхдээ ийм гал хамгаалагч, асуудлын учир утгыг нь гаргаад хардаг, бичдэг ийм зүйл манай хэвлэлийнхэнд бий болох ёстой л гэж би боддог. Гоё үг цээжилснээр үзэл санаа тогтдоггүй юм. Гоё үг цээжилснээр үнэт зүйл тогтдоггүй юм. Энэ бол төрдөг юм. Энэ бол хүнд сурснаар, хөдөлмөрөөр, зүтгэлээр, хүн дотор өөрт нь ургадаг юм билээ. Ийм зүйлийг манай хэвлэлийнхэн өөртөө ургуулж авах хэрэгтэй. Өөрийн гэсэн шалгууртай, өөрийн гэсэн шугамтай болох ёстой. Ингэж байж манай нийгэм зөв явна аа. Ингээд намайг урьсан явдалд баярлалаа. МСНЭ-ийн удирдлага, энд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа.
Б.Галаарид: Ерөнхийлөгчид баярлалаа. Энэ уулзалтыг манай саналыг хүлээж авч, манай хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзаж, нээлттэй, илэн далангүй ярилцсан явдалд талархал илэрхийлье. Ард түмэн, иргэд Ерөнхийлөгчтэй уулзах боломж тэр бүр байхгүй. Тэгэхээр энэ дунд гүүр нь, холбоос нь болж байгаа бидэнд боломж өгч, бид бүхнээр дамжуулан нийт монголчууддаа ийм сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ уулзалт цаашид үргэлжлээсэй, байнгын болоосой гэж хүсэж байна. Баярлалаа
2016.10.06
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү