2820fca900631dd44ba1718338df6ca5_1200-702x336

Эхлээд нэг тоо баримт дурьдая.  Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага, мэдээлэл байжээ.  Энэ бол арай л хэтэрчихсэн тоо. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага  байсан аж.

Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.  Гайхмаар тоо байгаа биз. 101, 105  бол гал түймэр,  гамшиг осол, аврах ажиллагааны дуудлагын  утас. Гэтэл энэ утсанд ирсэн 130 мянган дуудлагын 71 хувь нь буюу 90 гаруй мянга нь хуурамч байсан гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.

Хэн нэгэн нь хуурамч дуудлага өгч тоглож байх хооронд айл шатаж, гамшиг осолд хүн амиа алдаж байвал яах юм. Угаасаа ч хуурамч дуудлагын гайгаар цаг алдсанаас болоод тэдэн хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэсэн тоо, баримт байж л байгаа. Гэхдээ яг таг гаргах боломжгүй л дээ.

Мөн түргэн тусламжийн 103 утсанд ирсэн дуудлагын 17 хувь нь хуурамч байж. Наад зах нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй хүртэл түргэн дуудчихдаг гэж байгаа. Энэ бүх хуурамч дуудлагаас болж улсад өч төчнөөн төгрөгийн хохирол гарч байна.

Цаашлаад хуурамч дуудлагад явж байх зуур хөгшин настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд ч нэмэгдэж буй аж. Түргэн тусламжийн эмч нарын ярьж байгаагаар хуурамч дуудлагын хохирогч нь өндөр настнууд болж үлддэг байна. Тэгвэл цагдаагийн 102 утсанд хамгийн их хуурамч дуудлага ирсэн байгаа юм. Бас л гэмт этгээдүүдтэй тэмцэж, цаг наргүй ажилладаг хүмүүс.

Нэг хуурамч дуудлаганд явж байх зуур өөр газар хэн нэгэн гэмт этгээдийн хохирогч болоод л үлдэж байгаа шүү дээ. Үүний үр дагавараас үүдэж, хэчнээн хүн, яаж хохирсныг тооцох ч боломж байхгүй. Тийм болохоор хуурамч дуудлага өгч, тусгай дугаарын утсаар тоглож байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага тооцмоор байна.  Одоо бол олон удаа залгаж тоглосон байвал 5-20 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Цаашлаад 7-14 хоног баривчилна гэсэн байна билээ.

Гэхдээ баривчилтал бас хол шүү дээ. Торгуулийн хувьд 5-20 мянга гэж байгаа ч яг торгох дээрээ тулбал 5000 төгрөг л авна. Гэтэл хуурамч дуудлагынх нь улмаас хэн нэгэн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байвал яах вэ. 5000 төгрөгийн торгууль юу юм, юу ч биш шүү дээ.

Тийм болохоор торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Ганц нэг удаа тохиолдлоор андуурч юм уу, эсвэл ямар нэг байдлаар хуурамч дуудлага өгч болно. Хүүхэд ч гэсэн саваагүйтэж, нэг, хоёр удаа тоглож болох юм. Тэр болгонд нь хэлээд, сануулаад, анхааруулаад өнгөрч болно. Харин гурав болон түүнээс дээш удаа хуурамч дуудлага өгөөд байвал 50, цаашлаад 100 мянгаар ч торгосон яах вэ дээ.

Одоо ямар ямар дугаараас залгасан байна, хэн гэдэг хүн эзэмшиж байна гэдгийг нь олж чадахгүй гэх биш.  Угаасаа манай улсад хариуцлагын тогтолцоо сул байгаа болохоор хүмүүс дур зоргоороо авирласаар л байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр хариуцлагын тогтолцоог маш сайн боловсруулж, торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Тэгж байж л хуурамч дуудлага өгөх асуудал багасна.

ОБЕГ