Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Г.Амарсанаатай ярилцлаа.
– БОАЖЯ, Мэргэжлийн анчдын холбооны хооронд үүсээд байгаа идлэг шонхорын асуудлыг мэргэжлийн байгууллага юу гэж харж байна вэ?
-Манай үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байгаа болохоор Д.Хурцгэрэл гуай болон түүний ард байгаа иргэний нийгмийнхний зөв. Харин энэ зүйлийн хоёрт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг учир яах аргагүй Д.Оюунхорол сайд болон яамныхны зөв болчихоод байгаа юм. Нэг зоосны хоёр тал л гэсэн үг. Иймээс эсрэг талууд ойлголцож хамтран ажиллах зөв гарцаа олох хэрэгтэй. Харин хэн нэгнийгээ гүтгэж, доромжилж болохгүй. Учир нь шүүх цагдаа гээд явчихаар эцэст нь олон нийт буруу ойлголттой болж хохирч үлддэг гэдгийг мартмааргүй байна.
–Зөв гарц гэж яг юуг хэлээд байна вэ?
–Өнөөдөр манай улсаас цөөн амьтан, ургамалтай Европын улсууд жилд хэдэн зуун мянгаас тэрбум еврогийн орлого амьтан, ургамлаасаа олж эргээгээд байгаль хамгаалах ажилдаа зарцуулж нөхөгддөг баялагаа зохистой ашиглаж бас амжилттай хамгаалж байна. Гэтэл бид яаж байгаа билээ. Иймээс төсвөөс бус амьтан, ургамлаа зөв ашиглаж олсон орлогоор нөхөгддөг баялагаа хамгаалдаг тогтолцоонд яаралтай шилжих хэрэгтэй. Ингэвэл байгаль хамгаалах ажилд оролцож байгаа хүмүүс төдийгүй орон нутагт валютын байнгын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Хамгийн гол нь амьтан, ургамал маань өсөн нэмэгдэнэ. Ингэхийн тулд Үндсэн хуулийн дээрх заалтууд болон ялангуяа олон улсынхаа гэрээний заалтуудыг баримталсан журмыг яаралтай батлуулж мөрдөцгөөе гэж Д.Оюунхорол сайд болон яамныханд уриалж байна. Харин иргэний нийгмийнхэнд хандаж “Эдийн засгийн хүндрэлтэй үед засгийн ажилд туслахгүй юм бол ядаж саад болмооргүй байна” гэж уриалмаар байгаа юм. Учир нь мэргэжлийн байгууллагынханд иргэний нийгмийнхэнтэй хамтарч хийх ажил маш их байна. Яг одоо мэргэжлийн бидний санааг хамгийн их зовоож буй зүйл бол тооллогын арга зүйнүүд.
Өнөөдөр өндөр уулын ан амьтдыг тоолох манай арга зүйг олон улс хүлээн зөвшөөрнө. Харин сүргийн бүтцийг болон тодорхой тоо бус тойм тоо гаргадаг тал хээр, ойн амьтдын тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй.Ядаж л олон улсын шаардлагад нийцсэн шонхор тоолох арга зүй бидэнд алга байна.Эдгээрийг яаралтай гараасаа гаргамаар байна.Өнөөдөр ойд очиж шүгэл үлээж, гүйгээд ирсэн хүдрүүдийн эрийг нь буудаж заарыг нь хууль бусаар маш хямд зарж байна. Иймээс хүдрийг алахгүйгээр заарыг нь авах арга зүйг яаралтай туршиж олон нийтэд хүргэмээр байна.Ингэвэл нэг гр заар 50-60 ам.доллараар зарагдана. Хулгайн анчид хууль ёсны олборлогчид болно. Хамгийн гол нь хүдэр аврагдана. Дэрвэгэр жирвэгэрү, чихэр өвс, алтан гагнуурын нөөцийг зөв тогтоох, нөхөн тармилжуулах шинэ арга зүйг ч бас яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Эдгээр ажлын санхүүжилтийг төсвөөс биш амьтан, ургамлаасаа олж эргээгээд хамгаалах ажилд зарцуулах маш их боломж бидэнд бий. Жишээ нь идлэг шонхорыг орхилоо гэхэд цаана нь есөн зүйл шонхор манайд байна. Эдгээрээс дөрөв,таван зүйлийн зах зээлийн эрэлт нь биднийг бэлэн хүлээж байна. Ялангуяа эгэл шонхор биеийн хэмжээ, өнгө зүс,үнэ цэнээрээ ихэнх идлэгтэй эн тэнцэнэ. Шонхор өсөхөд саад болдог нэг дутагдалтай тал нь өөрсдөө үүр барьж чаддаггүй явдал. Иймээс идлэгээс өөр зүйл шонхор гаргах гэрээ хийж эхний мөнгөө босгоод бэлэн байгаа 7000 ш хиймэл үүрээ эргэлтэнд оруулж шонхороо өсгөн яам, хотын захиргаатай хамтарч Даншиг наадмаар шонхорын үзүүлэн тоглолт, дуудлага худалдаа зохион байгуулж олсон орлогоо амьтдаа хамгаалах ажилд ялангуяа орон нутагт нөхөрлөл байгуулах болон өндөр хүчдэлд цохиулж үхэж буй олон арван мянган шувуудаа аврах ажилд зарцуулмаар байна шүү дээ.
– Идлэг, цагаан шонхор хоёрын аль нь бидний бахархалт шувуу байх ёстой юм бэ?
Удахгүй тэмдэглэх Монгол бахархалын өдрөөс өмнө хаан сүлдний үнэн учрыг дэлгэж байгаадаа баяртай байна. “Гурван бодлын үзүүр зангидаж зөв шийдвэр гардаг” гэсэн Их хааны удмын захиас сүлдэнд нь хадгалагдаж байдаг. Сүлдэнд дээдийн дээд гэсний илэрхийлэл хамгийн гэсэн үг гурвантай давхацан байдгийн учир энэ. Энэ нь бас гурав гурван бодлын гурван багц буюу есөн бодлын үзүүр зангидаж байж улс, дэлхийн хэмжээний зөв шийдвэр гарна гэсэн үг. Иймд хөгжье, дэвшье л гэж байгаа бол Д.Оюунхорол сайд, Д.Хурцгэрэл гуай гэлтгүй монгол хүн бүр ядаж гурван бодлын үзүүр нэгтгэж байж шийдвэр гаргадаг болох цаг болсон. Сүлдний бэлгэдлийн хувьд цагаан гэгдэх туйлийн шонхор манай нутагт ид хүйтнээр орж ирж хэд хоночихоод буцаад явчихдаг. Тиймээс бидний өвөг дээдэс эх нутагтаа үрждэг хамгийн гол нь хамгийн хүчирхэг шонхорыг сүлдээ болгоно биз дээ. Энэ нь идлэг шонхор. Цагаан өнгөний хувьд эртний мөстлөгөөс улбаатай цав цагаан тарвага, үнэг, чоно, гөрөөс, угалз өнөө цагт ч хаяа таардаг. Иймд Их хааны удмынхан дэлхийн хамгийн хурдан, хамгийн хүчирхэг, мөн хамгийн ховор цав цагаан идлэг шонхорыг өөрсдийн сүлд болгосон байна. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас баригдсан цагаан идлэгийг, цагаан гэж нэрлэгддэг туйлын цоохор шонхортой харьцуулаад харсан хэн ч байсан бидний зөв гэдгийг шууд ойлгоно.
Ярилцсан Г.Болд