Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан үүргээ гүйцэтгэхдээ дотны найзаа төрийн хэрэгт оролцуулсан нь дэлхий даяар дуулиан дэгдээлээ. Уг дуулиант явдал Сөүлийн талбайд зуун мянган хүн цугларч “Пак Гын Хэ ерөнхийлөгч огцор” хэмээн хөдөлгөөн өрнүүлснээр эхэлсэн. Төв талбайд цугласан эдгээр жагсагчдын дийлэнх нь оюутан залуус. Зөвхөн Сөүл ч гэлтгүй өөр бусад хотын оюутнууд ч мөн цугларчээ. Юуны учир оюутнууд жагсах болов.
Инхва эмэгтэйчүүдийн их сургуульд морин спортын тамирчин Жон Юра оюутан тусгай элсэлтийн шалгалтгүй орж ирснээс бүх асуудал үүдэлтэй. Хичээлдээ суудаггүй оюутанд багш нар сайн дүн тавьдаг явдал бусад оюутнуудад шударга бус санагдсан нь мэдээж. Түүний элсэлт болон дүн тавилт зэрэг нь бүгд авлигатай холбоотой нь яваандаа тодорхой болж сургуулийн захирал өөрийн хүсэлтээр огцорчээ. Жон Юрагийн хэрээс хэтэрсэн байдал нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан бөгөөд оюутнуудын жагсаалын үеэр тэрхүү “гүнж” хэн болохыг судлаж ерөнхийлөгчийнхөө дотны найз гэх Чой Сүн Шилийн охин гэдгийг тогтоосон байна. Ийнхүү оюутнууд энэ шударга бус явдлыг эсэргүүцэн жагсчээ.
Ер нь Солонгост оюутны хөдөлгөөнүүд ардчилал, шударга байдлын төлөө нийгэмд их түлхэц болдог байна. Тэд тэтгэмж мөнгөний төлөө жагсдаггүй, өлслөө гэж суулт хийдэггүй. Учир нь сурахын хажуугаар ажиллана. Залуу насанд өлсөж ядрах нь байдаг л зүйл хэмээн тэдгээр залуус үздэг гэнэ. Тиймдээ ч өөрсдийн сурч боловсрох, эрдэм мэдлэг олж авахын төлөөх өрсөлдөөн нь авлига цаашлаад Ерөнхийлөгчид хамаатай хэргийг илчилж байна.
Тэгвэл манай оюутнууд яадаг вэ…
Манай залуус далан мянган төгрөгний тэтгэмжтэй, автобусанд хөнгөлөлттэй зорчдог дархан эрхтэй бурхан хүмүүс. Тэдгээрийг нь өгөхгүй бол мөнгө авмаар байна, автобусанд үнэгүй явмаар байна гэж жагсана. Өлсгөлөн зарлахаараа айлгана. Автобусанд үнэ төлбөргүй зорчуулна, мөнгө өгнө гэвэл нүд нь сэргэдэг хэрнээ улс төр, эдийн засаг гэхээр ус балгасан юм шиг нам гүм болчихно. Улсын маань Ерөнхийлөгч тэдний хувьд огтхон ч хамаагүй мэт л аашилна.
Саяхан МСҮТ-ийн оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Шалтгаан нь өнөөх алдарт далан мянга. Тэнд айлын хүүхдүүд Ерөнхийлөгчөө огцруулах хэмжээнд хүрч байхад энд манай хэд өлслөө ядарлаа гэсэн том том лоозон бариад зогсож байх жишээтэй.
Солонгос улсыг “сэрээсэн” тэр олон охид, залуусын хөдөлгөөнөөс манай оюутнууд юуны төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстойг ухаарч, нэгийг бодож хоёрыг тунгааж үзмээр…
Хэдий хүртэл мөнгө мөнгө гэж жагсаал цуглаан хийх вэ. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа шударга бус зүйл хийснийх нь төлөө огцрохыг шаардан дуугардаггүй юм гэхэд ядаж арай өөр зүйл дээр нэгдэж баймаар байна шүү. Эцэст нь хэлэхэд далан мянган төгрөг, автобусанд үнэгүй зорчих эрх гэдэг чинь амьдралын утга учир биш шүү дээ оюутнууд аа..
Э.Золзаяа