Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Т.Д.Валовая тэргүүтэй хөгжлийн газар, Гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалтын газар, Гаалийн дэд бүтцийн газар, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар, Макро эдийн засгийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газар, Тээвэр, дэд бүтцийн газар, Үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн газар, Хөдөө аж ахуйн бодлогын газрын дарга, дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүд хоёр өдөр хуралдаж, яриа хэлэлцээ хийсний үр дүнд монголын бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд нийлүүлэхэд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллах, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан бизнес форум, ЭКСПО-г зохион байгуулах, 2017-2018 oнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, МҮХАҮТ болон Евразийн эдийн засгийн комиссын ажил хэргийн зөвлөл хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан улмаар бизнес хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
ГХЯ