Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Мөн тус лабораторид ажилладаг мэргэжилтнүүд олон нийтийн сүлжээнд хандан удирдлагынхаа хууль бус үйлдлийн тухай мэдээлэл оруулжээ.
Үүнтэй холбоотойгоор Геологийн төв лаборатори руу утсаар холбогдож, тус лабораторийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Тэгшжаргалтай утсаар ярьлаа.
Б.Тэгшжаргалын хувьд “Үүсээд байгаа нөхцөл байдлыг үгүйсгээгүй боловч утсаар яриа өгөх боломжгүй, тэгээд ч асуудлын талаар лабораторийн захирал Ө.Оюунбаатараас эхлээд асуух нь зөв” гэсэн юм. Геологийн төв лабораторийн 70180101 утсаар холбогдож, Ө.Оюунбаатар захиралтай холбоо барьж, гаргасан тушаал шийдвэрийн талаар нь лавлаж асуухыг зорьсон боловч утсаа авсангүй.
Үүний дараа Ө.Оюунбаатар даргын гар утсыг олж түүнтэй холбогдож, 50 гаруй хүнийг ажлаас халах тушаал гаргасан эсэх асуудлыг тодрууллаа.
- – “Таниас хэдэн асуулт асуух гэсэн юм, та байгууллагынхаа 60 гаруй ажилчдыг нэгэн зэрэг ажлаас халах тушаал гаргасан гэх юм
- – Үгүй, би тийм тушаал гаргаагүй, миний хувьд энэ ажлыг аваад удаагүй байна. Улс орны төсөв хүндхэн байгаатай холбогдуулан Төрийн өмчийн хорооноос төсөв зардлын хувьд хэмнэлттэй ажиллах чиглэлээр манай байгууллагын 188 ажилтны орон тоог цөөлж 158 болгох үүрэг өгсөн. Энэ хүрээнд 30 ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулах ёстой . Энэ нь яг тухайн ажилтанг ажлаас халсан хэрэг биш, харин аль болох өөр нэгж хэлтэс рүү шилжүүлэхийг зорьж байгаа. Мөн манай байгууллагад 16 нэгжийн тоог бууруулж, 8 нэгжтэй болгосон.
- – Та хэлэхдээ бүтцийн өөрчлөлтийн дагуу 30 хүнийг чөлөөлөх тухай асуудал байгаа гэж ярьлаа. Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр 51 хүнд ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн байх юм.
- – Ер нь бол орон тооны хувьд ажлаас чөлөөх ёстой нь 30 хүн л дээ, гэхдээ бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 30 дээрээ нэмж халах мэдэгдэл өгч байгаа. Энэ нь яг хална гэсэн үг биш гэдгийг та ойлгоорой. Хэлтэс, тасаг руу шилжүүлнэ гэсэн үг. Миний хувьд нэг ч мэргэжилтнийг халаагүй, харин шаардлагагүй сул орон тоог аль болох бууруулахыг зорьж байна.
- – Та яаманд Газрын даргаар ажиллаж байсан уу, аль намын гишүүн вэ?
- – Тиймээ би, ЭБЭХЯ-д газрын дарга хийж байсан нь үнэн, гэхдээ би аль нэг намын гишүүн биш, мэргэжлийн хүний хувьд намайг ЭБЭХЯ-д ирж ажилаач ээ гэж урьсны дагуу л ажилласан.
- – Таныг УИХ–ын гишүүн Сү.Батболдтой холбоотой, түүний дэмжлэгээр албан тушаалд очсон гэх мэдээлэл гарсан байсан
- – Миний хувьд аль нэг намын гишүүн биш, УИХ-ын гишүүн Сү.Батболд гишүүнийг танихгүй, өөрийн мэргэжил мэдлэгээрээ л үнэлэгдэж томилогдон ажиллаж байна гэж ойлгож явдаг” гэж хариуллаа.
Тэрбээр нэг амандаа “Би нэг ч хүнийг халах тушаал гаргаагүй” гэх боловч түүний ажлаас халах мэдэгдэлд Геологийн төв лабораторийн захирлын 298 тоот тушаалын дагуу гээд доор нь Ө.Оюунбаатар даргын гарын үсэг зурайж байх юм. Ажил ам зөрнө гэж үүнийг л хэлдэг байх даа.
Мөн түүнийг Сү.Батболд гишүүнтэй ойр холбоотой гэж эх сурвалжууд хэлсээр атал мань эр өөрөө УИХ-ын гишүүн Сү.Батболд танихгүй гэж хэлж байгааг бодоход нэлээд жудаггүй эр бололтой.
МАН-ын мөрийн хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн атал ийнхүү ажлаа хийж байсан жирийн албан хаагчдыг 50, 60-аар нь ажлаас халж намын мөрийн хөтөлбөрийг зөрчиж байдаг Ө.Оюунбаатар ямар эрх мэдэлтэй хүн вэ. Нэг ажилтаны цаана түүний гэр бүл, үр хүүхэд гээд хамгийн багадаа 3-5 хүн байгаа гэдгийг дарга албан тушаалтнууд хэзээ ухаарах вэ?
Ц.Мөнх