Хятад Улсаас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдээ АНУ-аас эх оронд нь энэ Лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй Хятадын Коммунист намын томоохон ялалт болоод байна.
Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан Хатагтай Ян Шюзуг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний дараа Хятадын хууль хяналтын байгууллагууд буцаан авчраад байна хэмээн тус улсын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд мэдэгджээ.
Өнгөрөгч оны 4 дүгээр сард Хятад Улс авлигын хэрэгт хамгийн ихээр сэжиглэгдэж буй 100 хүний нэрсийг гарган Интерполын “улаан булан”-д байршуулсан юм. Уг жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь АНУ, Канад, Австралид амьдарч байсан билээ.
Ян нь дээрх жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар Хятадад авчраад байгаа 37 дахь оргодол болж байна хэмээн Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдсэн байна.
Янгийн ах Ян Жинжунг мөн авлигын хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сард Хятадад буцаан авчирсан нь АНУ-аас сэжигтнийг буцаан авсан Бээжингийн хамгийн эхний хүн байсан билээ.
Янг буцаан авчирсан нь Хятад-АНУ-ын авлигатай тэмцэх хамтын ажиллагааны чухал үр дүн байсан гэдгийг Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ үеэр онцолсон байна.
Янг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас үзэн мөрдөн шалгаж эхлэх үед буюу 2003 оны 4 сард тэрээр Хятадаас гарсан байдаг. Улмаар Хатагтай Ян Франц, Нидерланд дараа нь АНУ-аас улс төрийн орогнол хүсээд байсан юм.
Хатагтай Ян “орогнол хүссэн өргөдөлөөс татгалзах санаачилга гарган, бууж өгч, Хятадад буцан ирэх шийдвэр гаргасан” хэмээн Сахилгын хяналтын төв хорооноос мөн мэдэгдсэн юм.
Хятадын төрийн телевизүүдээр Янг “American Airlines” компанийн онгоцноос бууж, хоёр цагдаагийн хамт хилийн хяналтыг нэвтэрч байгааг дамжуулсан юм. Үүнээс гадна авлигын хэрэгт сэжиглэгдэж буй бусад этгээдүүдийг бууж өгөхийг ятган “Бид бол бүгд Хятадууд, бидний эх орон бол Хятад. Буцаад ирцгээ” хэмээн Янгийн хэлснийг телевизүүд дамжуулсан байна.
Хятадын дарга Си Зиньпиний авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд тус улс хилийн чанадад хөрөнгөө авч гарсан авлигач албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг эх оронд нь эгүүлэн авчрах “Үнэгний ав” ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Вэньжоу хотын барилгын товчооны дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа 39 сая ам. долларыг завшсан хэрэгт буруутгагдаж буй Ян өнгөрөгч онд Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, дээрх жагсаалтыг гэмт хэрэгтний нэрсийн жагсаалтаас илүүтэйгээр одоогийн эрх баригчдын өрсөлдөгчиддөө зориулсан улс төрийн үйл ажиллагаа хэмээн мэдэгдэж байсан юм.