БНХАУ-ын тал Өмнөд Солонгос улсын кино, драма зэргийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхгүй байх тухай хэлэлцэхээр болжээ.
Өмнөд Солонгос улс улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрийн улсын нутаг дэвсгэр дээр АНУ-д үйлдвэрлэгдсэн “Thaad” төхөөрөмжийг байрлуулахаар болсон билээ.
БНХАУ уг төхөөрөмжийг байрлуулахыг эсэргүүцсээр байсан боловч Өмнөд Солонгос болон АНУ-д өнгөрсөн 8-р сард гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.
Үүнтэй холбогдуулан Хятад улсын зүгээс Өмнөд Солонгос улсад авах хориг арга хэмжээ болгож Өмнөд Солонгост үйлдвэрлэгдсэн кино, драма болон телевизийн нэвтрүүлэг зэргийг цаашид өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхгүй байхаар хэлэлцэж байгаа ажээ.
Мөн түүнчлэн бүх төрлийн зар сурталчилгаа, рекламанд Солонгосын нэр алдартай дуучин, жүжигчин зэрэг хүмүүсийг оролцохыг хориглох юм байна.
Харин эдүгээ телевизээр цацагдаж байгаа драма, хөгжөөнт нэвтрүүлэг, зар сурталчилгаа зэргийг хугацаа нь дуустал үргэлжлүүлэн нэвтрүүлэх аж.
“Thaad” төхөөрөмж нь эргэн тойрны 150-250 км зай дахь агаарын замыг бүрэн хянаж, пуужин харвасан тохиолдолд түүнийг радараар илрүүлж замд нь сөрж устгах хүчин чадалтай сүүлийн үеийн байлдааны төхөөрөмж юм.
Өмнөд Солонгосын хувьд Хойд Солонгосын талаас хийж болзошгүй аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг төхөөрөмжийг эх орондоо байрлуулахаар болсон байна.
Гэвч БНХАУ-ын зүгээс “Thaad” төхөөрөмж нь ямар нэгэн байдлаар манай улсын агаарын замыг хянах бүрэн боломжтой. Тиймээс бид уг төхөөрөмжийг Солонгосын хойгт байрлуулахыг эсэргүүцэж байна гэж мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: Mglradio.com