Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндэсний төв номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулж үг хэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт номын санчид аа,
Эрхэм хүндэт уншигчид аа,
Хүндэт хатагтай ноёд, зочид оо,
Монгол түмний суут хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын Драмын Эрдмийн Театрын гэрэлт өргөөнд морилон саатсан Та бүхэнд эрдмийн саруул танхим-Монголын Үндэсний Номын Сангийн 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш дүүрэн ой энэ жил тохиож тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг улам улмаар мэдрүүлэн; бахархлыг бадрааж, золбоо хийморь өргөж байна. Түүхийн салхи ухаарлыг шивнэсэн энэ цаг дор Үндэсний Номын сангийн маань 95 жилийн ой тохиож буй нь номд хайртай, эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг хүн бүхэнд баяр дээр баяр нэмж байгаа юм.
Үндэсний Номын Сан- агуу их Онходын Жамъян гүн, эрдэмтэн Жамсраны Цэвээн, Чулууны Бат-Очир, Гүн Дашням нарын бичгийн мэргэдийн өргөсөн номоос эх авч, Өндөр гэгээн Занабазараас уламжилсан VIII Богд Жавзандамба хутагтын номын сан, бусад сүм хийд, хувь хүмүүсийн сэтгэлийн бэлгээр баяжиж үндэс сууриа бэхжүүлсэн. Тэрхүү эрдэмт хүмүүс, тэдний үр хойчид гүн талархлаа илэрхийлье. Сайн хүн өнгөрдөг ч сайхан үйлс нь мөнхөрдгийн учир нь энэ билээ.
Монгол эрдэмтэн мэргэд, гүүш нарын гар бичмэл, барын судар, түүхийн бичиг баримт, Монголын хуучин аймгуудын газар нутгийн зураг, гадаадын эрдэмтэн жуулчдын замын тэмдэглэл, хаадын угийн бичиг зэрэг 50 гаруй мянган ном, хэрэглэгдэхүүнтэй монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг хийгээд дэлхийн олон хэлээр гаргасан мянга мянган ном, баримт бичиг Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж байна. Олон зуун хүний хэдэн арван жилийн нөр их хичээл зүтгэл, авьяас билиг, итгэл сэтгэлээр энэ бүхэн бүтэж, Монголын ард түмнийг соён гэгээрүүлж байгаа билээ. Тиймээс Монголын Үндэсний Номын Сангийн баярыг Монголын ард түмний соён гэгээрлийн баярын өдөр гэж хэлж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Үндэсний Номын Санд нэрэмжит танхимиа байгуулж, ховор ном судрыг цахим хэлбэр унших боломжийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ном судрыг хувилах, сэргээн засварлах, цахим орчинд оруулах зорилгоор номын сангийн иж бүрэн шинэ техник, тоног төхөөрөмжийг хэдхэн жилийн өмнө Үндэсний Номын Санд нийлүүлсэн. Энэхүү эхлүүлж өрнүүлсэн ажлыг маань Та бүхэн улам төгөлдөржүүлж, бүрэн ашиглаж, өргөн олон уншигчдад үйлчилнэ гэдэгт итгэж байна.
Монголын Үндэсний Номын Сан 95 жилийн баялаг түүхээ эргэн дурсаж баярлахын сацуу ирэх он жилүүдэд улам шаргуу ажиллах шаардлагатай байна. Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, шуурхай, ухаалаг ажиллагааг цаг үе биднээс нэхэж байна. Ном судрыг хамгалан хамгаалах хамгийн сайн арга бол уншигчдад нь мэдүүлэх явдал юм. Олны нүд, сэтгэлийн дуудлага бол хамгийн сайн манаач юм. Сайн хамгаалж, хадгалъя гэвэл улам нээлттэй болгох хэрэгтэйг дашрамд дурдан сануулъя.
Монголын ард түмний мянга мянга жилийн буурал түүх, гэгээн үйлс; өрнөх ирээдүйд хийж бүтээх урам зориг, ухаарал эгээрэл гагцхүү номын энэ л өргөөнөөс сацран гэрэлтэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, Жамъян гүний нэрэмжит Монголын Үндэсний Номын санд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээж байна. Энэхүү шагнал бол Үндэсний Номын Сангийн үе үеийн ажилтан, албан хаагчид, уншигчдад үзүүлж буй гүн хүндэтгэл юм.
“Монгол Улсын Төв Номын сан бол бидний шүтэх газрын нэг мөн” хэмээсэн Академич Цэндийн Дамдинсүрэнгийн сайхан үгээр мялаалга өргөж, Монголын ард түмнийг гэгээрүүлэх ариун үйлсэд тань амжилт хүсье.
Номын гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай” гэлээ..