Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал хээрт 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газарт 50-70 см байна. Энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.
Ийнхүү цас их орж, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай ажлын хэсэг байгуулан, цас туулах чадвартай автомашинийг баруун гурван суманд ажиллуулсан. Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ. Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн бямба гарагт Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутагт ажиллав.
Ийнхүү УОК, АОКомиссийн баг бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа сумдад ажилласан талаар мэдээллээ орон нутгийн удирдлагуудад танилцуулж, шуурхай хуралдааныг хийлээ.
Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх гурван суманд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг хэлж байна. Тухайлбал малчдыг цас ихтэй бүсээс говь хээрийн бүсрүү нүүлгэн шилжүүлэхэд, зам даваа хаагдсан учраас төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл үүсч байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд машин техник ажиллах учраас үүнийг дагаад бензин шатахууны асуудал гарч байгаа юм.
Энэ бүхэнд Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар анхаарлаа хандуулан, шаардлагатай бүхий л асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэв. Харин орон нутгийн хувьд өвөлжилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч сумдын асуудалд анхаарч ажиллах нь зүйтэй.
Иймээс аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог дээрх гурван сумын малчдын отор нүүдэлд анхаарч, оторын штаб байгуулах, нүүлгэн шилжүүлэх, хандивын аян зарлаж, Ховд аймгийн нийт иргэд, бизнес эрхлэгчид, УБ хот дахь нутгийн зөвлөл, Ховд аймгийн гаралтай иргэдийг татан оролцуулж яаралтай арга хэмжээ авахыг мэдэгдэв.
Нөхцөл байдал хэтэрхий хүндэрэхээс өмнө хүн бүр хувь нэмрээ оруулан үүссэн бэрхшээлийг даван туулах боломж байгааг ч энэ үеэр онцоллоо.
khovd.gov.mn