Дэлхий дахинаа Монгол улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийн 92 жилийн ой тохиож байна.
1924 оны 11 сарын 26-ны энэ өдөр тухайн цаг үеийн нөхцөл байдал хүндхэн байсан ч өвөг дээдсийн холч ухаан, зүтгэлийн үр дүнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон Монгол улсыг тунхаглан зарласан юм. Энэ л өдрөөс эхлэн буурал түүхийн нугачаанд буурай хөгжилтэй явж ирсэн Монгол улсыг хөгжлийн шинэ шатанд гаргах түүхэн үйл хэргийн эхлэл тавигдсан билээ.
Тэртээх 1924 оноос хойш шинэ тутам хөгжиж ирсэн нийслэл Улаанбаатар хотын урагшлах хөгжлийн шавыг тавилцаж, их хотын элч гэрлийн гол хэрэглэгдэхүүн “хар алт”-ыг наран ургах зүгээс түүчээлэн хүргэсэн Налайхын үе үеийн уурхайчдын алдар гавьяаг бид мартах ёсгүй.
Эх орны хөгжлийн дуудлагаар улс орны өнцөг булан бүрээс Налайх хотод цуглан УУРХАЙЧИН хэмээх эрхэм алдараар овоглож, эр зориг, авхаалж самбаа, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр сорьсон баатарлаг үйлсэд алд биений алжаалыг умартан, эх орондоо илч гэрэл түгээх үйл хэргийг зорилгоо болгож уулын дор, уурхайн гүнд ажиллаж явсан уурхайчид маань улс орны хөгжлийн цахиур болсон элч гэрлийн төлөө ажиллаж ирсэн. Улаанбаатар хотыг илч гэрлээр хангах үйл хэргийн төлөө 70-аад жил ажиллаж ирсэн ахмад уурхайчдын маань дундаас олон арван алдар гавьяатнууд төрөн гарсныг Налайхчууд та бид энэ цаг мөчид бахархан дурсах байна.
Нийслэл хотын наран ургах зүгт байрладаг, уурхайгаар овоглосон Налайхчууд бидний өмнө эдүгээ төрөлх дүүргээ хөгжүүлэх хариуцлагатай цаг мөч тулж ирлээ. Та бид төрөлх дүүргээ хөгжүүлэхийн тулд зөвхөн уул уурхайн баялагт тулгуурлах төдий биш, үйлдвэр технологийн парк байгуулах, авто болон төмөр замын тээвэрт тулгуурласан ложистикийн төв барих, Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн аялал жуулчлалын хөгжлийг бий болгох зэрэг олон боломж нээлттэй байна. Хөгжлийн эдгээр боломжуудыг алдахгүйн тулд хариуцсан ажилдаа эзэн болж, цаг нартай уралдан ажиллах шаардлага та бидний өмнө тулгарч байна.
Үе үеийн уурхайчдын өлгий нутаг болсон Налайхчууд та бүхэндээ туурга тусгаар Монгол улсыг дэлхийн түүхнээ тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийн түүхт 92 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР
2016 оны 11 сарын 25-ны өдөр