УБТЗ-ын “хурган” дарга нарын дураар авирлалт хэрээс хэтэрчээ

q4bprc5sll

УБТЗ хэмээх их айлын олон мянган ажилчид өвлийн хүйтэн жавар, зуны халуун наранд үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал  хоногийн 24 цагийн турш цаг наргүй зүтгэж төмөр зам хэмээх их айлынхаа гал голомтыг сахин ажиллаж байдаг билээ. Хэдийгээр улс орны байдал хэцүүхэн, эдийн засгийн хямрал нүүрлээд ард түмний амьдрал туйлдаж, төмөр замаар явдаг ачаа, зорчигч буурч гар дээр нь тавих хэдэн төгрөг хомс байгаа ч эгэл жирийн замчид оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэсээр байгаа билээ. УБТЗ нь нийтдээ 70 шахам охин компани буюу салбар нэгжтэй бөгөөд тэдний зарим дарга нарынх нь тансаглал, өмч хөрөнгөөр гараа угаах явдал хэрээс хэтэрч байдаг сурагтай. Тухайлбал УБТЗ-ын харъяа Суудлын вагон депогийн даргаар ажиллаж байсан Н.Баттулга нь өөрийн байгууллагаа хувийн мэт удирдаж өмч хөрөнгө, санхүү мөнгийг дураар зарцуулан өндөр үнэтэй сэлбэг материал шахааны бизнес хийж тансаглан суудаг байна. Н.Баттулга нь УБТЗ-ын өмнөх дарга Л.Пүрэвбаатарын үед байгууллагын өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж  хэрэг нь шалгагдаж байгаа юм байна. Учир юу гэвэл УБТЗ-ын дотоод хяналтын ажилтнууд Н.Баттулгын хариуцлагагүй үйлдлээс байгууллагад их хэмжээний хохирол учруулсан асуудлыг тогтоож тухайн үеийн удирдлагадаа болсон асуудлыг танилцуулснаар түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Харин Н.Баттулга нь шийдвэр гарах гэж байгааг дуулангуутаа утасаа хаагаад усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болжээ. Түүнийг бүтэн сар хүлээж сурагласаар арга буюу ажлаас нь чөлөөлж тушаалыг нь гаргажээ. Харин бүтэн нэг сар утаснууд нь хаалттай, орон гэртээ байхгүй байсан /тухайн үед эцэг нь түүнийг сураглаж байсан аж/ Н.Баттулга гэнэт гарч ирэн намайг өвчтэй, амарч байхад ажлаас чөлөөлсөн байна хэмээн гомдол гаргаж УБТЗ-ын удирдлагатайгаа заргалдаж эхэлжээ. Улмаар эрх мэдэл бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр өөрийн тарьсан хэргийг цайруулах арга саамыг сүвэгчилж эхэлсэн аж. Хамгийн эхэнд УБТЗ-ыг төлөөлөн Н.Баттулгын нэхэмжлэлийн хариуцагчаар оролцож  байсан УБТЗ-ын хуулийн албаны гайгүй сайн хуульч Баясгаланг уг хэргээс нь холдуулж УБТЗ-ын хуулийн албаны орлогч даргаар  томилуулсан гэх П-г уг хэргийн хариуцагчийн төлөөллөөр томилуулж чадсан байна. Ингээд өмнө нь хуралдаад хойшлоод байсан шүүх хурыг цуцлуулж эвлэрлийн гэрээг байгуулснаар Н.Баттулгын талд ашигтайгаар шийдвэрийг гаргуулсан аж. Одоо хоёр дахь асуудал бол түүний байгууллагын өмч хөрөнгийг үргүй зарцуулсан гэх асуудлыг цайруулах ажил үлдээд байгаа аж. Анх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан боловч онц их хэмжээний хохиролтой мөн албан тушаалтны гэмт хэрэг байж болох үндэслэлтэй байсан тул харъяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн аж. Н.Баттулга нь Суудлын вагон депогийн даргаар ажиллаж байхдаа 2015-2016 онуудын ажилчдын цалингийн санхүүжилтэнд олгосон 1 тэрбум гаруй төгрөгийг албан тушаалаа хэтрүүлэн дур мэдэн сэлбэг материал худалдан авахад зарцуулж түүнээс төмөр замд учирсан цалингийн зээлийн зөвхөн хүүгийн төлбөр 200 сая даваад байгаа аж. Хэрэв дээрээс өгсөн санхүүжилтийг тухай бүр зориулалтын дагуу зарцуулж цалингийн зээлээ төлж байсан бол зээлийн хүүнд 40-өөд сая төгрөг л төлөх байжээ.

Дээрх хэл ам болоод байгаа цалингийн санхүүжилтаар худалдан авсан сэлбэг материал нь маш өндөр үнэтэйгээс байгууллагад учирсан хохирлын хэмжээ ч шаггүй өндөр дүнтэй тоо нэмэгдэж гараад байгаа гэнэ. Энэ хэргийн улмаас хариуцлага тооцогдон ажлаас чөлөөлөгдсөн депогийн дарга өнөөдөр буцаад депогийн дарга болохоор хөөцөлдөн бараг бүтэж байгаа бөгөөд харин даргын найз, хангамжийн инженерээр ажиллаж байсан А.Энхбилэг нь тухайн үед арга хэмжээ авагдан албан тушаал буурсан байсан бол одоо тус депогийн орлогч даргаар томилогдон дэвшин ажиллаж байгаа юм байна. Ерөнхийдөө бол найз нөхдийн дунд зохион байгуулалттай сүлжээ маягийн хүрээлэл үүссэн байгаа аж. Суудлын вагон депогийн дээд шатны газар болох Зорчигч үйлчилгээний албаны эдийн засагч ажилтай н.Бямбацогт нь “Сурвалж” компаний нэрээр нарсан банзыг 1М3-г нь 490.000 төгрөгөөр олон жилийн турш шахдаг байсан бол одоо тус депо ийм банзыг 1М3-г нь 280.000 төгрөгөөр Зүүнхараагийнхаа модны үйлдвэрээс хангадаг болсон аж. Мөн Зорчигч тээврийн албаны даргаар ажиллаж байсан Я.Жамъянсүрэнгийн /одоо орлогч даргаар нь ажилладаг/ “Мөнх Жиндмэнэ” гэх компаниар ч зарим бараа материалыг худалдан авдаг байна. Хамгийн гол нь хэний оролцоотой компани биш худалдан авсан  сэлбэг материал чанаргүй, хэт өндөр үнэтэй байсанд асуудлын гол оршиж байгаа юм. Дунджаар тэдний шахсан сэлбэг материалын үнэ нь зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй байдаг байна.

Одоо энэ хэргийн шалгалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд харин хэргийн явцад хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорыг тодорхойгүй шалтгаанаар хэргийн хяналтаас гэнэт өөрчлөөд өөр прокурорыг томилоод байгаа нь сэжигтэй байгаа юм. Тэдний энэхүү зохион байгуулалттай гэж болох эдийн засгийн хэргийг илрүүлж шалгасан УБТЗ-ын дотоод хяналтын шударга ажилтнуудыг удаа дараа дарамталж ажилгүй болгоно, ална тална гэж сүрдүүлсэн хэрэг нь ч цагдаа дээр мөн шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн Суудлын депо гэдэг газарт нь вагоны үйлчлэгчээр ажилд орохын тулд их хэмжээний мөнгө өгч ордог асуудал ч тус депод байсан аж.

Бүхэлдээ энэ байгууллага яг хувийн компани мэт болж бүлэг нөхдүүдийн гарт ороод байгааг УБТЗ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй байна. Одоо депогийн даргаар буцаан томилогдох гэж байгаа Баттулга нь ажил дээрээ очоочгүй байж тэр тэрийг ажлаас нь хална, зайлуулна хэмээн төмөр замынхаа удирдах газраар сайрхан ярьж явдаг гэнэ. Ийм хүмүүс албан тушаалд намын нэр барин томилогдож байгаа нь УБТЗ-ын даргын шийдвэр биш бөгөөд дээд шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийн гар хөл бологсдын ятгалгаар гарч байгаа шударга бус шийдвэр ба гэмт хэргийн шинжтэй асуудал нь шалгагдаж эцэслээгүй байхад дээрх нөхдүүдэд албан тушаалын томилгоог хүчээр хийж байгаа аж. Дээрх бүр нөхцөл байдлаас дүгнэлт хийж үзэхэд энэхүү хэрэгт гаднаас ямар нэгэн “үл үзэгдэгч гар” оролцоод байгаа нь тодорхой бөгөөд чухам хэн бэ гэдэг дээр тодорхой нэр бүхий хүмүүс байгаа ба ажилтнууд нь энэ талаар ярих хэлэх эрх нь хаалттай ч хэзээ нэгэн цагт үнэн шударга ялна гэж хүлээн суулгүй нэр бүхий хүмүүсийн талаар хууль хяналтын байгууллагуудад хандаад байгаа аж. Шударга нийгмийг бий болгох гэж байгаа гэж ярьдаг энэ улс оронд хууль дүрэм, шударга ёс гэж байдаг юм бол Авилгалтай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар зэрэг хууль сахиулах байгууллагууд шударгаар ажиллаж энэ хэргийн үнэн мөнийг олно гэдэгт итгэж байгаа аж. Гаднаасаа юу ч харагддаггүй шил хагарч олон түмэн үнэнийг мэдэх өдөр ирэх буйзаа…

С.Энэрлэн

breakingnews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …