Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмэндээ хандан үг хэлжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой авлигын хэрэгт нэр холбогдсоноос хойш ард түмэндээ хандаж ийнхүү гурав дахь удаагаа үг хэлсэн юм.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г нэн даруй цагдаагийн газарт ирж мэдүүлэгт өгөхийг шаардсан юм.
Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж, харин ийнхүү Ерөнхийлөгч үг хэлсэн байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хе хэлсэн үгэндээ “Би өнөөг хүртэл сүүлийн 18-н жилийн турш зөвхөн эх орон, иргэдийнхээ төлөө ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд би өөртөө ашиг, орлого олох зорилгоор ажил хийж байсан удаа байхгүй бөгөөд ажлынхаа төлөө нойр хоолгүй хонож байсан өдрүүд надад олон бий.
Гэвч эх оронд минь хэрэгтэй юм хэмээн бодон дэмжиж байсан олон тооны ажлууд гүйцэтгэлийн шатандаа очоод хэн нэгний ашиг, орлого олох хэрэгсэл болон хувирсанд, тэр бүхнийг сайн хянаж байгаагүй би өөрийгөө буруутай гэж бодож байна.
Цаашид миний Ерөнхийлөгчийн албан тушаал гүйцэтгэх эсэхийг зөвхөн Их Хурлын гишүүд шийдэхийг би хүлээн зөвшөөрч байгаа ба улс төрийн намууд зөвшилцөж, асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсч байна” гэж хэлсэн байна.
Ингээд төгсгөлд нь нийт ард түмнээс уучлалт гуйжээ.