Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуусыг цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйдэс байсангүй
1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааны элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авсан байдаг.
Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээн судлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн “Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо дурьдсан байна.
Тэд Камакура дахь Шогун Хожа Токимунэгийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагийн үеийн цаазын газар болох Тацуно кучи яама буюу Луугийн ам гэдэг газар цаазалжээ. 1500 оны эхээр лам Ничиго монгол цэргүүдийн сүнсийг амраах зорилгоор энэ газар сүм байгуулсан нь Жориюжи сүмийн эхлэл байжээ. Монголын таван элчийн хөшөө эдүгээ энд түүх өгүүлэн оршин буй.
Уг сүмийн нэгэн хөшөөн дээр Хубилай хааны элч нарын ахлагчийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн гунигт шүлгийг сийлжээ. Японоор сийлсэн шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлвэл:
“Холын аянд гарахад өлчир хүйтэнд өмсөг гэж өлдүү хувцас өгсөн юмсан
Хайрт эхнэр хүүдээ харих боловуу даа яах бол мэдэхгүй юм даа
Ирсэн цаг мөчөөс эхлэн эрдэнийн алтан тамга өвөртлөж
Энхийн харилцааг тогтоогоод буцах юмсан
Сошин лугаа гараа амраах нэг юмсан…”
гэсэн утгатай үгийг үлдээсэн байдаг. Сошин гэдэг нь тухайн үед хятадад нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч багш байсан ба олон газар нутгаар хэрэн явж ард түмний дунд аман яриа, сонин хачинг дэлгэн явдаг хүн байжээ.
Тийм болохоор ажил хэргээ дуусгаад энэ хүн шиг эрх чөлөөтэй гар тэнэгэр амьдрах юмсан гэсэн санаашрал хүсэж мөрөөдсөн байдлыг өгүүлжээ. Ийнхүү монгол эрс монгол элч нар Камакүрагийн засгийн ял шийтгэл авч хүний газар шороонд мөнх нойрссон юм.
Монголын элч нарын ахлагч Туушин дөнгөж 34 настай байсан бөгөөд туслах Сэцэн нь 38 настай, зөвлөх Сартуг 32 настай байжээ. Тэрээр:
“Илд исгэрэхэд энэхэн бие өнхөрч одно
Их хэргийн санааг гэвч энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч салхи ч, илд ч мохоохгүй.
Наран мандахаас шингэх хязгаар хүртэл
Их Юань улс ялан дийлсээр байх болно” хэмээн шүлэглэсэн байдаг.
Цэл залуухан насаа эх орныхоо төлөө амиа өгч байгаа тэдэнд айдас, хүйдэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ. Тиймээс тэдэнд зориулж нисэх гэж байгаа гурван бүргэдийн хөшөөг мөн зориулж бүтээжээ.
Эх сурвалж: tolgoilogch.mn