БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр /2016.12.07/ мэдээлэл хийсэн юм.
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.
Монгол-Оросын кино өдрүүд болно
БСШУС-ын сайд Ж.Батсуурь айлчлалын хүрээнд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр соёлын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
- Хоёр улсын кино өдрүүдийг 2017 онд харилцан зохион байгуулахаар болов.
- Монгол Улсын Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-ын тал дэмжлэг үзүүлнэ гэв.
- Хоёр улсын сонгодог хөгжмийн тоглолтыг харилцан зохион байгуулахаар болов.
- Хоёр улсын соёлын өдрүүдийг 2018 онд өргөн цар хүрээтэйгээр харилцан зохион байгуулахаар тохиров.
- ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
ОХУ-ын дасгалжуулагч нар манай улсад гэрээгээр ажиллана
БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын I орлогч дарга, ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч А.Д.Жуков, Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын байнгын хорооны дарга М.В.Дегтярев нартай арваннэгдүгээр сарын 29-нд, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобковтой арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тус тус уулзав. Улмаар хоёр улсын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр спортын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
- Спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт 2017 оны долдугаар сард гарын үсэг зурахаар болов.
- Хоёр улсын Үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулахаар харилцан тохиролцов.
- ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг манай улсад гэрээгээр ажиллуулахаар болов.
- Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, төрийн байгууллагын болон спортын холбоодын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургах, мэргэшүүлэхээр болов.
- ОХУ-д өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэгдүүлэхээр болов.
- Монгол Улсад 2020 онд зохиогдох “Азийн хүүхдийн спортын наадам”-д шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургана
Айлчлалын хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзлаа. Мөн энэ өдөр ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэд дарга Г.Д. Юрьевичтай албан ёсны уулзалт хийв. Энэ хүрээнд боловсролын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
- 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургах болов.
- ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулахаар болов.
- Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, ОХУ-ын ерөнхий боловсролын гэрчилгээ хүлээн авдаг ерөнхий боловсролын сургууль (ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос-Монголын хамтарсан III сургууль) төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС-д түшиглэн байгуулахаар болов.
- Мөн эдгээр сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулахаар болов.
- Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр МУБИС-д байгуулахаар болов.
- Орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэхээр болов.
- Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг ОХУ-д зохион байгуулахаар боллоо.
Залуу судлаачдыг ОХУ-д судалгаа хийх боломжоор хангана гэв
Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ОХУ-ын “Суурь судалгааны сан”-гийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд био анагаах, газар зүй гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр дараах арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцов.
- Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан хамтарсан олон улсын хурал зохион байгуулахаар болов.
- Хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
- Палентолог, геологи, биологийн хамтарсан экспидицийг үргэжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
- Монгол Улсын залуу судлаачдыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хамтарсан судалгаа хийлгэх, дадлагажуулах, сургалтад хамруулахаар боллоо.
БСШУСЯ