Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.
Тэрбээр, Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 2 дугаар зүйлийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.19 дэх заалттай нийцүүлэх, мөн тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсгийн заалтын дугаарыг өөрчлөх саналыг хуулийн төсөлд тус тус орхигдуулсныг нэмж тусган, өөрчлөн найруулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хуралдааны явцад гишүүдээс нэмж санал гаргаагүй.
Мөн гишүүн Ё.Баатарбилэг дагаж мөрдөх хугацааны талаар асуулт асуухад төсөл санаачлагч төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөл хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа талаар танилцууллаа хэмээлээ. Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулсны дараа байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлсэн юм.