-С.Зоригийн аллага захиалагчгүй гэв үү-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдаад 18 жил өнгөрч байна. Анхнаасаа энэ
хэрэг улстөрийн захиалгатай байсан гэдгийг хэн хүнгүй хэлдэг. С.Зоригийг алагдахын өмнөх улстөрийн нөхцөл байдал, бүлэглэлүүдийн ашиг сонирхлын тэмцэл болон зарим нэг баримтууд энэ хэргийг захиалгатай байсан гэдгийг гэрчилдэг.
Тиймдээ ч өдий 18 жил илрэхэд нь саад хийж хав дарж байв. Тэгвэл 18 жилийн дараа сая нэг юм С.Зоригийн хэргийг шүүхээр боллоо. Мэдээж шүүх хурал хаалттай явагдана. Шүүх хурлаар С.Зоригийг хөнөөсөн хүмүүс зохих шийтгэлээ хүртлээ гэхэд энэ хэргийн захиалагч буюу цаад эзэн нь илрэхгүй байх маш өндөр магадлалтай байна.
Ерөөсөө Монголын нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн цагаас эхлэн улстөрийн ашиг сонирхлын төлөө хүний аминд хүрсэн цөөнгүй хэргүүдийн анхных болсон С.Зоригийн хэргийн үнэн мөнийг заавал илрүүлж, цаад эзнийг нь тогтоох ёстой. С.Зоригоос эхлэлтэй төрийн өндөр албан тушаалын цөөнгүй хүнийг “цааш нь харуулсан” байдаг.
Тэр бүгдээс нэг нь илрээгүй бөгөөд С.Зоригийг хэргийн цаад эзнийг тогтоож байж гэмээнэ дараа дараагийн хэргүүдийн цаад эзэд тодорхой болох учиртай. Тэгтэл нууцын зэрэглэл нэрийн доор улстөрийн захиалгатай хэргүүдийг дарж өнгөрдгийн адилаар С.Зоригийн хэрэгт ч мөн дээрээс анхаарал хандуулж, өмгөөлөгчдийг Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өгөхгүй байх гарын үсэг зуруулж амыг нь таглажээ.
Одоо энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд өглөө 10:00 цагаас эхлэх С.Зоригийн хэргийн шүүх хурлаас гарах шийдвэрийг харах л үлдэж байх шив.
Төгс